Мао үс засалт, өргөн өмдтэй Ким Чен Ун 12 бие хамгаалагчтайн учир

Хорин таван сая хүн амтай БНАСАУ-ын төрийн эрхийг Ким-3 барьж байна. Өрнөдийн хэвлэлүүдийн таамагласанчлан 1983 юм уу 1984 онд төрсөн Ким Чен Уны өвөө Ким Ир Сен тус улсыг 1948 онд үндэслэн байгуулж, 1994 оны долдугаар сарын 8-нд нас нөгчих хүртлээ улс орноо 46 жил удирдсан юм. Тэрээр төрийн эрх барьж байх үедээ улс үндэстнээ өөрийнхөө хүчинд тулгуурлаж хөгжүүлэх тухай чучхе онолыг боловсруулсан нь өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Харин Ким Ир Сений хүү Ким Чен Ир Хойд Солонгосыг харийн түрэмгийлэгчид, империалистуудаас зэр зэвсгийн хүчээр хамгаалж, эх орноо нэгтгэх Сонгунь номлолыг боловсруулсныг Ким Чен Уны эрин үед ч мөрдөж байгаа. Ким-2 буюу Ким Чен Ир аавыгаа нас эцэслэсний дараа буюу 1994 онд төрийн эрх барих эрхийг уламжлан авч 2011 онд нас бартлаа үйл хэргийг нь 17 жил үргэлжлүүлсэн. Кимийн удмынхны гурав дахь удирдагч Ким Чен Ун гэж хэн бэ. Швейцарьт боловсрол эзэмшсэн түүнийг аавынхаа орыг залгахад өрнөдийнхөн “Барууны боловсролтой учраас хүний эрхийн талаар арай өөр бодлого хэрэгжүүлж, улс орноо нээлттэй улс гүрэн болгох байх” гэж дүгнэж байсан. Гэвч өнгөрсөн долоон жилийн хугацаанд Ким Чен Ун өвөө, аавынхаа бий болгосон “Кимийнхны диктатур”-ыг хэвээр үргэлжлүүлж, Солонгосын хойг дахь цөмийн зэвсгийн асуудлыг улам хурцатгасан нь өрнөдийнхний найдварыг тасалсан гэхэд болно. Цөмийн туршилт хэдэнтээ хийж, олон улсын эдийн засгийн хоригт ороод буй БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун 1953 онд Солонгосын хойгт гал зогсоох түр гэрээ байгуулснаас хойш 65 жилийн дараа буюу 2018 оны дөрөвдүгээр сарын 27-нд Өмнөд Солонгосын нутагт хөл тавьсан. Энэхүү түүхэн үйл явдлыг хэвлэлүүдэд “Кимийн удмынхнаас Ким Чен Ун Өмнөд Солонгост анх удаа хөл тавилаа” гэж онцолж буй ч түүний дүү Ким Ё Жон “Пёнчан-2018” өвлийн олимпын үеэр эх орноо төлөөлж очиж байв. Ингээд энэ сарын 12-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзахаар товлосон Ким Чен Уны тухай сонирхолтой баримтуудыг хүргэе.

Ким Чен Уны гутал.

            Өрнөдийн энтертайнмент салбарт Ким Чен Уны үс засалт, хувцаслалт, гадаад төрх трэнд хэвээр байна. Хошин шог үзүүлбэрүүдээс гадна Хойд Солонгосын удирдагчийг шоглосон янз бүрийн анимэшн, дүрс бичлэг олон бий. Наснаасаа хөгшин, буурь суурьтай дүр төрхийг бүрдүүлсэн Ким Чен Уны өргөн өмд, френч, өвлийн давхар пальто зэрэг нь хоёр Солонгосын дайн эцэс болсон 1953 оны үеийг санагдуулдаг аж. Энэ нь түүний хувьд “Дайн эцэслэсэн ч эх орноо нэгтгэх асуудал яагаа ч үгүй байна шүү” гэдгийг олон улсад хүргэх гэсэн биеийн хэлэмж нь ч байж болох юм.


            Ким Чен Ун Хойд, Өмнөд Солонгосын хил дээр хүрэлцэн ирэхэд сэтгүүлчид түүний инээмсэглэлээс эхлээд гутлын ул хүртэлх бүхий л зүйлийг шинжиж ажигласан нь тодорхой. Өмнөд Солонгосын сэтгүүлчдийн сонирхлыг хамгийн их татсан нь түүний гутал. Тэд “БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жэ Ин 168 см өндөр гэдэг нь албан ёсоор ил тод болсон. Хоёр удирдагчийн зэрэгцэж зогссоноос харвал, Ким Чен Ун 162.5 см өндөртэй байх. Тэрбээр өндөрлөгчтэй гутал өмсчээ” гэж мэдээлжээ. Харин зарим судлаач Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уныг “175 см өндөртэй. Аав Ким Чен Ирээсээ 15 см-ээр өндөр гэсэн үг” гэж үздэг аж. Түүний аав чихрийн шижин өвчний улмаас жин нэмж, тусгай гутал захиалан өмсдөг байжээ.    



                               Аав Ким Ир Сен фермерүүдийн хамт

Ким Чен Ун яагаад өргөн өмд өмсдөг вэ?

