“60 тэрбумын аархагчид”-ын нэг Х.Энхжаргал У.Хүрэлсүхээс хонзонгоо авч байгаа нь энэ үү

          АТГ-ынхан Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн экс туслах Н.Энхбаатарыг саатуулжээ. Цахим хэвлэлүүдээр гэнэт тархсан албан бус энэхүү мэдээллийн агуулга нь “Нөхөр Н.Энхбаатар нь 600 саяын авлига авч байгаад баригдсан. Төрийн албыг дамлан зарсан байж болзошгүй” гэх адилхан утгатай. Сэжигтэй бөгөөд олон нийтэд “Аан, энэ У.Хүрэлсүхийн фракцийнхан ч бас албан тушаалыг үнэлж, наймаалцдаг юм байна” гэх ойлголтыг төрүүлэх гэсэн зорилтот мессэж мөн биз! УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ 2016 оноос хойш буюу хоёр жил дамнан олон нийтийн шүүмжлэлийн бай болж буй “60 тэрбумын хэрэг” гээчийн хайнааг хагалж, УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулж, нээлттэй сонсгол хийх шаардлага хүргүүлсэн биш АТГ-ынхныг “гомдоочихоод” байгаа. Эрхэм гишүүний энэхүү шаардлагад Ерөнхийлөгч Х.Баттулга хүч нэмж, УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулж, АТГ-ын дарга Х.Энхжаргалд хариуцлага тооцох асуудлыг М.Энхболдод албан бичгээр хүргүүлсэн ч таг чиг. Өөртэй нь холбоотой хууль бус асуудлыг хөндөж, хууль хяналтын байгууллага дахь гол “зэвсэг”-ээр нь оролдож байхад “Өө, тэгье тэгье. Бүгдээрээ сууж байгаад нээлттэй сонсголоо хийе” гэх тэнэг ч гэж хаана байх вэ. Хамгийн инээдтэй нь АТГ-ын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасаннямын “Нулимстай захидал” очих ёстой эзэндээ буюу УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцангийн гарт очоогүйг эрхэм гишүүн сэтгүүлчдэд мэдэгджээ. Хашир хуульч Д.Лүндээжанцан тэр бичгийг хүлээж авсан ч “Мэдэхгүй” гэж мэлзмээргүй л юм. Харин АТГ-ын комиссарын захидлыг жанжны гарт хүргэх учиртай “Дарьбазар” замдаа бүтэлгүйтчихэв үү яав... УИХ-аар даргаа томилуулж, төсвөө батлуулдаг АТГ-ынхан ийнхүү “60 тэрбумын хэрэг” гээчийг шударгаар шалгах биш, энэ хэргийг тойрсон эмгэнэлт драммд өөрсдөө тоглох боллоо.

            Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар АТГ-ын дарга Х.Энхжаргалыг наадмын өмнө гурван ч удаа дуудаж уулзжээ. Чингэхдээ “Ажлаа өг” гэдэг сануулгыг товч бөгөөд тодорхой өгсөн аж. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр зэрэгцэж суучихаад өөрийг нь шахаанд оруулсанд сандарсан Х.Энхжаргал комиссар ёстой л “Юун гуя вэ” гэдэг жүжгийг дэглэж эхэлсэн нь У.Хүрэлсүхийн туслахаар ажиллаж байсан залууг саатуулсан явдал бололтой. Нэг өдөр нэгэн зэрэг “Тодорхой зорилготой” гэж хардаж сэжиглэмээр цацагдсан энэхүү мэдээлэл олон нийтийн дэмжлэгийг авах бус “60 тэрбум”-ын авлигачидтай тэмцэхээс айдаг, авлига, албан тушаалын хэргээр шалгагдаж буй сэжигтнийг албан өрөөндөө хооллодог Х.Энхжаргал тэргүүтэй АТГ-ынхан “600 саяын авлигын хэрэг илрүүллээ” гэдэгт итгэх тэнэг байх уу” хэмээн шоолж байна. Нээрэн юун гуя вэ, Х.Энхжаргал дарга аа! Төрийн албыг наймаалцах тухай хэдэн цагийн аудио бичлэгийг нотлох баримтын хэмжээнд үнэлж, энэ хэргийг шалгаж эцэслэж чадахгүй бүтэн хоёр жил бойтоглож суугаа АТГ-ынхан “60 тэрбумын хэрэг”-ийн талаар нээлттэй сонсгол явуулахыг шаардаж буй УИХ-ын гишүүнийг албан бичгээр айлгаж, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргын нэр дээр тунирхсан захидал бичиж, бүр сүүлдээ “Х.Энхжаргал аа, ажлаа өг” гэж сануулсан У.Хүрэлсүхэд хонзогнохдоо олон жилийн өмнө туслахаар нь ажиллаж байсан залууг саатуулсан нь үнэхээр шог бус уу. АН эрх барьж, Н.Алтанхуяг Ерөнхий сайд байх үед АТГ-ынхан түүний охин, хүргэн, ахлах зөвлөх, ер Н.Алтанхуягтай нэр холбогдсон хүн болгоныг шалгаж, саатуулж, зарим нь бүр шүүхээс ял сонсож байсан. Арай энэ “технологи”-оо Ерөнхий сайд У.Хүрэлсүх дээр хэрэгжүүлж эхэлж байгаа юм биш биз. Сошиал ертөнцөөр нэг энэ тухай хардлага хөвөрч байна. Угтаа АТГ-ын дарга Х.Энхжаргал тэргүүтэн У.Хүрэлсүхийн экс туслахад эр бяраа гаргах биш, өөрийг нь огцруулах асуудлыг байнга хөндөж буй Ерөнхийлөгч Х.Баттулгатай л барьцалдмаар юм. “М.Энхболдоос албан тушаалын “бэлэг” авч АТГ-ын дарга болсон юм” гэж айж эмээж, барьцаалагдалгүйгээр дуулиант “60 тэрбумын хэрэг”-ийг үнэн зөвөөр шалгаад өгвөл АТГ-ын даргын анд найз М.Энхболд нь ч нэг нэр, хоёр хоч зүүхгүй чих амар болохсон. Нам дамнасан авлигын “аквариум”-д жинхэнэ “акулууд” амар тайван сэлж байхад “жараахай”-тай ноцолдож жижгэрэхийн хэрэг байна уу, Х.Энхжаргал дарга аа... Тэр нь тэгээд яг жинхэнэ “жараахай” мөн ч юм уу, биш ч юм уу хэн нотлох вэ. Ямартай ч АТГ-ынхан Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн туслахаар ажиллаж байсан залууг саатуулсан нь нэг л танил технологи харагдаад байна. Экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, бас нөгөө сайд асан Г.Шийлэгдамбыг яалаа!?

Г.Цог      

  • Шинэ
  • Их уншсан