С.Баяр долоон хаустай бол Ц.Нямдорж сайдынх 17 үл хөдлөх хөрөнгөтэй гэнэ үү!!!

Эрх баригч хүчинд Ерөнхий сайд асан С.Баяраас “баян” эрхэм тодорлоо. Тэр бол УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж. Н.Энхбаярыг оймстой хөлөө гозолзуулан баривчлагдсаны дараа гэртээ зурагтгүйгээ зарлаж, олигархи хатагтай нарын нэг Г.Алтангийн хамаарал бүхий тансаг зэрэглэлийн орон сууцанд түрээсийн мөнгө төлж амьдардгаа нэг бус удаа мэдэгдсэн түүнийг өөрийнхөө болон эхнэр, хүүхдүүд, ойр дотны хүмүүсийнхээ нэр дээр 17 орон сууцтай болох талаар Монголын Хүний төлөө намын дарга Х.Бат-Ялалт олон нийтэд мэдээллээ. Мэдээлээд зогсохгүй Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж болон түүний хамаарал бүхий хүмүүс ямар эх үүсвэрээр ийм олон үл хөдлөх хөрөнгөтэй болсныг шалгаж өгөхийг АТГ-ынхнаас шаардсан ч хоосон хана руу хашгирахтай адил юм болов. Учир нь тус намынхан өчигдөр (2018.05.24) АТГ-т энэ талаар хандахаар очтол цагдаагийнхны хамгаалалт гарч, багагүй “мөргөлдөөн” үүсчээ. Цагдаа АТГ-ын дарга Х.Энхжаргалд хайртайдаа биш, салбар хариуцсан сайд Ц.Нямдоржоо хамгаалж иргэдтэй сөргөлдсөн нь тэр. АТГ ч бас шогтов. Тус газрынхан өмнө нь нэр бүхий иргэдийн хүсэлт, шаардлагыг үүдэн дээрээ гарч ирээд авчихдаг байсан бол ганцаараа биш, намынхантайгаа очсон Х.Бат-Ялалт нарыг гөлөөг ч гэж авч хэлэлцэхгүй, дүлий мэт байхын учир юу вэ...

            Монголын Хүний төлөө намынхан АТГ-ын хаалгыг мөргөснөөр үйл явдал өндөрлөхгүй нь бололтой. Харин ч улам эрчээ авах шинжтэй. Тус намын дарга Х.Бат-Ялалт УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатад Ц.Нямдорж сайдын хамаарал бүхий 17 үл хөдлөх хөрөнгийг шалгуулах тухай шаардлагыг 2018 оны тавдугаар сарын 22-нд хүргүүлжээ. Энэхүү шаардлагад “Монгол Улсад шударга ёсны хууль цаазыг тогтооход АН манлайлан явах хэрэгтэй. Иймд бид Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн 17 үл хөдлөх хөрөнгийн эх үүсвэрийг бүрэн дүүрэн шалгуулж, хуулийг гууль болгохгүйгээр нэг мөр биелүүлдэг болгоно байх гэдэгт машид итгэн дараахь асуудлуудыг шалгуулах хүсэлтэй байна.

1.      Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн олон нийт шударга төрийн түшээ гэж үнэлдэг. Харин түүний эхнэр, хүүхдүүдийн өмчлөлд олон орон сууц болон 300-500 м.кв хэмжээтэй 2-3 хувийн байшингууд байдаг талаар яригддаг. Өөрөө ч заримыг нь хүлээн зөвшөөрдөг. Насаараа төрийн албанд ажиллаж байсан хүн ямар эх үүсвэр, хаанахын хөрөнгөөр эдгээрийг авсан талаар шалгаж, Ц.Нямдоржийг үнэхээр шударга төрийн түшээ мөн эсэхийг тогтоож өгнө үү.

2.      Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 100-103 тоот 159 м.кв орон сууцанд сарын зардал төлөөд амьдарч байгаа талаар яригдаад олон жил болж байна. Өөрөө ч энэ талаараа хүлээн зөвшөөрч, олон нийтийн телевизээр ярьсан байдаг. Энэ байдал нь АЭХ-ийн долдугаар зүйлийн 7.17-д заасан “Албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх...” гэсэн хориглолтыг зөрчиж байгаа хэлбэр биш үү?

