Г.Баасан С.Баярын “өмгөөлөгч” болов уу

          Нэгэн үе Ахмадын чөлөөт холбооны тэргүүнээр ажиллаж, Төрийн ордны өмнө цагдаа заамдаж явсан Г.Баасан мэргэжил дээшлүүлж хуульч болсон. Тэрбээр өдгөө Ерөнхийлөгч Х.Баттулгын ивээлд багтаж АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөл буюу “АТГ-2”-ын даргаар ажиллаж байгаа. Жагсагч, заргач нөхдөөс бүрдсэн тус зөвлөлийнхөн АТГ-ынхантай хамтарч ажиллах гэхээсээ илүү Х.Энхжаргал тэргүүтэй нөхдөд хяналт тавьж сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж буй гэхэд болно. Хэрүүл зарга хийсний хүчинд АТГ-ын байранд өөрийн гэсэн өрөөтэй болсон Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан саяхан Ерөнхий сайд асан С.Баярыг яг хоригдож байгаа юу гэдгийг шалгах зорилгоор хорих байранд очиж “эргэсэн” удаатай. Үүнд нь олон нийт эгдүүцэж “Хүний мууд дурлагч Г.Баасан” гэх нэр ч өгсөн нь бий. Тэгвэл Ерөнхий сайд асан С.Баярыг нэг нүдээрээ үздэггүй шахам Г.Баасан гэнэт түүнд “хайр” зарлаж эхлэв бололтой. Тэрбээр АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн даргын хувьд өнөөдөр (2018.05.24) сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ “Ерөнхий сайд асан С.Баяр хорих 461 дүгээр ангид хоригдсон. Бид дөрөвдүгээр сарын 30-нд хоригдсон эсэхийг шалгаад олон нийтэд мэдээлсэн. Энэ сарын 3-ны өдөр АТГ-ын дарга Х.Энхжаргал түүнийг авчраад өрөөндөө оруулж дарамталсан байх магадлал өндөр байна. С.Баярыг авчраад мөрдөн байцаах ажиллагаа явуулсан бол тусгай камертай өрөөтэй байдаг. Түүнд мөрдөн шалгах ажиллагаа явуулах ёстой. Гэтэл Х.Энхжаргал мөрдөн шалгах ажиллагааны хуулийг зөрчиж, даваа байдлаа ашиглан С.Баярыг өрөөндөө оруулсан. “Яагаад оруулав” гэдгийг тогтоохоор “Камерын бичлэгээ өгөөч” гэсэн албан бичиг хүргүүлэхэд “Мөрдөн шалгах ажиллагаа учир та нарт хамаагүй” гэдэг хариу бичиг ирүүлсэн. АТГ-ын даргын өрөөнд мөрдөн шалгах ажиллагаа явуулах ёсгүй. Бид С.Баярыг Х.Энхжаргал дарамталсан гэж үзэж байна” гэлээ. Эндээс харвал Г.Баасан АТГ-ын дарга Х.Энхжаргалыг хардаж, муухай харагдуулах гэсэндээ ийм мэдээлэл хийв үү, аль эсвэл С.Баярыг өмгөөлж эхлэв үү гэдэг нь сонирхол татаж байна. Учир нь Г.Баасан тэргүүтэй Ерөнхийлөгчийн багийнхан өмнө нь “АТГ үнэхээр С.Баярыг саатууллаа гэж үү. Хорьсон нь үнэн үү” гэх эргэлзээгээ сошиал хуудсаар дамжуулан олон нийттэй хуваалцаж байсан бол удалгүй “АТГ-ын дарга Х.Энхжаргалын албан өрөөнд С.Баяр саатжээ” гэх шумыг дэгдээсэн. Харин өнөөдрөөс “Х.Энхжаргал С.Баярыг дарамтлав уу” гэсэн мессэж бүхий мэдээллийг олон нийтэд хүргэж эхэллээ.

  • Шинэ
  • Их уншсан