“Ц.Нямдорж Хятадын тусгай албадтай холбогдсон” гэх хэргийг улсын нууцаас гаргасан гэв үү

         “ТЕГ оны дараахан Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржтой холбоотой нэгэн дуулиант хэргийг улсын нууцаас гаргасан” гэх мэдээлэл хэвлэлийнхэн дунд тарлаа. Энэ нь генерал Ж.Баатарын зүгээс “Ц.Нямдорж Хятадын тусгай албадтай холбогдож байсан нь хөдөлшгүй баримтаар тогтоогдчихсон” гэж хэвлэлээр хэдэнтээ мэдэгдсэн хэрэг юм. Олон нийтийн дунд “Монголын парламентын брэнд” гэж өргөмжлөгддөг сайд Ц.Нямдорж, генерал Ж.Баатар нарын хооронд дэгдсэн энэ тулаан 2000 оны эхэн үеэс ид ширүүссэн гэж тооцвол өдгөө 18 жил болж байна. Генерал Ж.Баатар 2000 онд тухайн үеийн МАХН УИХ-д үнэмлэхүй олонхи болж, Ц.Нямдорж Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдон ажиллаж байх үед энэхүү ноцтой асуудлыг олны сонорт хүргэснээрээ буруутаж “Улсын нууц задруулсан” гэх хэргээр хоригдож байлаа. Өөрт нь холбогдох хэргийн шүүх хурал хэрхэн явагдсан талаар генерал Ж.Баатар “Намайг цаазаар авдаг хүн шиг өвч бүрэн зэвсэглэсэн, давхар давхар харуул хамгаалалттайгаар Төв аймгийн шоронгоос Ганц худагт авчирсан шүү дээ. Сүүлд сонсоход, ШШБЕГ, цагдаа, тагнуулынхан шөнөжин түргэн аваад бэлтгэл хийсэн юм билээ. Тэндээс хот хүртэл харуул хамгаалалт гаргаад яг үүрээр авч очиж байгаа юм. Тийм сүржин. Цонхоор юу ч харагдахгүй, хөшигтэй пургонд намайг суулгасан. Хаашаа явж байгаа нь мэдэгдэхгүй. Буутай, багтай, АКМ буугаар зэвсэглэсэн залуус очиж авсан. Ганц худагийн шүүх хуралд ороход гар гавтай. Металл эрэгчээр миний биеийг шалгасан. Ухаандаа би шүүх хуралд тэсрэх бөмбөгтэй орж, Ц.Нямдоржтой хамт өөрийгөө дэлбэлнэ гэж бодсон юм байлгүй. Металл эрэгч нь гэнэт тачигнатал эргэн тойронд байсан харуулынхан сандарч байна гэж нөхцөлгүй. “Наадахь чинь жинсэн өмдний кнопыг мэдрээд дуугарч байна” гэж сая тайвширцгааж байгаа юм. Ганц худагийг хэдэн давхар тагнуул, цагдаагийнхан бүсэлсэн гэдгийг таньдаг хүн хэлнэ лээ” гэж “Зууны мэдээ” сонинд 2010 оны тавдугаар сард өгсөн ярилцлагадаа дурджээ. Сэтгүүлч түүнээс “Хорихын ажилчид Ц.Нямдоржид хоол барьж гүйж, үндсэндээ түүний эрх мэдэл дор шүүх ажиллагаа явагдсан гэдэг” гэж асуухад Ж.Баатар генерал “Ц.Нямдорж “Ж.Баатар АН-ын гишүүн учраас тэр намтай нийлж төр эргүүлэх гэж байна” гэж байсан. Ц.Нямдорж чинь нүд мүд нь хачин болоод шүлс нь хатаад уруулаа хэлээрээ долоогоод хүн рүү дайрахаараа нэг их муухай болдог юм билээ. Тэгж дайрсаар байгаад шүүхийг ерөнхийдөө Ц.Нямдорж удирдаад явчихсан шүү дээ... Албан тушаалаараа надад заналхийлж байгаа нь тэр” хэмээн хариулсан байна. Эрхэм генерал энэхүү ярилцлагыг өгснөөс хойш долоон жилийн турш чимээгүй байсны эцэст өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 11-нд нэгэн захидлыг олны сонорт хүргэсэн юм. Ж.