У.Хүрэлсүх, М.Энхболдынхны хүчний харьцаа 32:32 болов

УИХ-ын хамгийн залуу гишүүн Д.Гантулга түдгэлзэх биш, бүрмөсөн чөлөөлөгдөх хүсэлтээ өнгөрсөн даваа (2018.06.11) гарагт УИХ-ын дарга М.Энхболдод хоёр дахиа өгөв. “Хоёр дахиа” гэсний учир нь тэрбээр хоёр сарын өмнө ийм утгатай хүсэлт гаргаж байсан ч эрх баригчид хүлээж аваагүйг нь хэвлэлүүд баримтаар ил болгосон. Хэнтий нутгаас 29-хөн настайдаа УИХ-д сонгогдож байсан Д.Гантулгын хүсэлтийг МАН-ын бүлэг, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж хүлээн авахаар шийдвэрлэлээ. Энэхүү шийдвэрийг УИХ-ын нэгдсэн чуулганаар эцэслэн хэлэлцсэнээр парламентад нэг гишүүний орон гарах юм. Эрх баригчид залуу гишүүнийхээ хүсэлтийг асуулт, хариултгүйгээр ярсхийтэл дэмжсэнээр улс төр дэх У.Хүрэлсүх, М.Энхболдынхны хүчний харьцаа 32:32 болох нь тодорхой болов.

            МАН-ынхан УИХ-ын 2016 оны сонгуульд үнэмлэхүй ялж 65 суудалтай болсон. Ж.Эрдэнэбатын тэргүүлж байсан Засгийн газрыг огцруулах улс төр өрнөж эхлэх үест тус намынхан У.Хүрэлсүхийн талын 33, М.Энхболдын фракцийн 32 болж хоёр хуваагдсан. Төрийн ордонд МАН-ынхан ийнхүү МАН-ынхантайгаа дажин дэгдээсний үр дүнд Ж.Эрдэнэбат тэргүүтэй мэргэжлийн Засгийн газар огцорч, У.Хүрэлсүхийг намын Бага хурлаас Ерөнхий сайдад дэвшүүлсэн нь өнгөрсөн намрын халуун улс төр. Гэвч намаасаа “виза” авсан У.Хүрэлсүхэд УИХ-ын босгыг давж Ерөнхий сайд болоход гол тээг болсон хүмүүс бол М.Энхболдын талынхан буюу мөнөөх 32-ын бүлэг. Түүнийг Ерөнхий сайдаар томилох эсэхийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх үед 32-ын бүлгээс, тодруулбал Ж.Эрдэнэбатын танхимд сайдаар ажиллаж байсан хүмүүсээс ганцхан хүн танхимд орж ирсэн нь Ц.Мөнх-Оргил гишүүн байв. Ө.Энхтүвшин тэргүүтэй бусад гишүүн яг тэр мөчтэй давхцан Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийж эсэргүүцлээ зарлаж байлаа. Гэвч “Улс төрд мөнхийн эрх ашиг гэж байхаас мөнхийн найз гэж үгүй” гэсэн Черчиллийн үгийг урваж шарвах, хуйвалдаж мэхлэх, ашиг сонирхлоороо худлаа ч болтугай нэгдэх гэж ойлгодог улстөрчдийн энэхүү эсэргүүцэл 33:32-ынхны тохиролцооны дараа өөрчлөгдөж Ө.Энхтүвшин Шадар сайд, Ц.Цогзолмаа БСШУС-ын сайд, Н.Цэрэнбат БОАЖ-ын сайд болов. Ерөнхийлөгч Х.Баттулга ч Д.Сумъяабазар, Ж.Бат-Эрдэнэ нарыг санал болгож гол салбаруудыг гарт нь атгуулав. Гэвч УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан энэ булайг нь чуулганы танхимд илчилж Ө.Энхтүвшин гишүүнийг улалзуулж байсан нь саяхан. У.Хүрэлсүхийн танхим ийнхүү МАН-ын 65 гишүүний бүрэн дэмжлэгтэй биш, харин ч 32-ын бүлгийн эсэргүүцэлтэй тулгарч, УИХ дахь АН-ын бүлгийн есөн гишүүний дэмжлэгтэйгээр арай ядан бүрдсэн удаатай.

