Дональд Трамп, Ким Чен Ун ба дэлхийн түүхэнд үлдсэн дөрвөн том уулзалт

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун нарын дээд хэмжээний уулзалт өнөөдөр (2018.06.12) Сингапурт эхэллээ. Энэхүү уулзалтаар Солонгосын хойгт энхтайван байдал тогтооход оршиж байгаа юм. Хоёр орны Төрийн тэргүүнүүд анх удаа нүүр тулан хийх уулзалтын өмнө Хойд Солонгосын тал “Цөмийн байгууламжаа хаана” гэдгээ мэдэгдэж, олон улсын сэтгүүлчид тэрхүү үйл явдлыг сурвалжилсан. Дональд Трамп, Ким Чен Ун нарын уулзалтын талаар ажиглагчид “Сингапурт болж буй уулзалт дөнгөж эхний алхам нь. Үүний дараа Пхеньян, Нью-Йоркт дээд хэмжээний уулзалт дахин болж магадгүй. Солонгосын хойгийн асуудлыг ганцхан удаагийн уулзалтаар шийдэхгүй. Тэгээд ч “Солонгосчууд “Хоолыг нэг л удаа халбагаддаггүй” гэдэг шүү дээ” гэж таамаглаж байна. Ямартай ч Дональд Трамп Сингапурт энэ сарын 10-нд Air force one тусгай тоноглосон онгоцоор ирсэн бол Ким Чен Ун “Айр Чайна” компанийн онгоц хөлөглөж, Хятадын Ардын чөлөөлөх армийн байлдааны зориулалттай онгоцнууд агаарын замд хамгаалж ирлээ. Хойд Солонгосын удирдагчийг төрсөн дүү, Хөдөлмөрийн намын нөлөө бүхий эрхмүүдийн нэг Ким Ё Жон, Хөдөлмөрийн намын орлогч дарга, генерал Ким Ён Чол болон албаны бусад хүмүүс дагалдан иржээ. Генерал Ким Ён Чол өнгөрсөн сарын 30-нд АНУ-д айлчилж Дональд Трамптай уулзсан бөгөөд БНАСАУ-ын төр засгийн удирдлагуудаас анх удаа тус улсад хүрэлцэн очсон нь тэр байлаа. Түүгээр ч зогсохгүй АНУ-ын “Хар жагсаалт”-д нэр нь бичигдээд байсан юм. Харин Сингапурын тал түүхэн дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажилд 15 сая ам.доллар зарцуулснаа мэдэгдсэн.  

            Барууны хэвлэлүүдэд “Трамп, Ким Чен Ун нарт “хичээл” болох дөрвөн том уулзалт” гэж онцолж буй түүхэн уулзалтуудын талаар онцолж байна. Мюнхен, Ялта, Бээжин, Рейкьявикт болсон эдгээр уулзалтаар улс орнуудын төр засгийн тэргүүнүүд ямар асуудлуудыг хэлэлцсэн бол...  


Мюнхений хэлэлцээр

            1938.3.12-нд Герман улс Австрийг өөртөө нэгтгэсний дараа Чехословакийн Судет мужийг өөртөө нэгтгэх оролдлого хийх болжээ. Үүний дагуу 1938.9.29-30-нд Баварийн Мюнхен хотод Английн Ерөнхий сайд Невиль Чемберлэн, Францын Ерөнхий сайд Эдвард Даладье, Италийн Ерөнхий сайд Беннито Муссолин, Германы Канцлер Адольф Гитлер нарын оролцсон “Мюнхений хэлэлцээр”-ээр Чехословакийн Судет мужийг Германд нэгтгэхээр болсон байна. Үүний дараахан 1939.3.15-нд Герман улс Чехословакийг бүрэн эзэлж, өөртөө нэгтгэсэн юм. 1939.8.23-нд Москва хотод Германы Гадаад Хэргийн сайд Иохим фон Риббентроп, ЗХУ-ын Гадаад хэргийн сайд Вячеслав Молотов нар “ЗХУ-Германы харилцан үл довтлох” гэрээг байгуулжээ. Энэ гэрээг түүхэнд “Молотов-Риббентропын гэрээ” гэж нэрлэдэг. Уг гэрээгээр хоёр улс харилцан үл довтлох үүргийг хүлээсний зэрэгцээ гэрээний дагалдах нууц протоколын дагуу дорнод Европыг хувааж авахаар тохиролцсон байна. Нууц протоколд, ЗХУ, Польшийн газар нутгийн 40 хувийг, Балтийн гурван улс /Латви, Литви, Эстони/, Румыны Бессарабийг, хойд Буковины газар нутагтай, Чехийн Карпат, Финландын зарим нутгийг авахаар тохиролцсон. Харин Герман улс Европын үлдсэн нутаг дэвсгэрийг авахаар хэлэлцжээ. Ийнхүү 1939.9.1-нд Герман Польшид халдсанаар дэлхийн хоёрдугаар дайн эхэлсэн байна.

