Л.Оюун-Эрдэнэ М.Энхболдынхны эсрэг ганцаарчилсан тоглолт хийж эхлэв

          Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга М.Энхболд буюу МАН-ын одоогийн дарга ба МАН-ын экс даргын фракцийнхны харьцаа 32:32 болсон. Тодруулбал, Д.Гантулга УИХ-ын гишүүнээс бүрмөсөн чөлөөлөгдсөнөөр У.Хүрэлсүхийн фракциас нэг гишүүн хасагдав. Парламент дахь хамгийн залуу гишүүний ёс зүйн алдаан дээр дөрөөлсөн улстөржилт нэг жил үргэлжилж, иймэрхүү өрнөлтэйгөөр эцэс болов. Д.Гантулгын хувьд Төрийн ордон дахь бүлэглэлүүдийн тоглоомноос нэгэнт хасагдаж жирийн иргэн боллоо. Харин одоо хүч тэнцсэн 32:32 энэ хэвээр оршин тогтнох уу, аль эсвэл аль нэгнийх нь хүчийг сулруулах тоглолтоор үргэлжлэх үү. Ямартай ч МАН МАН-ын эсрэг хийж буй тоглолт 2020 оны сонгууль хүртэл үргэлжилж, намынхаа 100 жилийн ойг гудамжинд тэмдэглэцгээх үү гэдэгтээ тулаад байна.    

            УИХ-ын дарга М.Энхболд Төрийн ордонд 32-ын бүлэгтэйгээс гадна Сүхбаатарын талбайн баруун, зүүний манлайг холбосон “Хотын фракци”-тай. МАН дахь М.Энхболд, У.Хүрэлсүхийн гэх хоёр том бүлэглэлийн дунд нийслэлийн МАН-ыг мэдэлдээ авах гэсэн тулаан ид үргэлжилж байна. М.Энхболдын фракциас хотын мэр Су.Батболд нийслэлийн МАН-ын даргын үүрэг гүйцэтгэгчийн албаа жинхлэхээр зүтгэж байгаа бол нөгөө жигүүрээс УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар дэвж байна. Д.Сумъяабазарын хувьд, Ерөнхийлөгч Х.Баттулгын дэмжлэгтэйгээр У.Хүрэлсүхийн танхимд багтсан. Ерөнхийлөгч ба Ерөнхий сайдыг холбосон ашиг сонирхлын гинжин урвал дунд ах, дүүсийн нэгэн төлөөлөл бол Д.Сумъяабазар. Өөр нэгэн төлөөлөл нь УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ба найруулагч Б.Баатар нар юм. Төрийн хоёр өндөрлөгийн ивээлд байдаг ч гэж болохоор Л.Оюун-Эрдэнэ гишүүн Хэнтий нутгаас УИХ-д хамт сонгогдсон Д.Гантулгыг гишүүнээсээ бүрмөсөн чөлөөлөгдмөгц М.Энхболдынхны эсрэг “дайн” зарлав. “60 тэрбумын аархагчид”-ын нэг болон дүрс бичлэгт дүр нь үлдсэн Х.Энхжаргалын удирддаг АТГ-ын өмнө өнөөдөр (2018.06.16) энэ тухайгаа мэдэгдсэн нь санамсаргүй тохиолдол ч биш байх. “60 тэрбум”-ын гэх хэрэг явдлын гол дүрээр тодорсон М.Энхболдыг УИХ-ын даргаас огцортол УИХ-ын хуралдаанд оролцохгүйгээ тэр мэдэгдсэн. Үүгээр ч зогсохгүй хууль хяналтынхан “Эрдэнэт”-ийн 49 хувь, “Стандарт” банкны асуудлыг шалгахдаа хойрго хандаж байгааг хатуу шүүмжлэв. Харин Л.Оюун-Эрдэнэд энэ бүхний хариуд ямар цохилт ирэх бол. Хэнтий нутгаас хамт сонгогдсон Д.Гантулга өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Х.Баттулгын оффшор хөрөнгийг илчилснийхээ горыг амсч буйгаа нэг бус удаа мэдэгдсэн ч эцэст нь УИХ-ын гишүүний мандатаа “хураалгалаа”. Ерөнхийлөгчийн “Сошиал шигшээ багийнхан” Д.Гантулгын асуудлыг нэг жил сэвж, эрхэм гишүүнийг буулгаж авахад гол үүрэг гүйцэтгэснээрээ У.Хүрэлсүхийг давхар чадав. Энэ удаад Л.Оюун-Эрдэнийг ямар үр дүн хүлээж байгаа бол. Түүний зүгээс хийсэн гэнэтийн мэдэгдлийг “Д.Гантулгынхаа хариуг М.Энхболдоос авах гэж байна” гэж харвал дэндүү жижиг хэрэг биз. “Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Ц.Нямдорж сайд тэргүүтэн “Амиа өгөхөөс буцахгүй тэмцэнэ. Хуулийн хайч хөдөлгөнө” гэсэн амлалтдаа хүрэхгүй байгаа учраас гудамжинд гарч төрийн бус байгууллагууд, олон нийттэй хамтарч улс даяар хөдөлгөөн өрнүүлнэ” гэж Л.Оюун-Эрдэнэ гишүүн мэдэгдсэн. Ах нараа ч ийн шүүмжилж байгааг харахад эрхэм гишүүний игзаар үнэхээр хүрсэн бололтой. Юутай ч М.Энхболдын эсрэг ямар улс төр хийхийг нь харцгаая. Энэ бол зүгээр ч нэг тодрох гэсэн тоглолт биш болов уу.

А.Амараа

  • Шинэ
  • Их уншсан