С.Батболдын инженерийн шийдэл буюу “Хөгжлийн алтан гурвалжин”

        “Монгол яагаад Норвеги шиг хөгжиж болохгүй гэж, Ли Куан Ю загасчны суурин байсан Сингапурыг Азийн таван бар болгож чадсан байхад бид яагаад чадахгүй байна вэ, Пак генерал иргэний дайны хөлд нэрвэгдсэн Өмнөд Солонгос орноо үсрэнгүй хөгжлийн зам тийш хөтөлсөн, харин монголчууд... Бас тэр Дубайг хар. Үлгэрийн мэт энэ хотыг эзгүй цөлд цогцлоосон шүү дээ...”. Хөгжлийн загвар болсон улс гүрнүүдийн түүхийн талаар монголчууд өөр хоорондоо ийнхүү хэлэлцэж, хөгжихгүй байгаагийнхаа буруутныг өрөөлөөс хайж, эгдүүцэл, эсэргүүцэл, шүүмжлэлээ улстөрчид рүү чиглүүлэх нь цахим ертөнцөөр нэг. Өрнө, дорнод боловсрол эзэмшсэн сийрэг толгойтой хэсэг нь “Намчид, цүнхчидээ төрөөс шахаж, профессионалиудад орон зай гаргаж өг” хэмээн шаардах нь ч мэр сэр. Улсын Ерөнхийлөгч нь Монголын эдийн засгийн чуулган-2018-ын индрээс “Эдийн засгийн мухар гудамж”-нд нийтээрээ орсноо мэдэгдэж, гарах гарцаа тодорхойлж ядах зуур нийтлэлч Баабар “Монгол гэж хамтарч болдоггүй, хөнтөрч болдог. Нөхөрлөж болдоггүй, нурааж болдог нийгэм боллоо” хэмээн бухимдав. Харин шаварт суусан Монголын хөгжлийг зөв замд нь оруулахад хамтарч, нөхөрлөж болох мөнөөх профессионалиуд хаана явна вэ. Монгол төр хүлээн зөвшөөрөгдсөн профессионалиудаар үнэхээр дутлаа гэж үү?! Энэ асуултын хариултыг 1.4 сая хүн амтай Улаанбаатар хотыг удирдаж буй эрхмүүдээс хайцгаая. Хариултаа олохын тулд фокусаа нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд руу чиглүүлье.

            Сундуйн Батболд. Сөрөг хүчнийхний зүгээс түүнийг “Хотын амьдрал мэдэхгүй хөдөөний нөхөр” гэж шоглох нь бий. Харин нийслэлийн Засаг дарга С.Батболд хувь улстөрчийн тухайд, УИХ-ын гишүүнээр дөрвөн удаа сонгогдож, төрийн сайдаар хоёронтаа ажилласан нэн туршлагатай нэгэн. Улаанбаатар хот гэж хөрсөн дээр өндөр өндөр шилэн барилгатай, хүн ам нягт суурьшсан газар байхаас гадна хөрсөн дороо “Нийслэл хотын амь” гэж хэлж болохуйц дэд бүтцээс бүрдсэн бүхэл бүтэн хоттойг мартаж болохгүй. Хөрсөн доорх энэ хот үгүй бол хөрсөн дээр Улаанбаатар гэж хот хэзээ ч сүндэрлэж чадахгүй байсан нь тодорхой. Тэгэхээр юу гэсэн үг вэ. АН-ынхан 2012-2016 онд нийслэлийг багш мэргэжилтэй Э.Бат-Үүлээр удирдуулж байсан бол МАН олонхи болмогцоо инженер С.Батболдыг энэ албан тушаалд томилсон нь ёстой л нүдээ олсон томилгоо аж. “Тариаланчид тариаг тархиндаа ургуулдаг” гэдэгчлэн их хотыг удирдахад инженерийн ур ухаан ихээхэн шаардах нь тодорхой. Гэхдээ хотын мэр С.Батболдод нэг “сул тал” бий. Улс төрийн тайзыг популистууд эзэгнэж, хүний, өөрийн намынхан эрх мэдэл, албан тушаалд санаархаж элдвээр боорлож байсан ч таг дуугүй. Мөнөөх Э.Бат-Үүл шиг хотын төвд хэдэн тэрбум төгрөгөөр нэг наст цэцэг тарьчихаад сельфи хийж, сошиалаар нэг зургаа цацсангүй. Э.Бат-Үүл тэргүүтэн нийслэлийг удирдаж байхдаа Лениний хөшөөг нурааж, Сүхбаатарын талбайн нэрийг Чингисийн талбай болгон өөрчилж камерын улстөржилт хийж байсан бол С.Батболд хөшөө нурааж, талбайн нэр солих төдийхөн улс төр огт хийсэнгүй. Нийслэлийн өмнөх удирдлагууд өөрийнх нь эсрэг жагсаал цуглаан хийж байхад энд, тэндээс камер дуудаж өөрийгөө өмөөрсөнгүй. Энэ мэт “сул тал” нийслэлийн Засаг дарга С.Батболдод бий. Дээр нь чих зөөлөн.

