УУХҮЯ шилэн дансаар, ХЗДХЯ шударга ёсны түвшнээр хангалтгүй үнэлгээ авчээ

Засгийн газраас яамд болон аймаг, нийслэлийн 2017 оны үйл ажиллагаанд хяналт, шалгалт, үнэлгээ хийж дүнгээ гаргажээ. Энэхүү “шалгалт” Ж.Эрдэнэбат болон У.Хүрэлсүх нарын үеийн хоёр ч Засгийн газрыг хамаарч байгаагаараа онцлогтой. Өөрөөр хэлбэл, Ж.Эрдэнэбатын тэргүүлж байсан Мэргэжлийн Засгийн газар, У.Хүрэлсүх ба МАН-ынхны бүрдүүлсэн Засгийн газрын сайд нар яам, салбараа хэрхэн удирдаж буйд хийсэн үнэлгээ гэхэд болно.


Хяналт шалгалтыг:

1.      Бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн үнэлгээ

2.      Байгууллагын чиг үүргийн үзүүлэлтийн үнэлгээ

3.      Байгууллагын нээлттэй байдлын үнэлгээ гэсэн гурван үндсэн хэсгээс бүрдүүлж тэдгээрийг хууль тогтоомж, тогтоол, шийдвэрийн хэрэгжилт, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, шилэн дансны хөтлөлт, шударга байдлын түвшин зэрэг хэд хэдэн дэд хэсгийг багтаажээ. Ингээд яамдад хийсэн хяналт, шалгалт, үнэлгээгээ оноогоор дүгнэхэд

-БОАЖЯ-4.0

-Батлан хамгаалах яам-4.1

-Гадаад харилцааны яам-4.2

-Сангийн яам-4.3

-ХЗДХЯ-4.3

-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам-4.4

-Барилга, хот байгуулалтын яам-3.8

-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам-3.8

-Зам, тээврийн хөгжлийн яам-3.9

-Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам-3.9

-ХХААХҮЯ-3.8

-Эрчим хүчний яам-3.8

-Эрүүл мэндийн яам-3.9 гэсэн дүнг авсан байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам тэргүүтэй зарим яам бусдаасаа өндөр оноо авсныг “Ж.Эрдэнэбатын тэргүүлж байсан Засгийн газрын үед хийсэн сайн ажлуудын үр дүн” гэж Мэргэжлийн Засгийн газарт ажиллаж байсан экс сайд нар гомдоллодог. Энэ нь ч ортой байх. Харин Барилга, хот байгуулалтын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, ХХААХҮЯ, Эрчим хүчний яам, Эрүүл мэндийн яам зэрэг томоохон салбарууд эрхлэх ажлынх нь хүрээнд багтдаг, улсын төсвөөс жил бүр ихээхэн хэмжээний мөнгө тусгуулдаг яамд Засгийн газраас хийсэн шалгалтад ийнхүү “Муу” авцгаасан нь эрх баригч хүчин дэх фракци хооронд багагүй маргаан үүсгээд байгаа аж. УИХ-ын 2016 онд МАН-аас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн биелэлттэй уялдуулж харвал эрх баригчид өнгөрсөн хоёр жилийн хугацаанд сонгогчдод амласан амлалтаа тун хангалтгүй биелүүлсэн үзүүлэлт болж байгаа учраас “хөшиг”-ний цаана ийнхүү буруугаа чихэлцэж, булхайгаа дэлгэлцэх нь арга ч үгүй биз. Гэхдээ Засгийн газраас хийсэн хяналт, шалгалт, үнэлгээг нэгдсэн байдлаар харахад сайд, дарга нарынхаа толгойг илсэн, “Нэг намынх юм, манай фракци” гэсэн байдлаар дүнг нь өргөж тавьсан болов уу гэмээр дүр зураг ажиглагдаж байна. Учир нь АН-ынхан “МАН-ын үед Шилэн дансны тухай хууль хэрэгжихгүй шахам байгаа. Яамд, агентлагууд нь шилэн дансаа бараг хөтөлдөггүй” гэх шүүмжлэлийг сошиалаар байнга өрнүүлдэг. Гэсэн атал энэ удаагийн хяналт, шалгалт, үнэлгээ хийхдээ яамдын шилэн данс хөтлөлийг 50 хувиас дээш байгаа мэтээр дүгнэжээ. Эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлтийн үнэлгээ гэхэд Эрүүл мэндийн яам 80.6 хувь буюу хамгийн бага үнэлгээ авсныг эс тооцвол бусад нь 90-100 хувийн үнэлгээ авсан нь эрх баригч хүчний байгуулсан Засгийн газарт ард түмний зүгээс өгч буй шүүмжлэлүүд, үнэлгээтэй тэнгэр, газар шиг зөрж байгаа юм. Эрх баригчид өнгөрсөн хугацаанд эдийн засаг, нийгмийн хөгжилд ямар том реформ хийсэн болоод ийм өндөр үнэлгээг өөрсдөдөө өгч байна вэ. Энэ мэтээр МАН-ынхан нэг нэгэндээ ая тал зассан үнэлгээг өгсөн байх юм. Тухайлбал, шилэн данс хөтлөлтөөр Батлан хамгаалах яам 98.5 хувиар тэргүүлсэн бол Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам хамгийн бага буюу 59.4 хувийн үнэлгээ авсан байна. Шударга байдлын түвшний үнэлгээгээр мөн л Батлан хамгаалах яам 77.7 хувь буюу хамгийн өндөр үнэлгээг авсан бол ХЗДХЯ 66.6, БХБЯ 65.7, БСШУСЯ 64.0, ЗТХЯ 64.5, УУХҮЯ 65.3, Эрчим хүчний яам 69.0, Эрүүл мэндийн яам 66.7 гэх мэтээр доогуур үнэлгээ авчээ. Өөрөөр хэлбэл, “Монголын улс төр дэх шударга ёсны этальон” гэгддэгээ ПР-ддаг Ц.Нямдорж сайд, “Ипотекийн зээлийн хүүг бууруулна” гэж хэвлэлээр рекламдчихаад сураг тасарсан Х.Баделхан, “БСШУСЯ-ыг тойрон хүрээлэгчдийнхээ яам болгосон” гэх хэл ам байнга дэгдээдэг Ц.Цогзолмаа, МАН дахь “Женко”-ийн сайд нарын нэг Ж.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд гэсэн хоёр “Давхар дээл”-тэй атлаа өдгөө нийслэлийн МАН-ын дарга болохоор Су.Батболдын эсрэг хөдлөөд буй мөн л МАН дахь “Женко”-ийн сайд гэгддэг Д.Сумъяабазар, хамгийн их улстөрждөг, хэл ам ихтэй эрүүл мэндийн салбар эрхэлсэн Д.Сарангэрэл нарыг дээрх яамдыг удирдаж байх үед ийнхүү хангалтгүй дүн авсан гэсэн үг.  

А.Амараа

  • Шинэ
  • Их уншсан