“Дүнжингарав” “Шөнөжингарав” болсон нь зэрлэг цэнгэлд дуртай уяачдаас болжээ

“Дүнжингарав” хурдан морины хаврын уралдаан энэ сарын 17-18-нд боллоо. Энэхүү уралдааны үеэр уяачдын хооронд ширүүн маргаан үсч, зодоон цохиондоо тулсан, хүүхдүүд унаж гэмтэж бэртсэн гэх асуудал олон нийтийг бухимдуулж, хүмүүс хамгийн түрүүнд буруутныг тодруулж жигших “ажил”-даа гарцгаав. Мэдээж хэрэг, тэдний олж тодруулсан мөнөөх “Хойд талын хар овоохой” нь УИХ-ын дарга М.Энхболд, түүний хүү Э.Анар нар. Учир нь спикер М.Энхболдын хувьд Монголын морин спорт, уяачдын холбооны ерөнхийлөгч. Тэгэхээр үйл явдалд дөрөөлж улстөржих гэсэн нөхөд түүнийг хамгийн түрүүнд онилолгүй яах вэ. Сошиал дахь мэдээлэлтэй, мэдээлэлгүй, үйл явдлын учир начрыг сайн ойлгоогүй нөхдийн эгдүүцэл, бухимдал хоёр дээр дөрөөлж тэд М.Энхболдын эсрэг улс төрөө өнгөрсөн өдрүүдэд хийлээ. Гэвч УИХ-ын дарга М.Энхболд “Дүнжингарав” уралдаан болох үеэр гадаадад томилолттой явснаа мэдэгдэж, олон нийтээс уучлалт гуйв. Монголын морин спорт, уяачдын холбооны нарийн бичгийн дарга П.Сэргэлэн, “Дүнжингарав” уралдааныг зохион байгуулах комиссын дарга Ш.Лхамсүрэн нар өчигдөр мэдээлэл хийж, чухам юу болсон талаар дэлгэрэнгүй ярьснаар олон нийтийн бухимдал бага ч атугай намжаад байна.

            УИХ-ын дарга М.Энхболд хэдийгээр асуудлын гол бай болж, олон нийтэд чичлүүлж байгаа ч тэрбээр “Монголын морин спорт, уяачдын холбооны ерөнхийлөгчөөс чөлөөлөгдье” гэдгээ өнгөрсөн онд мэдэгдэж, холбооны ажилд төдийлөн оролцохоо больсон ч орных нь хүнийг хараахан тодруулаагүй байгаа аж. МАН сөрөг хүчин байхдаа “Аль ч улстөрч, улс төрийн хүчинтэй ойлголцож чаддаг, намыг нам шиг авч явах хүч, нөлөөтэй хүнийг даргаараа сонгоё” хэмээн байр суурь нэгдэж, М.Энхболдыг даргаараа сонгож байсанчлан уяачид “Морин соёлыг ойлгож, дээдэлдэг нийгэм, улс төрийн зүтгэлтнээр холбоогоо удирдуулъя. Холбооны ерөнхийлөгчид яг тохирох хүн бол УИХ-ын дарга М.Энхболд та. Тиймээс энэ ажлаа өгөлгүй түр байж байгаач” гэж хүссэн юм байна. Гэвч манай манлай уяачид холбооныхоо ерөнхийлөгчийг гадаадад томилолтоор явсан хойгуур “Дүнжингарав” уралдааныг зохион байгуулж хэл ам дэгдээсэн нь тэр. Ер нь хурдан морины хаврын энэ удаагийн уралдааны үеэр яг юу болсон бэ.