            Популист бус, камерын улс төр хийж өөрийгөө рекламдахдаа тун муу энэ нөхөр өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотын иргэдийн төлөө яг ямар ажил хийв ээ. АН-ынхны хэлж байгаачлан нийслэл хотыг Э.Бат-Үүлээс муу удирдаад байна уу... Эргэлзээ, гайхшрал дүүрэн олон асуултаар сөрөг хүчнийхэн хийгээд иргэд инженер мэргэжилтэй хотын мэрийг ээрдэг нь нууц биш. Тэгвэл тэрбээр Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, нутаг дэвсгэрийн хөгжлийн тэнцвэрийг хангаж, хамтдаа хөгжих боломжтой Дархан-Уул, Орхон, Төв, Сэлэнгэ, Булган аймгийн хөгжлийг дэмжих зорилго бүхий концепцио 2018 оны тавдугаар сарын 21-нд танилцуулж, эдгээр аймгийн удирдлагуудтай санамж бичиг байгуулжээ. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотыг төвийн бүсийн эдийн засгийн гол тулгуур бүс болох таван аймагтай холбож хөгжүүлэх инженерийн шийдлээр энэхүү концепцио боловсруулсан аж. Хот, суурин газрыг олон улсын хөгжлийн туршлага, чиг хандлагаар бүсчлэн хөгжүүлэх “Алтан гурвалжин” загварыг амьдралд хэрэгжүүлснээр ямар ахиц дэвшил гарах вэ.

·         Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулна

·         Нийслэл рүү чиглэсэн их нүүдэл багасна

·         Нийслэлийн авто замын түгжрэл, агаарын бохирдол буурна

·         Ажилгүйдэл, ядуурал багасч, дээрх таван аймагт ажлын байр нэмэгдэнэ

·         Төв, Сэлэнгэ зэрэг газар тариалангийн бүсээс төмс, хүнсний ногооныхоо хэрэглээг 100 хувь хангана. Ингэснээр импортоор төмс, хүнсний ногоо авах авах шаардлагагүй болно.

·         Мал аж ахуй, газар тариаланд суурилсан үйлдвэрлэлүүд, өрхийн аж ахуйнууд шинээр бий болно.

·         Тээвэр, ложистик хөгжсөнөөр дагуул хотууд хөгжинө.

