Ц.Бат инженер намчдыг халз тулаанд дуудлаа

Зам, тээврийн сайд Ж.Бат-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт “МИАТ” ТӨХК-ийн захирлыг солих гэж байна. Энэ томилгоонд битгий улстөржиж хандаарай. Надад товлосон хүн бий. Нуух шаардлагагүй. Надад өөрийнхөөрөө ажиллах боломж олгож “МИАТ”-ийн захирлыг солиход минь Ерөнхий сайд нөлөөлөхгүй гэдэгт итгэлтэй байна” гэх мэдэгдлийг хэвлэлээр дамжуулан хийлээ. Үүнтэй зэрэгцэн “МИАТ”-ийн шинэ захирал хэн бэ” гэх асуулт олон нийтийн дунд бий болов. Эх сурвалжуудын зүгээс “Ж.Бат-Эрдэнэ сайд Д.Баттөр гэж өмнө нь Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан найзаа зүтгүүлж байгаа” гэх мэдээллийг өгч байгаа бол зарим нь “ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар Японд Элчин сайдаар томилогдох гээд Ерөнхийлөгчид “гологдсон” Г.Тэнгэрийг “МИАТ”-ийн захирал болгохоор зэхэж байна” гэв. Аль аль нь албан бус мэдээлэл ч “Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Баттөрийг “МИАТ”-ийн захирлаар томилохоор МАН-ынхан тохиролцсон” гэж учир мэдэх хүмүүс ярьж байна. Ийнхүү төрийн өмчит нэгэн компанийн захирлын төлөөх марафонд огцорсон, гологдсон хоёр эрхмийн нэр дуулдахтай зэрэгцэн янз бүрийн таамаг хөвөрч эхэллээ.  

            Төрийн өмчит компанийн захирал болно гэдэг аль ч яамны сайдаас дутахгүй эрх мэдэлтэй, хөрөнгө мөнгө захиран зарцуулах эрхтэй, албан тушаалын “бялуу”-ны амттай хэсэг нь. Эдлэх хангамж, авах цалинг нь сайдын сарын цалинтай харьцуулшгүй. Тийм ч учраас УИХ-ын гишүүд, сайд, дарга нар хамаатан саднаасаа эхлээд ойр дотныхон, хамтран ажиллаж байсан үнэнч албатууд, нам, фракци нэгт найзуудаа төрийн өмчит компанийн захирлын суудалд зүтгүүлдэг. Үе үеийн эрх баригчид аль өнгөтэй, мөнгөтэй рүү нь зүтгүүлснээр төрийн өмчит компани гэдэг намын тавиулуудын хувьд амралтын газар, ээлж өнгөртлөө идэх “Өдөр өнжүүлэх газар” мэт болчихоод байгаа. Төрийн өмчит компаниудыг тэд “Их мөнгө идэх газар” гэж ойлгож, онилохын хэрээр тухайн байгууллага, салбарын ажил унаж буй жишээ ч олон бий. Сонгуульд олонхи болсон намууд эрх барих дөрвөн жилийн хугацаанд намчин-тавиулуудынхаа дунд “Нэг, хоёр, гуравдугаар ээлжийнхэн хоолондоо! хэмээх уралдаж “идэх” уралдааныг зохион байгуулдгаас биш тэдэнд нийтийн эрх ашиг, салбар, тэр ч атугай Монголын хөгжил түй ч хамаагүй мэт. Найзаас фракцид, фракциас намд, намаас төрд халдварлан бугшсан энэ үзэгдлийн уршгаар Монголын нийгэмд “Намчид ба тавиулууд” гэх гаж давхарга үүссэн нь ч нууц биш. Аалзны тор мэт хэрэх тэдний ашиг сонирхлын сүлжээ мэргэжлийн, чадварлаг боловсон хүчнүүдийн өсч дэвжих замыг боомилж, “Профессионалиуд хойшоо. Намчид урагшаа” болчихоод байна.   

            Тэрслүү инженер Ц.Бат “МИАТ”-ийн захирлыг солих талаарх сайдын мэдэгдлээс үүдэж, намчдыг халз тулаанд дуудлаа. Тэрбээр намчирхал, улстөржилт, уран цэцэн популизмаар биш “Профессионалиуд, намчид хоёрын хэн нь илүү хүчтэй вэ” гэдэг бенчмаркийг тогтоохоор намчид, намын тавиулуудын эсрэг зарлаагүй дайны оршлыг сошиалд эхлүүлэв. Ц.Бат инженер “Ерөнхий сайд “Хамтдаа хөгжье” гэж зарласан учир би өөрийгөө МИАТ-ийн гүйцэтгэх захиралд санал болгож байна. Би КИИГА-д нисэх онгоцны инженер, Гриффит их сургуульд нисэхийн менежмент мастер, Бонд их сургуульд хуулийн чиглэлээр доктор, МкГилл их сургуульд нисэх, сансрын эрх зүйгээр суралцсан. 25 жилийн ажлын туршлагатай” гэж мэдэгдээд зогсохгүй “Баруунд боловсорсон, МИАТ-ийн мэргэжлийн нисгэгч, онгоцны инженерүүдийн нэр СЕО-д яригдвал би шууд нэрээ татаж зам тавьж өгнө. Харин намын тавиулуудын нэр гараад ирвэл шавар хааж өрсөлдөх болно. МИАТ бол олон улсын бизнес. Бүх захирал нь дэлхийн түвшинд ажиллаж байу өрсөлдөж чадна” гэж твиттер хуудастаа бичжээ. Ц.Бат инженерийн зөв! Өрнө, дорнод өндөр боловсрол эзэмшсэн залуусын өмнө яахаараа дандаа дарга, сайд нарын хамаатан садангууд чихцэлдэн орж байх ёстой гэж. Төр, төрийн өмчит компаниудын удирдлагын суудлыг намчид, тэдний тавиулууд эзэлж, мөнөөх мэргэшсэн боловсон хүчнүүд нь Өмнөд Солонгост очиж хар ажил хийсээр байх гэж үү! Ийм шударга бус, хөгийн доромжлолыг халах цаг болсон шүү, залуус аа. Тэгэхээр Ц.Бат инженерийн эхлүүлсэнчлэн намчдаар биш, профессионалиудаар удирдуулах “хувьсгал”-ыг салбар, салбартаа хийцгээе. Профессионалиудын эрин үеийг ийнхүү эхэлж “МИАТ”-ээс эхлээд салбараа, салбараа хөгжүүлээд улс орноо хөгжүүлэх их аянд гарцгаая. Тэрслүү инженер Ц.Батын энэ бенчмарк бол албан тушаалын төлөөх байдаг л нэг тулаан биш, эх оронч үзлийн илэрхийлэл юм шүү.

 


 

  • Шинэ
  • Их уншсан