            Дэлхийн түүхэнд мөнхөрсөн их удирдагчдаас Сталин, Мао Зэдун, Хо Ши Мин нар фрэнчээр гоёдог байжээ. Энэ жишгийг Хойд Солонгосыг удирдагч Ким Чен Ун ч дагасан. Сталин ЗХУ-ын, Мао Зэдун Хятадын, Хо Ши Мин Вьетнамын ард түмний хувьд агуу их жолоодогч эцэг нь гэж өргөмжлөгддөг байсан бол Ким Чен Уны хувьд ч мөн адил. Өвөө, аав, хүү Ким гурвуулаа л тэгж тахин шүтүүлдэг. Судлаачид Ким-3 буюу Ким Чен Уны хувцаслалтын талаар “Сталин, Мао Зэдун, аль эсвэл Ким Ир Сен дахин төрөөд бидэнтэй мэндчилж буй мэт” гэж онцолдог. Мөн “Ким Чен Ун Хятадын шинэчлэлийн эцэг Дэн Сяопиний адил консерватив шинэчлэгч. Тэрээр баруунтай ойр дотно болохыг эрмэлзэж байна” гэж дүгнэх шинжээчид ч бий. Ким Чен Ун ааваасаа төрийн эрхийг залгамжлан авсныхаа дараа өвөө Ким Ир Сенээ санагдуулам байдлаар гадаад төрхөө өөрчилсөн нь шуугиан тарьж байлаа.



                                          Мао Зэдун

Удирдагч Кимийн үс засалт юуг илэрхийлнэ вэ?

            Ким Чен Уны үс засалт хэн бүхний сонирхлыг татдаг. Энэхүү “Коммунист засалт” нь Мао Зэдун стайлийг давтсанаас гадна судлаачдыг “Яг өвөө шигээ харагдаж байна” уулга алдуулж байсан удаатай. Тэрбээр БНАСАУ-ын Улс төрийн товчооны хурал дээр 2015 оны хоёрдугаар сард шинэ үс засалттайгаар анх олны өмнө гарсан. Түүний аав ч бас үсээ ингэж засуулдаг байжээ. Ким Чен Ун гадаад байдлаараа өвөөтэйгөө төстэй харагдах ч хар френчээр гоёхоороо Мао Зэдуны хөрөг зургийг санагдуулдаг аж. Мао Зэдун Хятад орноо цөмийн зэвсэгтэй болгож чадсан Азийн анхны лидер. Мао Зэдуны хүү Солонгосын дайны үеэр амиа алдсан бөгөөд Мао Хятадын төр засгийнханд “Хойд Солонгост тусалж байгаарай” гэж захисан тухай яриа ч бий. Ким Чен Уны өвөө Ким Ир Сений хувьд, дайны үед Манжуурт хоригдож байхдаа нэгэн зохиол бичсэн бөгөөд тэрхүү зохиолоор нь “Цэцэг худалдагч бүсгүй” гэдэг киног бүтээжээ.

Ким Чен Ун онгоцоор нисэхээс айдаг гэж үү?

            Удирдагч Кимийнхэн хуягласан ногоон галт тэргээр зорчдог. Ким Чен Ун өнгөрсөн гуравдугаар сард эхнэр болон албаны хүмүүстэй хамт Хятадад айлчлахдаа галт тэрэг хөлөглөсөн. Түүний аав Ким Чен Ир Москвад айлчлахдаа энэхүү галт тэргээр очиж байжээ. Гэхдээ Ким Чен Ун Швейцарьт суралцахаар явахдаа галт тэргээр зорчиж Цюрихийн галт тэрэгний буудалд буугаагүйг хэвлэлүүд мэдээлсэн. Өөрөөр хэлбэл, тэрбээр Швейцарь руу онгоцоор ниссэн гэсэн үг. Ким Чен Ун ногоон өнгөт хуягласан галт тэргээр байнга зорчдогийг ажиглагчид “Гэр бүлийнх нь уламжлал” гэж тайлбарладаг. Учир нь энэхүү галт тэргийг Сталин Ким Ир Сенд бэлэглэж байжээ.



                      Ким-2 буюу Ким Ир Сен ОХУ-д айлчлах үеэр

Кимийн бие хамгаалагч 12 байдгийн учир

            Ким Чен Ун БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жэ Интэй уулзахдаа хуягт лимузин хөлөглөж, үдийн цайнд орохоор явах үед нь машиных нь дөрвөн талд 12 хамгаалагч гүйсэн нь дуулиан дэгдээсэн. Гэхдээ энэ нь олон улсад анхны тохиолдол биш юм. Трамп, Путиний бие хамгаалагчид ч Ерөнхийлөгч нарынхаа лимузинг ийнхүү дагаж гүйсэн тохиолдол бий. Зарим дарангуйлагчийн цүнхийг барьж машинтай нь зэрэгцэн гүйж байсан бие хамгаалагчид ч байдаг аж. Олон улсын харилцааны мэргэжилтнүүд Ким Чен Уны 12 бие хамгаалагчийн талаар “Лимузин удаан давхих үеэр түүний эргэн тойронд бие хамгаалагчид гарч гүйдэг. Энэ бол байдаг л протокол” гэж тайлбарлажээ. Ким Чен Ун яагаад 12 бие хамгаалагчтай вэ. Энэ талаар хэвлэлүүд тун сонирхолтой баримтыг дэлгэсэн байна. Өөрөөр хэлбэл, Ким Чен Уны өвөө Ким Ир Сен 1912 онд төрсөн. Түүний мэндэлсний 100 жилийн ой 2012 онд тохиоход Ким-2 буюу хүү Ким Ир Сенийг Хойд Солонгосын мөнхийн Ерөнхий нарийн бичгийн даргаар өргөмжилсөн. Харин Ким Чен Ун БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын удирдлагын бүрэлдэхүүнд албан ёсоор орсон. Мөн БНАСАУ-ыг үндэслэгч Ким Ир Сенийг “Амьдралын нар”, “Тэнгэрээс заяасан агуу удирдагч” гэх зэргээр 12 нэрээр алдар сууг нь өргөмжилдөг аж.

   

Г.Онон

  • Шинэ
  • Их уншсан