(Эх сурвалж: Вестфалийн зарчим ба ОУХ)


Ялтад болсон уулзалт ба Монголын хувь заяа

Сталины анхааралд Монголын асуудал 1932 оноос хойш байсан учраас тэрбээр Монголын тухайн үеийн төрийн удирдагч нар лугаа ойр ойрхон уулзаж, Монголын талаар, цаашилбал дорно дахинд чиглэсэн стратегийн бодлогоо хэрэгжүүлэх алхмуудыг хийж байв. 1944 оны 12 дугаар сарын 14-нд Сталин АНУ-аас ЗСБНХУ-д суугаа Элчин сайд А.Гарримантай уулзахдаа Алс дорнодод ЗХУ дайнд орох улс төрийн нөхцөлүүдийнхээ талаар ярьсан байна. Элчин сайдаас Вашингтонд уламжилснаар ”Дорно дахин дахь Оросын байдал нь 1905 оны Орос, Японы дайнаас өмнө байснаар бүхэлдээ сэргээгдэх учиртай. Оросууд Дайрен, Порт-Артурын боомтуудыг дахин эзэлж, Хятадтай байгуулсан гэрээгээр босгосон Манжуур дахь төмөр зам, Дайрентай холбосон Өмнөд далайн төмөр замыг эзэмшихээр орилж байна. ЗСБНХУ Манжуур дахь Хятадын сувернитетийг хөндөхийг хүсэхгүй байна хэмээн Сталин хэлээд дээр нь нэмэж Монголын статус квог тэрбээр хүслээ” хэмээжээ. Сталины энэхүү санал АНУ-ын Ерөнхийлөгч Ф.Рузвельтэд хүрч, энэ асуудал 1945 оны хоёрдугаар сард Ялтын гурван их гүрний хэлэлцээрээр яригдах үндэс бүрджээ. 1945 оны 2 дугаар сарын 11-ны өдөр ЗСБНХУ, АНУ, Их Британи буюу гурван их гүрний удирдагч И.Сталин, Ф.Рузвельт, Уинстон Черчилль нарын Алс Дорно дахины багц асуудлаар хийсэн хэлэлцээрийн удиртгал хэсэгт ”Европт дайны дуусч, Герман бууж өгсөнөөс 2, 3 сарын дараа ЗХУ холбоотнуудын талд Японы эсрэг дайнд орно. Харин үүний нөхцөл болгож” хэмээн өгүүлээд гурван зүйл тавьсны нэгдүгээр зүйлд заахдаа ”Гадаад Монголын (БНМАУ) статус квог хадгалах явдал” хэмээн заасан байна. Энэ асуудлыг И.Сталин оруулсан байна. ЗХУ, АНУ, Их Британи гурван их гүрний тэргүүн нар Монголын статус квог (status quo) «одоогийн байгаагаар» хадгалахаар тохиролцсон нь Манай улсын тусгаар тогтносан байдал олон улсын эрх зүйн хэм хэмжээгээр хүлээн зөвшөөрөгдөх үндэс болсон билээ. Чингэхдээ Ар Монголд хамаарах хэлэлцээрийн энэ заалт нь генералиссимус Чан Кайши гаас зөвшөөрөл авахыг шаардаж буй бөгөөд Маршал И.Сталины зөвлөснөөр Ерөнхийлөгч Рузвельт тэрхүү зөвшөөрөл өгөгдсөн байх бүхий л арга хэмжээг авах болно хэмээн уг протоколд тэмдэглэгдсэн байна. Монголчуудын хувьд онц ач холбогдол бүхий ийм шийдвэр гаргахад Америкийн дэд ерөнхийлөгч Хэнри Уэлсын Монголд хийсэн айчлал тодорхой үр дүн өгсөн нь лавтай буй за. Хэлэлцээрийн заалт ёсоор АНУ-ын Ерөнхийлөгч Трумэн энэ шийдвэрийг хэрэгжүүлэхэд анхаарлаа хандуулж, Хятадын удирдагч нартай хийж буй алхамынхаа талаар, 1945 оны 6 сарын 15-нд маршал Сталинд маш нууц цахилгаан утас илгээн, түүндээ БНМАУ-ын статус квог хүлээн зөвшөөрүүлэх тухай «Зөвлөлтийн тавьсан нөхцөлийг Чан Кай Шид мэдэгдэж, улмаар түүний зөвшөөрөлийг авахыг Элчин сайд Хэрлид үүрэг болголоо. Мөн түүнчлэн АНУ-ын Засгийн газар Ялтын хэлэлцээрийг баримтлах болно гэдгийг генералиссимуст мэдэгдэх заавар Элчин Хэрлид өгсөн» тухай өгүүлжээ. Мөн өдөр Сталинаас Ерөнхийлөгч Трумэнд өгсөн хариундаа «Зөвлөлт Хятадын хэлэлцээрийн бэлтгэл болон энэ талаар ноён Хэрлид өгсөн үүргийн талаарх таны илгээлтийг хүлээн авлаа. Таны авсан арга хэмжээнд талархал илэрхийлье» хэмээжээ. 1945 оны 6 дугаар сарын 19-ны өдөр ЗСБНХУ-аас Бүгд Найрамдах Хятад Улсад суугаа Элчин сайд А.А.Петров Хятадын Жанжин Штабын орлогч дарга Бай Чунси лугаа уулзаж, Хятадын улс төрийн нэгдлийн асуудлыг шийдвэрлэхэд ЗХУын үүргийн талаар нилээд удаан нухацтай ярьсан байна. Уулзалтын үеэр Хятадын коммунист нам ба ЗХУ-ын харилцааны асуудлаар нилээд ярьсан бөгөөд ярианы явцад Бай Чунси Гадаад Монголын талаарх ЗХУ-ын байр суурь ямар байгаа талаар сонирхсон байна, үүнд Элчин сайд хариулахдаа ”БНМАУ-тай манай харилцаа бол маш их нөхөрсөг бөгөөд бид түүнтэй тогтоосон дипломат харилцаагаа хөхүүлэн дэмжиж байгаа”  хэмээн хэлж байжээ. 

