Иргэдийн тав тухад анхаарал хандуулсан нь С.Амарсайханы буруу юу

Улаанбаатар хотын шинэхэн мэр С.Амарсайхан нийслэлийн Засаг даргын 2015 оны долдугаар сарын 9-ний өдрийн А609 захирамжаар архи, согтууруулах ундаагаар үйлчлэх, тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээний газруудын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг шөнийн 04 цаг байхаар тогтоосныг эргэж харахыг 2019 оны гуравдугаар сарын 13-нд үүрэг болгосон. С.Амарсайхан даргын даалгавар сошиал ертөнцөд ид шум дэгдээж байна. Зарим нь “Сая гаруй иргэнтэй Улаанбаатар хотод хатуу диктатур тогтоох гэлээ” гэж эсэргүүцэж байгаа бол олонхи нь “С.Амарсайхан даргын зөв. Үүрийн 04 цаг хүртэх архидах ямар хэрэг байна вэ. Эрүүл мэндээ хохироохын зэрэгцээ ажлын бүтээмжгүй болно. Ер нь гэртээ харих зам хамгийн зөв зам шүү” хэмээн бичицгээж байна. Үнэхээр тийм биз дээ!? Үүр цайтал архидан согтуурахын ач холбогдол гэж юу байна вэ. Энэ асуултад “Тийм ийм ач холбогдолтой” гэж дурдах хүн лав гарахгүй л болов уу. Харин ч иргэдийн эрүүл мэнд, эдийн засагт гарз, зарлагатайн зэрэгцээ их хотын амар амгалан байдалд ч сөрөг нөлөөтэй. Орон сууцны орц, хонгил, нэгдүгээр давхарт байрлах бар, ресторан, караоке тэр хавийн иргэдийн тав тухыг эвдэцгээхийн зэрэгцээ гэмт хэрэг гарах нэгэн томоохон шалтгаан болдог нь ч тодорхой юм. Тиймээс эл асуудлыг эргэн харахыг үүрэгдсэн хотын мэр С.Амарсайханы зөв өө. Тусгай зөвшөөрөл тойрсон авлигын сүлжээ хэрхэн цэцэглэснийг ч хүн бүр л ярьцгаадаг.  

            С.Амарсайхан нийслэл хотын Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч болсныхоо дараахан “Шөнийн гудамж гэж одооноос эхлэн байхгүй болсныг ойлгоорой” гэж хэлсэн нь олны анхаарлыг татсан. Энэ ч бас их хотын иргэдийн тав тухад нийцсэн тодорхой бөгөөд түс тас үг байлаа. Дэлхийн томоохон хотуудын жишгээр Улаанбаатар хотод шөнийн гудамж байгуулж, иргэд үдшийн цагаар зугаалах, хамт олон, найз нөхөд, гэр бүлээрээ оройг хамтдаа өнгөрүүлэх, залуус чөлөөт цагаараа дуулж хуурдан, цагийг хөгжилтэй өнгөрүүлэх зэрэг эерэг үр дүн гарсан хэдий ч сөрөг үр дагаврууд бий болсныг энд дурдах нь зүйтэй болов уу. Ерөөс шөнийн гудамж бий болсны дараахан тэр хавьд амьдардаг иргэдийн зүгээс “Шөнө унтаж чадахаа болилоо. Чанга хөгжим, хүмүүсийн хашгиралдаан, архидан согтуурагсдын хөлчүүрхлээс амар тайван байж чадахгүй болсон. Шөнийн гудамжны байршил нь буруу байна аа” гэсэн гомдол тасраагүй. Албаныхны хэлж байгаагаар, шөнийн гудамж орчимд хэв журам алдагдсанаас үүдэлтэй 200 гаруй дуудлага цагдаагийнханд ирдэг гэх. Ганцхан шөнийн дотор шүү дээ. Өөрөөр хэлбэл, энэ нь нийслэлийн дүүргүүдэд гардаг гэмт хэрэг, хэв журмын зөрчилтэй холбоотой дуудлагаас ч илүү гэсэн үг аж. Шөнийн гэх тодотголтой, гэрэл гялбасан гудамж хулгай, дээрэм, гадаадын жуулчдыг дээрэмдэх, биеэ үнэлэх гээд гэмт хэргийн “үүр уурхай” болчихоод байсныг ч анхаарах хэрэгтэй. Тэгэхээр энэ бүхнийг цэгцэлж, их хот, иргэдийнхээ амар тайван байдалд анхаарал хандуулж хэлсэн С.Амарсайханы байр суурь зөв байгаа биз.   

  • Шинэ
  • Их уншсан