            Монголын морин спорт, уяачдын холбооны дэд ерөнхийлөгч П.Сэргэлэн, “Дүнжингарав” уралдааныг зохион байгуулах комиссын дарга Ш.Лхамсүрэн нарын ярьснаар, хурдан морины уралдааны үеэр жипний уралдаан давхар болжээ. Албан ёсны мэдээлэлд дурдсанаар, 15 мянган машин, 40 мянган иргэн үзэж сонирхсон байна. Энэ олон машин морьдтой зэрэгцэн давхисан гэхээр хүүхэд, морь хоёрт хэр түвэг учруулж, талаар нэг тоос дэгдээн үзэгдэх орчныг нь яаж хязгаарлаж байсан нь тодорхой. Уралдаан зохион байгуулагчдын мэдээллээс харвал, тэд унаач хүүхдүүдэд анхаарал тавиагүй биш тавьсан байна. Учир нь холбогдох журмын дагуу 12 наснаас доош насны хүүхдүүдийг уралдуулахаа больсон. Тиймээс “Дүнжингарав” уралдааныг зохион байгуулагчид “Журам зөрчихвий. 12-оос доош насны хүүхдүүдийг уралдуулахвий” гэж болгоомжилсны үүднээс хол, ойроос ирсэн хүүхэд бүрийн бичиг баримтыг шалгаж, хурууны хээг нь аван багагүй цаг алдсан байна. Энэ удаад 304 хүүхэд уралдсан гэхээр цаана нь хэчнээн хүүхэд насныхаа ангиллаар хасагдаж үлдсэн байх вэ. Нэгтгэн тооцож үзвэл маш олон хүүхдийн бичиг баримтыг зохион байгуулагчид шалгаж, өдөржин юм болсон нь тодорхой. Энэ ажилд Гэр бүл, хүүхэд, хөгжлийн төвийнхөн ч туслалцсан байна. Ингээд оройтжээ.

            Зохион байгуулагчдын зүгээс “Уралдаанаа маргааш болтол хойшлуулъя” гэдэг санал гаргасан ч аймаг, хотоос ирсэн уяачид “Хонох газраас эхлээд хүндрэл бэрхшээл байна” гэж зөрүүдэлсээр гарааны зурхайгаас морьдоо гаргаж, хүмүүсийн хэлдэгчлэн хяналтаас гарчээ. Морь, машины уралдаан ч зэрэгцэж, нар ч жаргаж. Монгол, эрлийз адуугаа ялгахтай манатай болсон байна. Уралдааны үеэр хүүхдүүд мориноосоо унасан гэх мэдээлэл ч нэгэнт олны сонорт хүрсэн. Харин хурдтай давхиж буй морь жижиг машиныг мөргөж, хүүхдүүд нь газар унаж буйг харуулсан бичлэг “Дүнжингарав”-ын дуулианы үеэр сошиалд цацагдсан нь үйл явдалтай хамаагүй, Өвөрмонголд болсон уралдааны бичлэг аж. Ямартай ч холбооны ерөнхийлөгчөө эзгүй хойгуур уралдаан зохион байгуулж, хариуцлага алдсан П.Сэргэлэн, Ш.Лхамсүрэн нар “Хариуцлагаа хүлээе” гэдгээ өчигдөр мэдэгдлээ. Харин хариуцлага хүлээх ёстой жинхэнэ эзэн нь хэн бэ. “Дүнжингарав” уралдааныг зохион байгуулах комиссын дарга, Барилга, хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн үү, аль эсвэл хонох газар байхгүйгээрээ далимдуулж гарааны зурхайгаас морьдоо давхиулсан мөнөөх дураараа уяачид уу... Энэ дуулианыг дэгдээсэн манлай уяачдыг тодруулж, хариуцлага тооцохгүй бол алийн болгон тэдний зэрлэг цэнгэлийг өөгшүүлж, ардын хүүхдүүдийг насан туршид нь бэртэл гэмтэлтэй болгож хохироох вэ. Үйл явдал, түүнтэй холбоотой мэдээллээс харвал “Дүнжингарав” “Шөнөжингарав” гэгдэх болсон нь М.Энхболдоос биш, уяачид дур зоргоороо авирласнаас үүдэлтэй аж. Сошиалд хэн нэгэн нь үнэн, худал нь мэдэгдэхгүй мэдээлэл цацмагц түүнийг нь өлгөж аваад шуурдаг мөнөөх “Хар масс”-ын сэтгэхүй дээр улс төр дэх бүлэглэлүүд хэрхэн тоглодог нь ч бас энэ өдрүүдэд харагдлаа.   

А.Энх

 

  

 

  • Шинэ
  • Их уншсан