“М.Энхсайханыг Тавантолгойн ордтой холбоотойгоор шалгаж байгаа” гэв

Монгол Улсаас Шведийн вант улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Энхсайханыг АТГ яллагдагчаар татсан тухай мэдээлэл энэ сарын эхээр хэвлэлүүдэд гарсан. Тийм учраас АТГ түүнийг долоо хоногийн дотор эх орондоо ирж яллагдагчаар татсан тухай тогтоолд гарын үсэг зурж, мэдүүлэг өгөхийг шаарджээ. Элчин сайд М.Энхсайхан дурдсан хугацаанд ирж чадаагүй ч Монголд ирж өнөөдөр (2018.03.26) мэдүүлэг өгч байгаа талаар АТГ-ынхан мэдээллээ. М.Энхсайхан нь 2014 онд Тавантолгой нүүрсний ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг бэлтгэх үедээ Монгол Улсын холбогдох хэд хэдэн хууль тогтоомжийг зөрчсөн гэж хуулийнханд шалгагдах болсон талаар хэвлэлүүд мөн мэдээлсэн. АТГ-ынхан энэ талаар өнөөдөр “М.Энхсайхан байцаалт өгч байна. Тавантолгой орд газрыг ашиглах төслийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байхдаа албан тушаалаа ашигласан уу гэдгийг Нийслэлийн прокурорын газраас шалгаж байгаа” гэлээ. Харин М.Энхсайханыг яллагдагчаар татсан тухайд холбогдох албаныхан үгүйсгэлээ. 

Ч.Өнөржаргал

  • Шинэ
  • Их уншсан