3.      Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хүү Н.Баясгалангийн захирлаар нь ажилладаг “Кластердайнинг” ХХК нь 2011 оноос улсад бараг татвар төлөөгүй мөртлөө Вивасити хотхонд 2015 оноос 1/10 байрны 2, 3 тоот 130 гаруй м.кв орон сууцыг өмчилж аваад үйлчилгээ явуулж байна. Ашиггүй ажилладаг компани ямар хөрөнгөөр орон сууц худалдаж авсан талаар болон бусад үүсгэн байгуулсан “Анлимитед” ХХК, “Кластер” ХХК, “Ажиагюлф” ХХК нь татвараа нуун дарагдуулсан байж болзошгүй байдлыг шалгуулах

4.      Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж болон түүний эхнэр, хүүхдүүдийн нэр дээр 17 орон сууцыг өмчилж, улмаар худалдан борлуулж, бэлэглэлийн гэрээгээр ах, дүүдээ шилжүүлсэн талаар мэдээлэл байгаа тул шалгуулах хүсэлтэй та бүхэнд хандаж байгааг хүлээн авна уу” гэж дурджээ.

Х.Бат-Ялалт тэргүүтэн дээрх шаардлагыг холбогдох материалын хамт АН-ынханд ийнхүү хүргүүлсэн аж. Харин “Монгол төрийн төлөө чөмгөө дундартал зүтгэж явна” гэж ярьдаг Ц.Нямдорж сайд энэ талаар ямар хариулт өгөх бол. Түүнийг “Зурагтгүй” гэсэн ганцхан үгээр хариулт өгөх үед олон нийт итгэсэн. Г.Алтангийн хамаарал бүхий тансаг зэрэглэлийн орон сууцанд түрээс төлж амьдардгаа өрөвдөлтэй царайлж ярихад нь “Ингэж болох уу. Г.Алтантай ашиг сонирхлын ямар холбоотой нөхөр вэ, энэ чинь” гэж гайхаж хүлээж авсан. Гэсэн хэдий ч Г.Алтан, Ц.Нямдорж сайд хоёр түрээсийн байраар нэр холбогддог учир явдлын цаана өөр ямар нууц байгааг бүрэн тайлаагүй л. Зурагт, байр хоёрын тухай яриа ийнхүү олны анхаарлаас гарч амжаагүй байтал хүү Н.Анхбаяр нь сайд аавынхаа нэр нөлөөн дор “Эрдэнэт” үйлдвэрт шахаа хийж, бизнесээ хийдэг байсан тухай баримтууд дуулиан дэгдээсэн ч Ц.Нямдорж сайд “Аль дивангарын юм. Хүүдээ хүний ёсоор тусалсан шүү дээ” гэх хариултыг өгсөн. Харин У.Хүрэлсүхийн танхимд Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж эхэлсний дараа 130 мянган ам.доллар буюу 313 сая 950 мянган төгрөгийн үнэтэй “Лексус 570” загварын машин унадаг нь гэрэл зурагчдын дуранд өртөж багагүй шуугиан тарьсан. Шударга гэх имижтэй сайд үүнд “Би тэр машиныг унаж байгаа нь үнэн” гэх хариултыг гэмгүй дүр эсгэж өгсөн ч тэрхүү машиныг Увс нутгийн дүүгийнхээ удирддаг ШШГЕГ-ын хөрөнгөөр авахуулсан нь бас л баримтаар ил болсон. Ийнхүү өөртэй нь болон ойр дотныхонтой нь холбоотой том мөнгөн дүнтэй мэдээллүүд баримттайгаа ил болдог ч УИХ-д долоон удаа, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар тав дахь удаагаа ажиллаж буй Ц.Нямдорж шударга дүр эсгэж яаж булзааруулж, “гал”-ыг өөрөөсөө холдуулахдаа гарамгай. Хэвлэлийнхнийг ууртай царайгаараа айлгаж “зальддаг”. Ямартай ч Х.Бат-Ялалтаас АН-д хүргүүлсэн шаардлагад дурдсан үл хөдлөх 17 хөрөнгө, тэр дундаа “Татвараа төлөөгүй...” гэх үгс анхаарал татаж байна. Энэ үнэн бол Ц.Нямдорж сайд болон түүний хамаарал бүхий этгээдүүд татвараа төлөхөө мартсан уу, аль эсвэл татвараас өдий болтол бултав уу. АТГ-ын дарга Х.Энхжаргал аа, Ц.Нямдорж сайд болон түүний хамаарал бүхий хүмүүс хөрөнгө орлогын мэдүүлэгтээ энэ бүхнийг мэдүүлсэн үү. Та бүхэн шалгаад өгөөч. Арай “За яах вэ яахав, мэдэхгүй ээ мэдэхгүй” гэдэг хариултыг Х.Энхжаргал та өгөхгүй юм байгаа биз дээ. УИХ-ын гишүүнээр хамгийн олон буюу долоон удаа, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар тав дахь удаагаа ажиллаж байгаа, мөн УИХ-ын дарга, дэд даргаар ажиллаж байсан Монгол төрийн хамгийн шударга хүн АТГ-т хөрөнгө орлогоо арай худлаа мэдүүлээгүй байлгүй дээ.   

Ж.Энх       

 

  • Шинэ
  • Их уншсан