У.Хүрэлсүх Хэнтийд нэр дэвшихгүй

Ёс зүйн асуудалд нэр холбогдсон Д.Гантулга УИХ-ын гишүүнээс бүрмөсөн чөлөөлөгдөх хүсэлтээ өгч, түүнийг нь УИХ дахь МАН-ын бүлэг, Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжсэн. Нэгдсэн чуулганаар ч хүсэлтийг хүлээж авах нь бараг тодорхой болов. Ингэснээр УИХ-д нэг гишүүний суудал гарч, Хэнтий аймагт нөхөн сонгууль зарлахыг хүлээх үлдэх нь ээ. Намууд ч хөдөлгөөнд орж, парламентад ганц ч атугай мандаттай болохыг хүсэх нь тодорхой. Д.Гантулга хүсэлтээ УИХ-ын даргад өгөхөө мэдэгдсэнтэй зэрэгцэн нэгэн таамаг олон нийтийн дунд үүссэн нь “Хэнтийд МАХН-ын дарга Н.Энхбаяр, МАН-ын дарга У.Хүрэлсүх нар халз өрсөлдөх үү” гэдэг асуулт. Ялтайд тооцох хугацаа нь хэдий нь дуусгавар болсон Н.Энхбаярын хувьд энэ бол улс төрийн гол тоглогч болон эргэж ирэхэд алдаж боломгүй боломж. Гэхдээ “хөгшин чоно” хаширлах болов уу яах бол гэдэг л байна. Эсрэг хүчнийхэн нь түүнийг эргэж ирүүлэхгүй байх өөр шалтаг гаргаад ирэх ч юм билүү... МАХН-ын дарга Н.Энхбаярыг МАХН-ын байртай холбоотой асуудал, Интерполоор эрэн сурвалжлагдаж буй дүү бүсгүй гэх мэтээр ухвал дэвшүүлэхгүй байх шалтаг гаргаад л ирнэ, цаадуул чинь. Харин МАН-ын дарга У.Хүрэлсүхийн хувьд өмнө нь хоёр ч удаа нэр дэвшин сонгогдож байсан Хэнтий нутагтаа дахин нэр дэвшихгүй л болов уу. Учир нь түүнийг УИХ-ын 2016 оны сонгуульд энэ аймагт нэр дэвшүүлэх гэж ятгаад МАН-ынхан бараагүй гэдэг. У.Хүрэлсүх намынхныхаа энэхүү шахалтаас мултарч, МАН-ын Удирдах зөвлөлөөс Д.Гантулгыг Хэнтийд нэр дэвшүүлсэн. Тиймээс У.Хүрэлсүх сонгуулийн үеэр аймгуудад намынхнаа дэмжин ажиллаж байлаа. Өдгээ тэрбээр МАН-ын дарга, Ерөнхий сайд гэсэн хоёр “Давхар дээл”-тэй. Хэдийгээр хүний, өөрийн намынхан түүнийг “УИХ-ын гишүүн биш” гэж өөнтөглөх гэж оролддог ч гудамжнаас ч хамаагүй орж ирээд намаа хөдөлгөх хүчтэй гэдгээ Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах үеэр харуулсан. Тэгэхээр түүнд Д.Гантулгын оронд нөхөн сонгуульд нэр дэвшиж зиндаа буурах шаардлага үгүй. “Өст хүн өлийн даваан дээр” гэдэг шиг Н.Энхбаяртай Хэнтийд өрсөлдөх нь ч юу ч вэ дээ. Дээр нь нөхөн сонгуульд өрсөлдлөө гэхэд нам, засаг хоёрынхоо ажлыг яах билээ. УИХ-ын 2020 оны сонгууль хаяанд тулчихсан байхад У.Хүрэлсүхэд Хэнтийд нөхөн сонгуульд нэр дэвшиж, шороотой хутгалдах шаардлага байхгүй байх аа.    

Д.Амар

  • Шинэ
  • Их уншсан