С.Зоригийг хөнөөсөн хэрэг “Эрдэнэт” үйлдвэр, “Увс” бүлэглэлтэй холбоотой юу

УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч агсан С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт гурван иргэнийг буруутгаж шүүхээс шийтгэл оноосон. Хууль хяналтынхан өдгөө энэ хэргийн захиалагчийг илрүүлэх ажиллагаа явуулж байгаа гэх мэдээлэл бий. УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Ж.Батзандан нар өнгөрсөн оны арваннэгдүгээр сард “Захиалагчийг 14 хоногийн дараа зарлана. Засгийн газарт санал оруулна” гэж мэдэгдэж байсан ч одоо болтол зарлаагүй байна. “Хавтаст материалын зарим хэсгийг ил болголоо” гэсэн ч ард түмэн үнэнийг мэдээгүй хэвээр. Гэсэн хэдий ч олон нийтийн зүгээс “Захиалагч нь хэн бэ” гэх асуултын хариултыг нэхэж, хэвлэлүүдэд энэ талаарх албан бус, таамаг төдий, бүр ноцтой гэмээр мэдээллүүд ч гарах боллоо. Тухайлбал, “Хориотой бүс” сонины 2018 оны №06 (153) дугаарт “С.Зоригийн хэргийн захиалагч нь Увс хүн гэдгийг мэдсэн Ц.Нямдорж дороо дэвхцэх нь аргагүй” гэдэг нийтлэл хэвлэгджээ. Энэхүү нийтлэлд “Энэ хэрэг бол “Эрдэнэт”-тэй холбоотой” гэж С.Зориг агсны ээж Г.Доржпалам агсан нэгэнтээ хэвлэл мэдээллийнхэнд ам алдаж байсан. Үнэхээр энэ яриаг батлах мэт хүйтэн зэвсэг агссан алуурчид Дэд бүтцийн сайдын гэрт дайран орж ирээд “Энэ бол “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой шүү. Дараачийнх нь Бат-Үүл” гэж цорын ганц гэрч Б.Булганд сануулсан байдаг. Гэхдээ эл хэргийг эрх баригч МАХН болон хүчний байгууллагын зүгээс МҮАН-ын зарим лидертэй холбох гэж нэлээд олон жил зууралдаад чадаагүй нь сэжгийг хаанаас, хэн үйлдсэн байж болохыг  битүүхэн сануулдаг. Хэрэг гарсны дараа Ерөнхий сайд Ц.Элбэгдоржийн урилгаар ирсэн Америкийн Холбооны мөрдөх товчооны криминалистик багийнхан Монголд долоо хоног ажиллаад буцахдаа “Энэ хүний алллага Монголын хамгийн баян хүнтэй ямар нэг сэжмээр холбоотой юу? Тэр баян хүний эрх ашгийг талийгаач зөрчсөн үү” гэж асууж байсан гэдэг. Үнэхээр тэр үед хамгийн баян хүн нь Ш.Отгонбилэг байсан бөгөөд Дэд бүтцийн сайдын үүрэг даалгавраар “Эрдэнэт” үйлдвэрт байн байн шалгалт оруулж, төр мэдэлдээ аваад байсан юм. Зарим эх сурвалжаар Ерөнхийлөгч Н.Багабанди С.Зоригийг дуудаж уулзаад “Чамайг Ерөнхий сайдаар тавья. Чи харин “Эрдэнэт” үйлдвэрийн асуудалд оролцохгүй, Ш.Отгонбилэгийг оролдохгүй байж чадах уу” гэж асуухад Дэд бүтцийн сайд “Би “Эрдэнэт” үйлдвэрийг шалгаж, булхай луйврыг нь илрүүлнэ” гэж эрс гөжүүдэлж суужээ...” гэж дурдсанаас гадна тухайн үед “Эрдэнэт” үйлдвэрт өрнөж байсан зарим үйл явдал, нэр бүхий хүмүүсийн талаар өгүүлжээ. Түүгээр ч зогсохгүй “С.Зоригийг хөнөөсөн хэрэгт “Увс”-ын гэх хүн холбоотой гэж үү” гэх ноцтой таамаглалыг дэвшүүлсэн байна.    




  • Шинэ
  • Их уншсан