АН УИХ-д бүлэггүй болохвий...

УИХ-ын өнгөрсөн баасан гарагийн (2018.06.08) нэгдсэн хуралдаанаар МАН-ын гишүүн Д.Гантулга, АН-ын гишүүн Д.Мурат нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Улсын ерөнхий прокурорын саналыг хэлэлцсэн. Гэвч гишүүд орой болтол хуралдсаны эцэст аль алиныг нь аварч авч үлдсэн юм. Үүнээс улбаалж олон нийт МАН хийгээд ёс зүйн асуудалд хутгалдсан хоёр гишүүнийг “хамгаалсан” УИХ-ыг амралтын өдрүүдэд шүүмжилж, УИХ-ыг тарахыг шаардсан. Өөрийг нь, намыг нь, УИХ-ыг ийн хатуу эсэргүүцэж байгаагаас болсон уу Д.Гантулга чөлөөлөгдөх хүсэлтээ өнгөрсөн даваа гарагт УИХ-ын даргад өгөв. УИХ дахь МАН-ын бүлэг, Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд ч түүний хүсэлтэд нэг их цаг зарцуулсангүй дэмжлээ. Энэ асуудлыг маргааш нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ. МАН-ын гишүүн Д.Гантулга ийм шийдвэр хувиараа гаргасан бол АН-ын бүлгийн гишүүн Д.Муратын зүгээс ямар ч чимээ алга. УИХ дахь намынх нь хамгийн залуу гишүүний хувь заяаг шийдэх гэж байхад эгнэж зогсож байгаад муулсан шигээ МАН-ын хүүхнүүд ч Д.Муратын талаар ам нээсэнгүй. Тэгэхээр тэдний жадны үзүүр АН-ынхан руу биш МАН-ын дарга У.Хүрэлсүхийнхэн рүү чиглэсэн нь ойлгомжтой байгаа юм. Тэр дундаа “60 тэрбумынхан” гэгддэг М.Энхболдын фракцийн хүүхнүүд хоёр ч удаа хэвлэлийнхэнд хандсаныг өөрөөр яаж харах билээ. Жирийн айлын хүү Д.Гантулгыг “Баян айлын эрх хүү” мэтээр гоочилсон Д.Оюунхорол тэргүүтэн нам дахь хунтайжууд, АН-ын гишүүн Д.Муратын талаар ам нээхгүй байгаа нь шог биш үү. А.Ундраа мэтийн хүүхнүүд нь твиттерт АН-ын гишүүн М.Зоригттой “Муратынхаа өргөдлийг өгүүлэх хэрэгтэй” хэмээн хэрүүл хийж сууна.    

            С.Эрдэнэ гэдэг даргатай АН УИХ-д есөн гишүүнтэй. Хуулиараа гишүүдийнх нь тоо найм байж бүлэг байгуулдаг. Харин Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Д.Гантулга, Д.Мурат нарын талаар гаргасан УИХ-ын шийдвэрт хориг тавьснаар АН-ын бүлэг найман гишүүнтэй үлдэх нь тодорхой боллоо. Д.Муратын хүсэл зоригоос үл хамаарч шүү дээ. Түүнийг явуулснаар Баян-Өлгийд бас л нөхөн сонгууль зарлана. Тэрхүү сонгуульд АН ялахгүй бол УИХ-д найман гишүүнтэй болно. Энэ найман гишүүнээс МАН-ынхан Б.Наранхүү, Ж.Батзандан зэрэг “муужгайнууд”-аа өөрсдийн талд жинхэлбэл АН УИХ-д бүлэггүй болно гэсэн үг. С.Эрдэнийн намд ийм л нөхцөл байдал үүслээ. Хэвлэлүүд ч “С.Эрдэнэ дарга аа, Д.Муратын хүүхнийг олж ирж намаа авраач” гэж шоглоод эхэлчихэж... Намынх нь бүлэг тарвал юун У.Хүрэлсүхийн намтай үзэлцэх. МАН-д ч, АН-д ч эгзэгтэй нөхцөл үүссэн нь “Нөхөн сонгууль явуулахгүй байхвий” гэдэг таамаглалыг дэвшүүлэхэд хүргэж байна. Учир нь Хэнтийд нөхөн сонгууль явууллаа гэхэд МАХН-аас Н.Энхбаяр дэвшвэл МАН, АН-ын ямар ч “бурхан”-тай өрсөлдсөн өчиггүй ялна. Нэг ёсондоо, тэр улс төрийн гол тайзыг дахин эзэгнэж эхэлнэ. Тиймээс Н.Энхбаярыг эргэн ирүүлэхийг МАН, АН ч хүсэхгүй. АН нэг суудлаа зөнд нь хаялаа гэхэд УИХ-д хүч тарамдана. Амь амиа бодлоо гэхэд АН нь балрах учраас С.Эрдэнэ Баян-Өлгийн мандатаа алдахгүй байхад хүссэн ч, хүсээгүй ч анхаарах л болох нь. Дотоожны хэргээс үүдэлтэй улс төр МАН-ыг ч, АН-ыг ч ийнхүү мухардалд орууллаа. Яг Ц.Нямдорж хуулийн мухардалд ордог шиг...

Г.Ганбилэг   

  • Шинэ
  • Их уншсан