В.Алзахгүй: БСШУСЯ дампуурсныг зарлахад долоо хоног үлдлээ

МАН эрх барьж буй энэ үед салбар хариуцсан яамдаас хамгийн их хэл ам дэгдээж буй нь БСШУСЯ. Жил бүр хамгийн их төсөв тусгуулдаг яамдын нэг болох тус яамны сайд өөрчлөгддөг ч салбарт нь өөрчлөлт гарах нь бүү хэл нам, фракци, нутаг ус, тойрон хүрээлэгчдийн “оромж” болж нүүдлийн шувууд шиг нөхөд нэг бол огцордог, үгүй бол гавьтай ч зүйл хийлгүй байсаар сонгуулийн дараа ажлаа өгдөг жишиг тогтсоор удлаа. Гэвч боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорт гэсэн томоохон салбаруудыг эрхлэх ажлынхаа хүрээнд багтаасан энэ яаманд сайд нь албатуудаа дагуулан ирж улстөржилтийн үүр уурхай болгодог үзэгдэл одоо ч хэвээр байна. Ц.Цогзолмаа сайдын үед энэ байдал хэрээс хэтэрч, улаан цагаандаа гарсныг улстөрчид, салбарынхан, хэвлэлийнхэн баримт юутай нь илчилдэг ч эрх баригч хүчний эрх мэдлийн томоохон “бялуу”-г хүртсэндээ эрддэг үү тэрбээр “Намайг хэн хэлж, нохойг хэн саах вэ” гэсэн шиг л байдаг. БСШУСЯ дахь эл байдал ужгирсанд салбарын туршлагатай мэргэжилтнүүд эгдүүцэж сошиал ертөнцөд дуу хоолойгоо нэгтгэж эхэллээ. Тухайлбал, тус яаманд ажиллаж байсан, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор В.Алзахгүй фэйсбүүк хуудастаа “МИНИЙ АРВАН ХОЁР САЙД. Миний бие 1996 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Гэгээрлийн яамны босгыг анх алхан оржээ. Манай сайд эрдэмтэн Ч.Лхагважав байв. Миний амьдралд тохиолдсон хамгийн хүнлэг, даруу, эрдэмтэй, бурхан шиг хүн. Дараа нь оюутны байранд 3 жил үймж, шуугилдаж өссөн төрсөн дүүгээс ялгаагүй Ч.Сайханбилэг минь. Тэгээд л цаашаа явж өгнө. А.Баттөр, А.Цанжид, П.Цагаан, Ө.Энхтүвшин, Н.Болормаа, Ё.Отгонбаяр, Гантөмөр, Ж.Батсуурь, Г.Чулуунбаатар, Ц.Цогзолмаа. 22 жилд 12 сайдын нүүр үзжээ. Аз түшиж олонхи нь сайд, сайдтай төстэй хүмүүс байв. Бас миний аз түшиж, ихэнх нь ойр дотны хүмүүс маань байлаа. Унаган багын, нутгийн найз А.Цанжид, нэг сургуулийн төрснөөс ялгаагүй охин дүү Н.Болормаа, Москвагийн аспирантурын найз дүү, намын журмын нөхөр Ө.Энхтүвшин минь, ухаантай, бодлоготой Пунцагийн Цагаан, академич Чулуунбаатар гээд. Цөм л болгож бүтээхийн төлөө зүтгэцгээсэн нь мэдээж. Ё.Отгонбаярыг иртэл миний батлалцсан "Төрийн албаны тухай хууль" хэрэгжиж байсан юм. Мэргэшсэн аппаратыг хэн нь ч хольж, сольж бужигнуулж байгаагүй. Газар, хэлтсийн дарга нарын хувьд 2-3 хүний түвшинд нааш, цааш болгох, сэлгэх асуудал гарч байсан байж магадгүй. Мэргэжилтнүүдийг хэн нь ч хөдөлгөж байгаагүй. Тойрон хүрээлэгч маягийн хүмүүсээ дагуулан ирж, аминчирхаж, шивнэлдэж, цөөхөн хүний хүрээнд асуудлыг ярьж шийддэг, аппаратын үндсэн ажилтнуудыг амьгүй албат болгодог увайгүй үйлдлийг манай намын Ё.Отгонбаяр эхлүүлсэн. Гантөмөр гэгч үүдний нарийн бичгийн даргаасаа эхлээд өөрийн гэсэн хүмүүсээр багаа бүрдүүлж, бараг үүд хаалгаа түгжиж аваад нам нийлж, сэм хуйвалдах аргаар яамыг удирдсан. Харамсалтай нь МАН-ын Ж.Батсуурь энэ муу жишгийг улам баяжуулан "хөгжүүлж", мэргэшсэн, тогтвортой ажиллаж ирсэн аппаратыг бусниулж өгөөд зайгаа тавьсан. 1990 оноос хойш МАХН-МАН-ын хувь заяаны хувьсал, өөрчлөлттэй ойр явж, улс орны 30 шахам жилийн түүхийн нэгэн гэрч, бичээч болж яваагийн хувьд надад хэлэх үг, бичих сэдэв бий. Юуны өмнө манай МАН-д юу болоод байна аа. Энэ 65 гишүүн ах дүүгийнхээ, хамаатан садныхаа, найз нөхдийнхөө амьдралыг өөд татах гэж сонгогдож, тангараг өргөсөн юм уу. Энэ удаад ганцхан өгүүлбэр хэлье. БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМ дампуурсныг зарлахад долоо хоногийн хугацаа үлдсэн байна” хэмээн бичжээ. Түүний бичсэнээс харвал, мэргэжлийн хүмүүсийн орон зайг намчид эзэлдэг байдал БСШУСЯ-д бүр ужгирч урхагшсаныг эгдүүцэж, томоохон акци зохион байгуулахаар бэлтгэж байгаа бололтой. Тэд Ц.Цогзолмаагийн удирдаж буй яам хийгээд салбарын дампуурлыг ямар ноцтой баримттайгаар зарлах нь олны анхаарлыг татаж байна.





Л.Номин

Top of Form

Bottom of Form

 

  • Шинэ
  • Их уншсан