Налайх дүүргийн хүүхдийн эмнэлэг иж бүрэн тоног төхөөрөмжтэй боллоо

Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайханы санаачлагаар Налайх дүүргийн хүүхдүүд өнгөрсөн онд шинэхэн эмнэлэгтэй болсон. 5 сарын хугацаанд сүндэрлэн боссон 50 ортой хүүхдийн эмнэлэг ашиглалтад орсноор хүүхдүүд ая тухтай орчинд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг авч байгаа юм.

БНХАУ-ын Энхтайван Найрамдлын сан, Хангарьд Улаанбаатар ТББ-аас хамтран хөрөнгө оруулалт хийж барьсан хүүхдийн эмнэлгийн нээлтийн үеэр БНХАУ-ын Энхтайван Найрамдлын сангаас тус эмнэлэгт 1 сая юаны тоног төхөөрөмж нийлүүлнэ гэдгээ илэрхийлсэн. Энэ амлалт биелэлээ олж Налайхын 50 ортой хүүхдийн эмнэлэг иж бүрэн тоног төхөөрөмжтэй болж байна.

Нярайн инкубатор, хагалгааны иж бүрэн тоног төхөөрөмж, нярайн шалгалтын фото аппарат, монитор, дуслын болон тарилгын автомат шахуурга, нярайн шаралт хэмждэг багаж зэрэг нэн чухал шаардлагатай 201 ширхэг аппаратыг гардуулан өглөө.  
Энэхүү үйл ажиллагаанд ЭМЯ-ны дэд сайд Л.Бямбасүрэн, Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Шин Хаймин, Хангарьд Улаанбаатар ТББ-ын тэргүүн Г.Ганбаяр, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, нийслэлийн ЭМГ-ын дарга н.Төмөрбаатар нарын хүндэт зочид оролцлоо.
Одоогийн байдлаар тус эмнэлэгт 53 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Ашиглалтад орсон 10 сараас хойш 1100 орчим хүүхэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан бол, хүлээн авахаар 5000 орчим хүүхэд үзүүлжээ.


  • Шинэ
  • Их уншсан