Баатар генерал тэрхүү захидалдаа “...ХХ зууны төгсгөл 90-ээд оноос “Хятадын олон улсын соёлын солилцооны төв”, мөн пүүс компани бизнес, хувийн хэргээр зорчигчид зэрэг халхавчаар Хятадын тагнуулчид Монгол Улсыг тагнан турших, түүгээр ч үл барам Монголын төрийн бодлогод нөлөөлөх зорилгоор манай зарим иргэнийг элсүүлж монголчууд биднийг хэтэрхий басамжлах болсон юм. Үүний нэг тодорхой баримт бол Хятадын тагнуулчид Соёлын төвийн халхавчаар Ц.Нямдоржийг Хятадын тагнуулд элсүүлсэн ажиллагаа болно. Ц.Нямдоржоор дамжуулан Монголын улс төрд нөлөөлөх, Монголын нийгэм улс төр, эдийн засгийн асуудлаар мэдээ олж авах зорилт тавьж энэ санаархлаа ч тэд биелүүлж чадсан. Энэ бол Монгол Улсын аюулгүй байдал, ард түмний эрх ашигт шууд халдсан асуудал. Монгол Улсын эсрэг чиглэсэн Хятадын тагнуулчдын маш нууцлагдсан ажиллагаануудын нэг болох Ц.Нямдоржийн Хятадын тагнуулын гар хөл болсон асуудлыг шалгаж өгөхийг хүсэж төр засгийн дээд байгууллагад удаа дараа хандаж ирсэн билээ. Энэ асуудлыг дахин нягтлан шалгаж өгөхийг хүсэж 2016 оны арванхоёрдугаар сард Монгол Улсын прокурорын байгууллагад хандаж өргөдөл гаргасан юм. Прокурорын байгууллага миний өргөдлийг хүлээн авч шалгуулахаар Тагнуулын ерөнхий газарт шилжүүлжээ...” гэж дурдсан байдаг. Тэгэхээр ТЕГ Ж.Баатар генералын өргөдлийн мөрөөр Ц.Нямдорж сайд Хятадын тусгай албадтай холбогдсон эсэх тухай асуудлыг 2016 оны арванхоёрдугаар сараас эхлэн дахин нягталж, эцэст нь улсын нууцаас гаргаж шийдвэрлэсэн бололтой. Дуулиант 45 хуудас материалаас улбаатай Ц.Нямдорж, Ж.Баатар нарын энэхүү эцэс төгсгөлгүй дажингийн мөрөөр Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга нэгэн цагт сэтгүүлч байхдаа “Янгийнхаа ачийг яаж хариулна даа” гэх утгатай Ц.Нямдоржийн хэлснээс иш татан нэвтрүүлэг бэлтгэж байсан бол Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнгөрсөн долоо хоногт SBN телевизэд ярилцлагад өгөхдөө “Ж.Баатар генерал бол хэлмэгдсэн хүн. Тиймээс цолыг нь хураах үндэслэлгүй” гэсэн утгатай хариултыг өгсөн юм. Харин генерал Ж.Баатарыг хэзээ цагаатгах бол. ТЕГ Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржтой холбоотой дээрх асуудлыг улсын нууцаас гаргасан нь үнэн бол сайд, генерал хоёрын хэн нь энэ олон жилийн туршид үнэн, худал ярьсныг олон нийт хэзээ мэдэх бол... Ж.Баатар генерал “Өдрийн сонин”-д 2003 оны зургадугаар сард өгсөн ярилцлагадаа “Магадгүй, хэдэн жилийн дараа миний гаргасан шийдвэр зөв байсан нь тогтоогдож мэднэ” гэж хэлсэн байдаг. Харин Ц.Нямдорж сайдын тухайд “Намайг муучлах юм олдохгүй болохоор “Хятадын тагнуул” гэх сэдвийг байн байн сөхдөг” хэмээн ёжлонгуй хариулт өгсөөр олон жил болжээ.          

  • Шинэ
  • Их уншсан