(Эх сурвалж: Түүхийн шинжлэх ухааны доктор О.Батсайханы Ялтын гурван гүрний уулзалтын тухай бичсэн өгүүллээс)

Маогийн балет ба Никсон, Жоу Эньлай нарын “зурсан” шинэ зам

            БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун 2018 оны дөрөвдүгээр сард Бээжин хотноо айлчилсан. Энэ үеэр Хятадын тал түүнд зориулж 1930-аад оны хувьсгалт тэмцлийн тухай “Эмэгтэйчүүдийн улаан отряд” нэртэй балетыг толилуулж байлаа. Энэхүү балетыг анх 1964 онд Хятадад тоглож байсан бөгөөд Мао Зэдуны соёлын хувьсгалын өндөр шалгуурыг давж үзэгчдийн хүртээл болсон цөөхөн бүтээлийн нэг аж. Тоглолтын нэг хэсэгт “Урагшаа, урагшаа! Мао Зэдуны тугийн дор ялалтын төлөө урагшаа!” гэсэн уриаг бүжигчид нэгэн зэрэг уухайлдаг  юм байна. АНУ, Хятадын харилцааг зөөлрүүлэхээр Бээжинд  1972 оны хоёрдугаар сард айлчилсан Ерөнхийлөгч Ричард Никсонд Мао Зэдун энэхүү балетаа үзүүлж байжээ. Ричард Никсоны энэхүү айлчлалын үр дүнд хоёр орны харилцаа 23 жилийн дараа дахин сэргэсэн түүхтэй. Тэрээр Хятадад айлчлах үедээ Ерөнхий сайд Жоу Эньлайтай уулзаж, хоёр талын харилцааны стратегийн харилцааг нэн шинээр тодорхойлж байжээ. Үүнийг олон улсын судлаачид “Никсон, Жоу Эньлай нарын гаргасан шинэ зам” гэх нь ч бий.


