Х.Тэмүүжин: Энэ хоёр хүний өнгөн дээр Монгол зарагдах учиртай байж дээ

МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг 2020 оноос өмнө огцруулж мэдэх, огцруулж чадахгүй бол ирэх сонгуулиар намаар нь гудамжинд гаргах хэд хэдэн шалтгааны нэг нь Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллага дахь ажиглагчийн статусаа өөрчилж, гишүүнээр элсэх явдал болоод байна. Хэдийгээр Хятадын дарга Ши Жиньпин 2014 онд Монголд айлчлахдаа УИХ-ын чуулганы индрээс “Миний нутаг” шүлгийг монголоор уншиж, “Монголчууд аа, хөгжлийн галт тэргэнд хамтдаа сууцгаая” гэж уриалсан ч АН-ын үед ч, МАН эрх баригч болоод ч хятадуудтай нэг “галт тэрэг”-нд суух нь байтугай улстөрчдөөсөө эхлээд жирийн иргэд нь хүртэл монгол, эрлийз гэх “цус шинжилгээ”-ээр улстөржиж, том төслүүдээ хөдөлгөхөөс айцгааж байна. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хүртэл “Том төсөл хөдөлгөлөө гээд шоронд орчихвол яах юм” гэж хүүхэд шиг тунирхдаг. Харин олон улсын хэвлэлүүдэд “Хятадууд Монголыг тойроод төмөр замаа барьж байна” гэх далд утгатай мэдээллүүд цацагдаж, түүнийг нь зарим хүн “Бид хоцорчихлоо шүү дээ” гэж сошиал ертөнцөд сэвэх үзэгдэл ажиглагддаг. Тэр ч атугай Х.Баттулгыг Ерөнхийлөгч болсны дараахан Хятадын “Глобалтаймс” сайтад түүнийг шуудайтай алт үүрч яваагаар зурсан нь бий. Гэвч Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд сонгуульд ялснаасаа хойш өмнөд хөршид нэг ч удаа хөл тавиагүй. МАН-ынхан сайд, дарга нараасаа эхлээд баг багаараа ээлж дараалан Хятадын Коммунист намынхантай албан ёсны уулзалтууд хийж байгаа нь олон. Монгол Улсыг ШХАБ-д элсүүлэх тухай мэдээлэл олны сонорт анх хүрэхээс эхлэн өнөөдрийг хүртэл иргэдийн шүүмжлэлийн бай болж байна. Сошиал хуудас идэвхтэй хэрэглэгчдийн зүгээс “Х.Баттулга, У.Хүрэлсүх ба МАН-ынхан 2020 онд ялагдъя гэвэл ШХАБ-д элсээрэй” гэсэн сануулгыг хүчтэй өгч байна. Харин зарим хэвлэлд “Монгол Улсыг ШХАБ-д элсүүлэх Ерөнхийлөгч Х.Баттулгын саналыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэмжиж байна” гэх ПР гэмээр утга бүхий мэдээллүүд энэ үед эрчимжих болов. Эрх баригч хүчнээс Д.Сумъяабазар, Б.Бат-Эрдэнэ, Д.Тэрбишдагва нар Монголыг ШХАБ-ын гишүүн орон болгохыг ил тод дэмжиж байгаа. Харин АН дахь Х.Баттулгын “дайснууд”-ын нэг болох, УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин үүнд эгдүүцэж “Энэ хоёр хүний өнгөн дээр Монгол зарагдах учиртай байж дээ. Таарсан таар шуудай нар. Юугаар улсаа сольж байгаагаа ил тод зарлах хэрэгтэй. Бид энэ наймаачдын наймаанд ямар үнэтэй байгаагаа мэдчих юмсан” гэж твиттерт жиргэлээ.


  • Шинэ
  • Их уншсан