Ж.Чойнхор: Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагад гишүүнээр элсэх үү, байх уу

Уншигчийн цагийг барахгүйн тулд шуудхан, товчхон өгүүлье.

1. Гишүүнээр элсэхийн эерэг тал.

-Евразийн бүс нутгийн ихэнх газрыг хамран байгаа энэ холбооны гол дунд нь зоосны нүх мэт Монгол л ганцаараа үлдэхгүй юм даа. Энэ нь геополитикийн сонгомол утгаар авч үзвэл чухал үзүүлэлт.
-Үндэсний Аюулгүй Байдлын болон Гадаад бодлогын үзэл баримтлалд өнгөцхөн харвал сүрхий нийцэх мэт.
-Хоёр их хөршийн зан авир улам л эерэг найрсаг болно байх.
-Тэдний хөрөнгө оруулалт нэмэгдэж томоохон төслүүдэд далайцтай оролцох байх.
-Хожмын өдөр энэ байгууллагын эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагаа улам бүр өргөжиж, уялдуулан зохицуулдаг механизмтай болоход манай улс гадна нь хоцорчихгүй байх талтай.
-Манай улсын урд, хойд хил орчмоор засаг захиргаагүй мэт аашилж байгаа өөрсдийн иргэдийн бурангуй үйл ажиллагааг хоёр хөрш маань эрхбиш цагдаж журамлах байлгүй.
-ШХАБ-ын гишүүн ямарваа орны зүгээс манай орны эсрэг хүчээр түрэмгийлэх магадлал үндсэндээ үгүй болно.

2. Гишүүнээр элсэхийн сөрөг тал.

-Бие даасан гадаад бодлого явуулж байгаа одоогийн боломж хумигдана.
-ШХАБ-ын дүрэм журам, гишүүн орнуудын уялдуулан зохицуулсан гадаад бодлого, үйл ажиллагааны чиг шугамыг юуны л өмнө чухалчлан анхаарч дагаж мөрдөх хэрэгтэй болно.
-Хүчирхэг хоёр хөршийн дээгүүр даваад манай оронд түрэмгийлэх бодит аюул занал нэгэнт байхгүй байхад ШХАБ-ын гишүүн болж "Гурав дахь хөрш" гэж тодорхойлсон орнуудын итгэлцэл, хамтын ажиллагааны бодлогод хий дэмий л сүүдэр тусгах болно.
-Дэлхийн улс төрийн бодлого, олон улсын харилцаанд гарч буй шинэ шинэ өнгө аяс, стандарт бус, уламжлалт сэтгэлгээнээс хэтийдсэн гэнэтийн хэрэг явдал өрнөх тохиолдолд манай улс өөрийн гэсэн өвөрмөц байр сууриа чөлөөтэй илэрхийлэх боломжгүй болно.
-Хоёр талын хамтын ажиллагааны хүрээнээс хэтэрч бидэнд туслах боломж бүхий сан хараахан байгуулаагүй, яригдаад байгаа томоохон төслүүд нь ШХАБ-ын хаа хүрээнд жигдрээгүй байгаа болохоор одоохондоо бидний мөрөөдөл хоосон горьдлогоос хэтрэхгүй.

3. Дүгнэлт санал.

-Одоогийн байгаа ажиглагчийн статус ямар боловч ойрын жилүүдэд хангалттай гэж үзэж байна. ШХАБ-д ажиглагчийнхаа түвшинг ахиулж бүрэн хэмжээнд гишүүнээр элсэхийг бид өөрсдөө яараад байх шалтаг байхгүй л гэж бодогдож байна. Яаруулаад байгаа шалтгаан байгаа бол Монголын маань хувь заяанд алс хэтдээ ямар үр дагавартай байж болохыг чамбай дэнслэн байж шийдвэр гаргууштай байна. Энэ мэт эгзэгтэй тохиолдолд урдаа бариад байх тун ч эвтэйхэн бамбай бол албан ёсоор тунхаглаваас зохилтой Төвийг сахих бодлого л байх болно доо гэж бас бодогдном.
-Манай улс хөрш зэргэлдээ орнуудтайгаа хил хязгаарын маргаан, шийдэгдээгүй асуудал байхгүй тул энэ талаар ШХАБ-ын гишүүн орнуудаас хүсэх зүйл үгүй билээ. Энэ байгууллага анх үүссэн нөхцөл шалтгаан нь юуны өмнө анхны гишүүн 5 орон хил хязгаарын асуудлаа зохицуулахыг зорьсон хэрэг байв.
-ШХАБ нь бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааны хэлбэрийн хувьд орчин цагийн олон улсын байгууллагын стандартад хүрэхээр ахиж хөгжих шатандаа яваа байгууллага тул нэг хэсэгтээ харзнаж ажиглаж байх нь дээр гэж бодож байна. -Геополитикийн асуудал гэгч нь хийсвэр ч юм шиг, бидэнд хүртээлгүй хол ч юм шиг санагдаж болох л юм. Зарим нэг судлаач бүр байчихаад геополитик нь бага оронд хүртээлгүй, том гүрнүүдийн л бодлого юм шиг бичсэн нь ч бий. Гэвч нэг л өдөр хоолой дээр тулаад ирдэг ярвигтай асуудал гэдгийг бусдын гашуун туршлага, ердөө л өнгөрсөн зуунд бидний монголчуудад тохиож байсан туйлын хүнд бэрх цаг үеүд, бас энд тэндэхийн хэрэг явдлын өнөө цагийн өрнөлт аяндаа харуулаад байна биш үү. Харин ч жижиг орон гэдэг бол томцуултай зиндаархах гэсэндээ бус хэрэгтэй мөчид амиа хоохойлох арга замыг цаг ямагт эрэлхийлж олчихоод " дайнаа ирэхээр дариа нухахгүй " шиг байвал л болох нь тэр шүү дээ. -Хэн нэгнийг дагаж гүйхгүй, хэлүүлж дөрлүүлэхгүй, өнөө маргаашийн ашиг унацыг бодохгүй, " өөрөө өөртөө зөв " гэдэг өвгөдийнхөө мэргэн үгийг даган, алс хэтийн бодлоготой байж, газар шороо, тусгаар тогтнолынхоо төлөө амь биеэ зольсон ухаалаг, баатарлаг монгол эрсийн эр зориг, эрхэмлэн захисан гэрээсийг санан санан туйлын хариуцлагатайгаар тунгаан байж эл асуудлыг шийдвэрлэнэ гэдэгт итгэл төгс байна.
                                                                      Монголын Геополитикийн Хүрээлэнгийн захирал, Элчин сайд, доктор Ж.Чойнхор

  • Шинэ
  • Их уншсан