Б.Гүнбилэг: УИХ Ерөнхийлөгчийн зааснаар буруу палат руу буруу эмч явуулчихлаа

УИХ-ын чуулганы өчигдрийн (2018.05.24) хуралдааны эхэнд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай тогтоолын төслийг хэлэлцэж, Г.Туулхүү, Ш.Солонго, Б.Буяндэлгэр, Ц.Нанзаддорж нарыг томилсон юм. Чуулганы танхимд цэцийн гишүүдэд нэр дэвшсэн хүмүүсийн талаар санал шүүмжлэл хэлсэн гишүүд цөөн байв. Үг хэлсэн гишүүдийн ихэнх нь дэмжсэн аястай байсан юм.

Тэгвэл Цэцийн гишүүдийн талаар Хуульчдын холбооны ерөнхийлөгч асан, хуульч  Б.Гүнбилэг цахим хуудастаа байр сууриа илэрхийлснийг “Сошиалын сонин” буланд онцолж байна. Тэрээр “Үндсэн хуулийн цэцийн гишүүний томилгоо өнөөдөр чуулганаар орж батлагдлаа.
Өөрийн хэмжээнд Үндсэн хуулийн Жарантавдугаар зүйлийн 2-т заасан “Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй” гэсэн санааг тайлбарлая.
Улс төрийн сургууль юмуу, хуулийн сургуулийг хоёуланг нь төгссөн хүн байх ёстой гэж байгаа зүйл биш. Харин Үндсэн хуулийг тайлбарлах хүн бол улс төр, хууль зүйн онолын болон практикийн аль алины мэдлэгтэй байх ёстой гэсэн л санаа. Учир нь Үндсэн хуулийг уншихад улс төр, хууль зүйн мэдлэг шаарддаг. Хуульч хүн улс төрийн мэдлэггүйгээр Үндсэн хуулиа уншиж чадахгүй. Үндсэн хуулийн эрх зүй нь өөрөө ҮНДСЭН ХУУЛИЙН МЭДЛЭГ+УЛС ТӨРИЙН МЭДЛЭГ шаарддаг. Зүгээр хуулийн мэдлэг биш шүү.
Эсрэгэрээ улс төрч хүн Үндсэн хуулийн мэдлэггүйгээр Үндсэн хуулиа тайлбарлаж чадахгүй. Дээр нь Цэц нь өөрөө шүүх гэж байгаа учир хуулийн процесс ажиллагаа, арга зүй, техник эзэмшсэн байхыг шаардах учир ихэнхдээ мэргэжлийн хуульчид байна. (Харин явцуу хүрээнд түүхчилсэн тайлбар хийвэл, Ерөнхийлөгч байсан хүн ч Цэцэд сууж болно гэсэн санаа Үндсэн хууль батлагчид ярьж байсан тул заавал хуульч гэдэг дээр манай Үндсэн хуулийн шаардлага гарахгүй болчихдог).
Гэхдээ хамгийн гол санаа нь ҮНДСЭН ХУУЛИЙН МЭДЛЭГ+УЛС ТӨРИЙН МЭДЛЭГ-ийн тухай л Үндсэн хууль заасан.
Гол нь өнөөдөр томилогдсон хүн энэ заалтыг юу гэж ойлгож байна вэ? гэсэн чинь:
-Үнэнээ хэлэхэд улс төрөөр мэргэшиж ажилласан юм байхгүй. Тодорхой хэмжээний төсөөлөлтэй байгаа. Би нэг аймгийн Ардчилсан намын даргыг нэг жил хийсэн гэж байгаа юм. Ямар их зориг вэ? Энэ чинь юу болж байгаан бэ? Та минь ээ, уйлмаар.
Өөрийнхөө томилогдож буй ганц заалтаа бэлдэж, бэлдэж тайлбарлаж байгаа нь энэ.
Нүдний эмчид бөөрөө үзүүлдэггүй л байхгүй юу. Өнөөдөр УИХ маань Ерөнхийлөгчийн зааснаар буруу палаат руу буруу эмч явуулчихлаа” гэсэн байна.

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              Эх сурвалж: С.САРУУЛ, www.polit.mn

 

  • Шинэ
  • Их уншсан