Сайдын суудлаар шагнуулсан Д.Сумъяабазар хотын МАН-ыг авч гурван “Давхар дээл” нөмрөх үү

          Нийслэлийн МАН-ын хорооны 34 дүгээр Бага хурал удахгүй болно. Энэ хурлыг угтсан улстөржилт эрх баригч хүчин дотор эрчимжиж “2020 оны сонгуулиас өмнө хотод хэн нь эрх мэдлээ тогтоох вэ” гэдэг тэмцэл өрнөж байна. Хэдийгээр Бага хурлын 369 төлөөлөгч хотын намын хорооны даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй С.Батболдыг жинхлэх эсэхийг шийдэх учиртай ч МАН дахь “Төлгөн коммунистуудын фракци” яаж зүгээр суух вэ, албан тушаалын төлөөх улайрал болгож хувиргав. УИХ дахь АН-ын бүлгийн хорон үгтэй гишүүн Б.Пүрэвдоржоос “Төлгөн коммунист” хоч хүртсэн УИХ-ын гишүүн Х.Нямбаатар энэ “жүжиг”-т оройлон тоглож, хэвлэлээр шоу хийж эхэллээ. Зөрчлийн хуулийн автор болж “Хоёр дахь Нямдорж” болох гэсэн биш сэтгүүлчдийн эсэргүүцэл, хашир хуульчдын шүүмжлэлийн бай болж яваа тэрбээр тэрбумтан шүүгчдийг тодруулдаг баатар болох гэж ээлжит дүрдээ тоглоод эвгүй байдалд орсон. Шүүхийнхний авлигыг илчилж, энэ салбарт салхи оруулахаа мэдэгдсэн эрхэм гишүүн ШЕЗ, шүүгчдийн эсэргүүцэлтэй тулгармагцаа айж хулчийсан уу яасан дахиад энэ тухай дуугарахаа болив. Тэгвэл энэ удаад Х.Нямбаатар гишүүн хотын МАН-ын даргын төлөөх тэмцэл дээр “гал” нэмж, тойрог нэгт гишүүн, УИХ-ын 2016 оны сонгуулиар өөрийг нь дэмжсэн гэх Асашёорюү аваргын ах Д.Сумъяабазарын “Хэвлэлийн төлөөлөгч”-ийн дүрд тоглох боллоо. Аса аваргаар дэмжүүлж гишүүн болсныхоо өрийг төлж байгаа нь энэ бололтой. Өр төлөх улс төр хийнгээ С.Батболдыг “Хотын намын хорооны Бага хуралд жолооч, туслах тэргүүтэй 69 хүнийг оруулах гэж байна” гэж хэвлэлийнхэнд хов хүргэсэн тэрбээр намынхнаасаа багагүй шүүмжлэл хүртсэн аж. Учир нь тэрхүү 69 төлөөлөгч дунд хотын намын хорооны үе үеийн дарга нар урилгаар багтаж, дүүргүүдийн дарга, дэд дарга нар дүрмийн дагуу автоматаар ордог аж. Эрхэм гишүүн ийнхүү нэгэнд нь өрөө төлж, нөгөөг нь муухай харагдуулах гэсэн биш намын дүрмийн эсрэг улс төр хийж, намаа талцуулсан буруутнаар тодорсон сурагтай. 

            У.Хүрэлсүх танхимаа анх бүрдүүлэхэд Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс хэд хэдэн хүнийг сайдад санал болгосны нэг нь УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагах улстөржилтөд оройлон оролцож гавьяа байгуулаагүй тэрбээр хамгийн амттай “бялуу”-г хүртсэн нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын албан тушаалд томилогдсон явдал юм. Нэг ёсондоо, тэрбээр УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд гэх “Давхар дээл”-тэй болсон. Их аварга дүү нь Ерөнхийлөгчийн сонгуулиар Аса явуулын станц ажиллуулж, хөдөө, хотоор өдөр, шөнөгүй давхиж Х.Баттулгыг дэмжсэний шагналыг Д.Сумъяабазар хүртсэн гэхэд хилсдэхгүй. Харин одоо тэрбээр нийслэлийн МАН-ын хорооны даргын төлөөх марафонд нийслэлийн Засаг дарга, намын дүрэм ёсоор бол хотын намын хорооны даргын албан тушаалд шууд жинхлэх учиртай С.Батболдтой өрсөлдөхөөр зэхэж, хөшигний ард хор найруулж яваа дуулдана. Намын дүрэмд “Ялсан намын дарга Ерөнхий сайд болно” гэж заасан байдагчлан хотын МАН-ын хорооны даргын албан тушаалыг нийслэлийн Засаг даргаар ажиллаж буй эрхэм хаших ёстой байдаг ч бөх гишүүн шуналаа барьж дийлсэнгүй юү гурван “Давхар дээл”-тэй болохоор Төрийн ордны хашааг давуулан хот тийш “чулуу” шидэх болжээ. Хэн хаашаа “сүү” өргөнө вэ, тэр зүг рүү савчиж гүйдэг Х.Нямбаатар гишүүнийг энэхүү улстөржилтдөө овжин ашиглаж, өнгөрсөн хоёр жилд Сонгинохайрхан дүүргээ ч өөд татаж чадаагүй атлаа хотын МАН-ыг авах гэж улайрах нь юуны учир вэ. Нийслэлийн Засаг дарга С.Батболд хүн амын төвлөрөл ихтэй, хөдөөнөөс шилжин суурьшигсад олонтой Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийг хоёр хуваахаа мэдэгдсэн нь Сонгинохайрхан дүүргийг вант улсаа болгосон эрхэм гишүүний эгдүүг хөдөлгөв үү. Туслахаа тус дүүргийн Засаг даргаар залсан түүний хувьд гурван “Давхар дээл” нөмрөх өөр ямар шалтгаан байна вэ. Албан тушаалын төлөөх шунал гэж харвал арай л ичгэвтэр бус уу. Сонгогдсон тойрог болох төсвөөс тотацитай Сонгинохайрхан дүүрэгт нь ажилгүйдэл, ядуурал дээд цэгтээ хүрсэн, захын гэр хорооллууд нь нүд хальтрам, элдэв хүчирхийллийн гэмт хэрэг байнга шахам гардаг атал “Давхар дээлт” Д.Сумъяабазар, Х.Нямбаатар гишүүн хоёр сонгогчдынхоо төлөө юу хийв. Хотын МАН-ын хорооны даргын суудлыг булаацалдаж, хэвлэлээр богино зайны улс төр хийж гүйхийн оронд хийсэн ажлаа тайлагнавал дээрсэн. Өөр бас нэгэн мэдээлэл гэвэл, Засгийн газраас яамдынхаа ажилд үнэлгээ хийсэн сурагтай. Энэхүү “шалгалт”-аар Д.Сумъяабазарын удирддаг УУХҮЯ, БСШУСЯ, Эрчим хүчний яам болон Булган, Баян-Өлгий аймаг хангалтгүй үнэлгээ авсан гэх мэдээлэл бий. Магадгүй энэ нь уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн салбар хариуцсан Д.Сумъяабазар сайдад танхимынхнаас нь тавьсан дүн ч байж мэднэ. Эрхэм сайд сүүлийн үед Ерөнхий сайдаасаа ч том дуугарч, гадаад далайн эрэг дээр ярилцлага өгсөн шигээ өөрийгөө сурталчлах болсон.

Д.Мөнх

 

  • Шинэ
  • Их уншсан