            Парламентад, тэр дундаа УИХ дахь МАН-ын бүлэгт нэг гишүүний орон гарснаар У.Хүрэлсүх, М.Энхболдын талынхны хүчний харьцаа 32:32 болж тэнцэв. Анх дэмжсэн АН-ын ес өдгөө У.Хүрэлсүхийн танхимыг эсрэг хөдөлж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарыг нь хорхойтой араандаа зуучихсан яваа. Тэд М.Энхболдын талын 32-той хүч хавсарч, энэ Засгийн газрыг огцруулахад нэгдвэл МАН-ын дарга У.Хүрэлсүхийн танхимын хувь заяа эвгүйтнэ. Төрийн ордонд хоёр том цул болон хуваагдчихаад байгаа МАН-ын 32:32 бүлэглэл дотроо хэд хэдэн бичил фракцитай. Ингэж харвал, “Олон бичил фракцитайгаараа хэзээ ч хагарахад бэлэн” гэж тооцвол У.Хүрэлсүхийн гэгдэх 32-ын бүлэг хамгийн эмзэг бөгөөд хэврэг нь гэж болно. Учир нь У.Хүрэлсүхийн талын 32 М.Энхболдынхон шиг олон жилийн ашиг сонирхлын хэлхээ холбоогүй, МАН дахь Зүүний хүчний холбоо, НАМЗХ дахь хунтайжуудын эсрэг залуус, НАМЭХ дахь М.Энхболдын хүүхнүүдийн эсрэг хүүхнүүд, бялуу горьдогсод гэх мэт олон бичил хэсгээс бүрддэг. Энэ нь өдгөө “Засгийн газарт хүссэн сайдын суудалдаа сууж чадаагүй, том “бялуу” хүртээгүй” гэх мэт гологдогсод, гомдогсод гээд бас хуваагдсан гэж байгаа. Ерөнхийлөгчийн сонгуулиар өөрийнх нь эсрэг ажиллаж АН-ынхантай хүч хавсран унагасан, Ж.Эрдэнэбатын танхимыг огцруулсан гээд авч үзвэл М.Энхболдын фракцийнхан энэмэтчилэн У.Хүрэлсүхийнхний алдааг тоолж, ан цав болгоныг нь алдахгүй анаж суугаа нь тодорхой. Дээр нь У.Хүрэлсүхийн сайн дүү нар болох УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар сүүлийн үед 60 тэрбум, “Эрдэнэт”-ийн 49 хувь, оффшор гэхмэтчилэн М.Энхболдын талынхны “эмзэг цэг”-ээр оролдож чанга дуугарах болсон нь улс төрийн тулааны дараагийн хэсэг яаж өрнөхийг харуулна. Д.Гантулгыг УИХ-ын гишүүний бүрэн эрхтэй нь аварч үлдэх гэсэн биш намаараа, УИХ-аараа сошиал сүлжээнд баалуулж буй эрх баригч хүчнийхэн УИХ-ын 2020 оны сонгууль болоход хоёрхон жил үлдчихээд байхад хөгжил ярих биш, хөнжил ярьцгааж, хуучин дарин дээр шинэ давс нэмж байна. Ерөнхийлөгчийн талыг баримтлагчид У.Хүрэлсүх болон түүний танхимын сайд нарыг ил цагаан шоглож, УИХ дахь АН-ын бүлгийнхэн огцруулахгүй байгаа хоёр сайдынх нь асуудлаар У.Хүрэлсүх тэргүүтнийг Цэцэд өгч, Ж.Эрдэнэбатын Засгийн газарт сайдаар ажиллаж байсан МАН-ын гишүүд өдгөөгийн сайд нартай арцалдахтай зэрэгцэн нийслэлийн МАН-ын даргын суудлын төлөө МАН-ынхан МАН-тайгаа зодолдох болсон нь өдгөө ч үргэлжилсээр. Эрх баригч хүчнийхэн ийнхүү өнгөрсөн хоёр жилд улс орны төлөө гавьтай зүйл хийсэн нь үгүй, уриа лоозонгийн үгсээр хүмүүсийг хуурч, “МАН МАН-тайгаа зодолдоно” гэх зарчмаар улс төр хийсэн нь 2020 оны сонгуульд нэг нэгнээ татаж унагахын цондон болж, намынхаа 100 жилийнхээ ойг гудамжинд тэмдэглэхийг зөгнөөд ч байх шиг. Эрх мэдлийн хуваарилалт, “Эрдэнэт” тойрсон зодооноос эхтэй улс төрийн хямрал нь Тавантолгой төсөл, өмч хувьчлалаар үргэлжлэх шинжтэй. Энэ зодоон эрчээ авбал “шуурга”-нд хамгийн түрүүнд өртөх нь У.Хүрэлсүхийн танхим, цаашлаад түүний хашиж буй МАН-ын даргын алба. Тэр цагт У.Хүрэлсүхэд Женко байтугай нам дахь 32-ын бүлэг нь ч найдвартай ар тал болохгүй биз ээ. Ийм нөхцөл үүсэх нь тодорхой байсан учраас У.Хүрэлсүхийн талынхан Д.Гантулгыг явуулахгүй удсан биз ээ.    

Д.Гэрэл              

  • Шинэ
  • Их уншсан