З.Баянсэлэнгийн хэргийг шүүхэд, Р.Эрдэнэбүрэнгийн хэргийг прокурорт шилжүүлжээ

АТГ-аас сар бүрийн 25-ны өдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийдэг. Тэд энэ уламжлалынхаа дагуу өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Хурлын үеэр АТГ-ынхан “Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Э нь өөрийн хамаарал бүхий этгээдийн нэр дээр "River garden" цогцолбор хотхоноос 1.1 тэрбум төгрөгийн үнэтэй 344.8 мкв талбай бүхий орон сууцыг худалдан авсан боловч энэ тухайгаа хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бичээгүй, хөрөнгийн эх үүсвэрээ тайлбарлаж чадахгүй байгаа хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 7 дахь удаагаа шилжүүлээд байна” гэлээ. Харин “Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан Б нь 2016 онд албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Бэрэн групп” ХХК-ийн барьсан “Хангай” хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүйгээр худалдан авч улсын төсөвт 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй хэргийг Сонгинохайрхан дүүргийн шүүхэд шилжүүлэв” гэсэн мэдээллийг хийсэн юм. Дээр нэр дурдсан Э буюу Р.Эрдэнэбүрэн нь АН эрх барих үед Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 2015 оны сүүлчээр Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн зөвлөхөөр томилогдож байв. Түүнийг 2016 оны дөрөвдүгээр сард АТГ-аас саатуулж, “Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа Барилгын салбарыг дэмжих, орон сууцны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хууль бус шийдвэр гаргаж, давтан үйлдлээр бусдаас хээл хахууль авсан байж болзошгүй гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-т зааснаар шалгаж байгаа” гэсэн мэдээллүүд тухайн үед гарч байлаа. УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгийн хувьд дээр дурдсан асуудлыг үгүйсгэдэг ч шүүхээр гэм буруугүй эсэхээ нотлуулахаар болжээ.

 

  • Шинэ
  • Их уншсан