Хүйтэн дайныг эцэс болгосон Рейкьявикийн уулзалт

ЗХУ-ын удирдагч асан Михаил Горбачев, АНУ-ын Ерөнхийлөгч агсан Рональд Рейган нарын түүхэн уулзалтын 30 жилийн ой 2016 онд тохиосон. Исланд улсын нийслэл Рейкьявик хотод болсон уулзалтаар тэд ЗХУ, АНУ-ын стратегийн зэвсэглэлийн асуудлаар хэлэлцээр хийсэн юм. Хэдийгээр уулзалтын үр дүнд ямар нэгэн баримт бичигт гарын үсэг зураагүй ч “Энэ уулзалтын ачаар “Хүйтэн дайн” зогссон гэж түүхчид үздэг. “Өөрчлөн байгуулалтын эцэг” гэгддэг М.С.Горбачев Рейкьявикийн уулзалтын талаар 30 жилийн дараа дурсахдаа “Тухайн үед хоёр их гүрний удирдагчдын дээд хэмжээний уулзалт чухал байсан юм. Түүхэн нөхцөл одоогийнхтой харьцуулшгүй ээдрээтэй бас түгшүүртэй байв. АНУ-ын хөлөг онгоцнууд манай усан хилд ойртсон, цөмийн зэвсэг туршихыг завдсан, тагнуулыг дуулиант хэрэг гэх мэт өдөөн хатгалгын шинжтэй зүйл олон тохиолдсон. Би 1986 онд ээлжийн амралттай байлаа. Гэтэл нэг өдөр Гадаад хэргийн яамнаас “Рональд Рейган танд хариу захидал илгээжээ” гэлээ. Бид ердөө л хэдхэн сарын өмнө Женевт хоёр өдрийн уулзалт хийж “Цөмийн зэвсгээр хөөцөлдөх нь хүн төрөлхтөнд ашиггүй. Энэ дайнд ялагч гэж байхгүй бөгөөд талууд цэргийн давуу байдлаа ашиглах гэж оролдсоны хэрэггүй” гэсэн дүгнэлтэд хүрсэн юм. Энэ дүгнэлтээс улбаалан стратегийн зэвсэглэлийн асуудлаарх хэлэлцээрийг яаравчлах шаардлагатай ч боломжгүй гэдгийг бид ойлгосон юм. Тиймээс би АНУ-ын Ерөнхийлөгчтэй уулзаж хэлэлцээрийг тэгээс эхлэх санал тавьсан. Р.Рейгантай уулзалт хийх хугацаагаа товлосноор бид бэлтгэл ажилдаа орж билээ. Бид Рейкьявикийг өөрийн гэсэн төлөвлөгөө, саналтай зорьсон” гэж өгүүлжээ. Сэтгүүлч түүнээс “Хэлэлцээрийн үеэр ЗХУ-ын зүгээс тавих саналыг хаана, хэн боловсруулсан юм бэ” гэж асуухад тэрбээр “Гадаад хэргийн яамны Ерөнхий штабад боловсруулсан саналыг Улс төрийн товчооны бүх гишүүн дэмжсэнээр баталсан юм. Манай тал маш товч, тодорхой саналыг тэр үед санал болгосон. Ингэхдээ стратегийн зэвсгийг 50 хувиар бууруулах санал гаргаж, ЗХУ алсын зайнн зайн болон дунд тусгалт пуужингаа цөөрүүлэхэд бэлэн гэдгээ мэдэгдсэн юм. Түүнчлэн стратегийн зэвсгийг Батлан хамгаалах салбараас гадна сансрын уудмын төлөөх өрсөлдөөнд ашиглахгүй гэсэн саналыг ч гарган тавьсан” хэмээн хариулсан байна. Харин АНУ-ын Ерөнхийлөгч агсан Рональд Рейган тэдний саналыг хэрхэн хүлээн авсан тухайд “АНУ-ын Ерөнхийлөгч зарим нэг асуудалд Түүний байдлыг анзаарсан би Шульц /тухайн үеийн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга/, Шеварднадзе / ЗХУ-ын Гадаад хэргийн сайд/ нарыг урьсан юм. Бид тэр асуудлаар үдэш хүртэл ярилцаж билээ. Бидний хэлэлцээрийг Ахромеев, Нитце нараар удирдуулсан шинжээчийн баг үргэлжлүүлэн ярилцаж, нийтлэг үндэслэлийг гаргасан. Ерөнхийдөө бидний байр суурьд үндэслэсэн гэж хэлж болно. Гэхдээ Р.Рейган пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем байрлуулах зөвшөөрлөөс илүүтэй Стратегийн батлан хамгаалах санаачлага хөтөлбөрийг үргэлжлүүлэх хүсэлтэй байлаа. Гэхдээ би түүний хүсэлтийг хүлээн зөвшөөрөөгүй юм. Хэлэлцээрийн тухай анхны үнэлгээг Америкийн тал өгсөн. Тус улсын Төрийн нарийн бичгийн дарга байсан Шульц “Хэлэлцээр амжилтгүй болсон” гэж Вашингтон руу буцахынхаа өмнө Рейкьявикийн нисэх онгоцны буудал дээр мэдэгдэл хийсэн. Харин бид хэвлэлийн бага хурлын үеэр “Рейкьявикийн хэлэлцээр ялагдал биш олон улсад шинэ үүд хаалга нээлээ” гэж хэлсэн. Бид олон асуудлаар тохиролцоонд хүрсэн ба цөмийн зэвсэггүй дэлхийг цогцлоох анхны шатыг тавьсан учраас “шинэ үүд хаалга нээлээ” гэж онцолсон юм. Хэлэлцүүлгийн үеэр Р.Рейган надад онцгой сэтгэгдэл төрүүлж билээ. Бидний хэн хэн нь цөмийн болон үй олноор нь хөнөөх аюултай зэвсэглэлийн асуудалд чин сэтгэлээсээ зовниж байв. Энэ хэлэлцээрийн үр дүнд бид нийтлэг зорилгод хүрсэн” гэж дурсчээ.

 

 

 

 

  • Шинэ
  • Их уншсан