Налайх дахь мах боловсруулах үйлдвэр энэ намар ашиглалтад орно

НИТХ-ын дарга С.Амарсайхан, НИТХ-ын Тэргүүлэгч Ц.Байгалмаа, П.Баярхүү нар болон НХХААГ, НАЗХГ, НГА, НМХГ-ын албаны  хүмүүсийн хамтаар Налайх дүүрэгт баригдаж буй мах боловсруулах үйлдвэр барих төслийн үйл ажиллагааны явцтай танилцлаа. Энэхүү мах боловсруулах үйлдвэр нь иргэдэд үйлчлэх үйлчилгээний байр, бэлэн болгосон бүтээгдэхүүнийг зарж борлуулах төв, бог, бод  малыг төхөөрөх байр гэсэн таван хэсэг барилгаас бүрдэх юм байна. Нийт 6.2 га газарт энэхүү бүтээн байгуулалтын ажил хийгдэхээр төлөвлөгджээ. Тус үйлдвэр нь ашиглалтанд орсноор мал нядлах, мах болон дайвар бүтээгдэхүүнийг боловсруулах, худалдан зарж борлуулах үйлчилгээ үзүүлэх бөгөөд жилийн дөрвөн улиралд ажиллах ажээ. Бүтээн байгуулалтын гүйцэтгэлийг “МБҮ” ХХК хийж байгаа юм. Тус үйлдвэр ашиглалтанд орсон тохиолдолд өдөрт 7500 бог, 1500 бод нядлах хүчин чадалтай, энэ салбарт хамгийн сүүлийн үеийн чанар стандартыг хангасан тоног төхөөрөмжийг байршуулан ажиллуулсан үйлдвэр болно гэдгийг төсөл хэрэгжүүлэгчид хэллээ. Мөн үүнийг дагалдан шинээр 700 ажлын байр бий болно гэж тооцжээ.


“МБҮ” ХХК-ийн ерөнхий захирал С.Бямбасүрэн ”Бид нийслэлийн иргэдийг 100 хувь эрүүл, чанартай махаар хангаж, боломжийн үнээр авах боломжийг бүрдүүлэх зорилготой. Мах бэлтгэх үйлдвэрийг нь, худалдааны захтай нь хамт дэлхийн стандартад нийцүүлэн байгуулахаар ажиллаж байна. Энэ төслийг хувийн хөрөнгө оруулалтаар эхэлсэн. Манай төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хот руу орох махыг лабораторын шинжилгээгээр оруулж, үйлдвэрийн аргаар бэлтгэн зориулалтын машинаар тээвэрлэнэ” гэсэн юм.


Мах боловсруулах үйлдвэрийг хотоос зайдуу барихаар төлөвлөсөн ч Баянзүрх, Налайх дүүргийн хилийн зурвас хэсэгт буюу Налайх дүүрэг рүү зорчих Оргил худалдааны төвийн хойно тус  хооронд бүтээн байгуулалтыг эхлүүлсэн байна. Махны үйлдвэрийн дэргэд малын зах баригдахаар төлөвлөгдөж байгаа асуудалтай холбогдуулан НИТХ-ын тэргүүлэгч Ц.Байгалмаа  "Малын гоц халдварт өвчинөөс урьдчилан сэргийлэхийн тулд замын постуудыг Налайх дүүргээс зайдуу байрлуулсан байтал энэ төслийн хувьд малын захыг хамтад нь  шийдвэрлэсэн нь  нийслэл  хот руу  малын өвчлөл орохгүй гэсэн баталгааг бууруулах эрсдэлийг бий болгож байна. Тиймээс энэ асуудалд анхааран ажиллах ёстой"  гэсэн санал илэрхийллээ.

Энэ үеэр НИТХ-ын дарга С.Амарсайхан “Нийслэлийн иргэдийг эрүүл баталгаатай хүнсний бүтээгдэхүүнээр хангах хөтөлбөрийн бий. Үүний хүрээнд Налайх дүүргийн нутаг дэвсгэрт махны үйлдвэрийн хөрөнгө оруулалт хийгдэж, дөрөвдүгээр улиралд үйл ажиллагаа нь эхлэхээр төлөвлөгдөж байна. Энэ ажлыг хөрөнгө оруулалтын талаас нь дэмжих шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Нөгөө талаараа нийслэлийн нутаг дэвсгэрт амьд малын зах ажлуулах асуудлыг эргэж харах ёстой. Үүний улмаас малын гоц халдварт элдэв өвчин нийсллэ хотруу орох  магадлалтай. Тиймээс нийслэл болон хөрөнгө оруулагч талаас ажлаа уяалдуулж, тулгамдаж буй асуудлаа хамтдаа шийдвэрлэх чиглэл өгч байна” гэсэн юм. Мөн тэрбээр махны үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцах үеэр тус үйлдвэрийн захиралд хандан Налайх дүүргийн  удирдлагуудтай ойлголцож хамтран ажиллах, үйлдвэр баригдах болон баригдсаны дараах ажиллах хүчийг Налайх дүүргийн иргэдээс сонгон шалгаруулж ажиллуулах чиглэлийг өгсөн бол малын захыг үйлдвэрийн дэргэд биш, сууршлын бүсээс зайдуу байршуулах, үүнтэй холбоотой замын постыг шинэчлэн байгуулах  үүргийг нийслэлийн холбогдох агентлагийн дарга нарт өглөө.





НИТХ-ын ХМОНХТ

 

 

  • Шинэ
  • Их уншсан