С.Батболдын санаачилсан “Хөгжлийн алтан гурвалжин”-г тал бүрээс нь ийнхүү тайлж, тайлбарлаж болохоор. Гэхдээ хотын ажил дундаршгүй. Дээр дурдсан бүхнийг түүний үед 100 хувь хийж гүйцээж амжихгүй ч шанг нь татаж, зөв чиглүүлэх төлөвлөгөөгөө С.Батболд ба түүний багийнхан хэдийнэ гаргажээ. Энэ бол хотын мэр С.Батболдын мөрөөдлийн жагсаалт биш. Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон Дархан-Уул, Орхон, Төв, Сэлэнгэ, Булган аймгийн Засаг дарга нарын 2017-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд хийх томоохон бүтээн байгуулалтын ажлууд юм. Улаанбаатар хот+Таван аймгийг хамтад нь хөгжүүлэх “Хөгжлийн алтан гурвалжин”-г бодитоор хэрэгжүүлэхээр энэхүү концепцийг санаачлагч, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ажлын хэсгээ ч байгуулжээ. Нэг жишээ дурдахад, инженер С.Батболдын концепцид багтсан аймгуудын нэг бол Төв. Тус аймгийн 20 гаруй сум нийслэлтэй хатуу хучилттай замаар холбогддог бол хэд хэдэн сум нь төмөр замын сүлжээнд багтдаг. Тиймээс “Нээлттэй бүс” нутгийн ерөнхий төлөвлөлтийг шийдүүлж, дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, шаардлага хангасан төсөлтэй хувийн хөрөнгө оруулагчдыг урьж байгаагаа саяхан зарлалаа. Үүнээс гадна Төв аймгийн эдийн засгийн гол тулгуур болсон мал аж ахуй, газар тариалан, сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс, жимсгэний үйлдвэрлэлийг сэргээж, экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх, малын тэжээлийн ургамлын тариалалт, үйлдвэрлэл болон мах, сүү, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнийг хатаах, хөлдөөх өндөр технологи бүхий үйлдвэр, агуулах барих сонирхолтой хөрөнгө оруулагчдыг ч бас урьсан юм. Өөр нэгэн онцлох томоохон бүтээн байгуулалт нь Төв аймгийн Баянжаргалан суман дахь нүүрсний орд газрыг түшиглэж өндөр хүчин чадал бүхий цахилгаан станц байгуулах төлөвлөгөөгөө хөрөнгө оруулагчдад танилцуулав. Зөвхөн Төв аймгаар жишээ авахад, хотын мэр С.Батболд “Хөгжлийн алтан гурвалжин” концепцио хэрэгжүүлэх ажлаа хэдийнэ эхэлсэн аж. Хамгийн сонирхолтой нь Төв, Улаанбаатар, Сэлэнгэ аймгийг газрын зураг дээрээс харвал гурвалжин хэлбэртэй байдаг аж. С.Батболд энэ бүхнийг инженер хүний нүдээр харж концепцио боловсруулсан нь тодорхой. Дээр нь туршлагатай парламентч байсны хувьд, холбогдох баримт бичгүүдийг боловсруулахад оролцож, УИХ-аар батлалцаж явсан учраас “Хөгжлийн алтан гурвалжин” концепцио яаж хэрэгжүүлэхээ маш сайн мэдэж байгаа биз ээ. Харин одоо түүнийг анхааралтай ажиглая. Улстөржиж, шүүмжлэхээсээ илүү инженерийн ур ухаанаар энэ хотын хөгжлийн бодлогыг зөв зүгт хэрхэн залж “С.Батболдын үлдээсэн өв” хэмээн хойч үедээ дурсагдах ажлуудаа хийх боломжийг нь олгоё. С.Батболд ба түүний багийнханд цаг тун бага байна. Тэдэнд итгэл хүлээлгэсэн нийслэлчүүдийн хувьд ч цаг хором бүхэн үнэтэй байна. С.Батболд гэдэг инженерийн ур дүйг “Хөгжлийн алтан гурвалжин” хэмээх концепцио яаж хэрэгжүүлэхээс нь л харцгаая. Улаанбаатар+Таван аймгийг хамтад нь хөгжүүлэх энэхүү ажлаас гадна С.Батболд ба түүний багийнхан гэр хороололд “Сервис центер” барих концепци, зам, гүүр барих зэрэг дэд бүтцийн томоохон ажлууд, хотын захиргааг Яармаг руу нүүлгэх, орон сууцны хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, цэцэрлэг, сургууль шинээр барих, цэцэрлэгт хүрээлэн шинээр байгуулах, Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, захуудыг нүүлгэх гээд түмэн ажилтай яваа. Товчхондоо, хотын мэрт улстөржиж, популизм хийх зав алга.       

Л.Номин

  • Шинэ
  • Их уншсан