Эрх баригчид АТГ-ыг Х.Баттулгад бэлэглэж, номхотгох цамц өмсөцгөөх үү

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 18-нд хуралдана. Энэ удаад нийт найман асуудал хэлэлцэхээс улс төрийн хүрээнийхэн хийгээд олон нийтийн анхаарлыг хамгийн их татаж байгаа нь АТГ-ын удирдлагуудыг томилох явдал юм. АТГ-ын дарга нарыг огцрохыг шаардсан гудамжны жагсагчдын шаардлага, “Женко” Х.Баттулгын хүмүүсээс бүрдсэн АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийнхнөөс Х.Энхжаргал дарга руу чиглэсэн сөрөг давшилт, МАН дахь “60 тэрбумынхан” ба ЖДҮ-чдийн хагарал, “Эрдэнэт”-ийн 49 хувь болон түүнийг худалдан авсан талынхныг хоморголон саатуулсан явдал зэрэг улс төрд үргэлжлэн өрнөж буй явдлуудын дараа Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулах саналаа УИХ-ын даргад хүргүүлж, УИХ саналыг нь хүлээн авсан. Түүний дараахан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “АТГ-ын даргад ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга Д.Даваа-Очирыг, дэд даргад АТГ-т хэлтсийн дарга, ШШГЕГ-т мөн удирдах алба хашиж байсан Ж.Батсайханыг санал болгож байна” гэж сэтгүүлчдэд мэдэгдсэнээс харвал “Ерөнхийлөгч Х.Баттулга МАН-ынхантай энэ талаар тохиролцчихжээ” гэж харахаар... Гэвч бодит байдал дээр өөр бололтой. Учир нь эрх баригч хүчний зарим гишүүн “МАН АТГ-ын удирдлагыг Х.Баттулгад “бэлэглэвэл” 100 жилийнхээ ойг хаана тэмдэглэх нь бараг тодорхой биз дээ” гэх ёжтой хариултыг өгч байна. Үүнээс гадна “Ерөнхийлөгчийн санал болгосон хоёр хүнийг УИХ шууд томилчихгүй байх. МАН-ын Удирдах зөвлөлөөр энэ асуудлыг хэлэлцэх ёстой” гэсэн байр суурьтай байгаа аж. Үнэхээр ч эрх баригчид улстөрчид, төрийн албан тушаалтнуудын аранга болсон АТГ-ыг Ерөнхийлөгч Х.Баттулга, бүр цаашилбал АН-ын мэдэлд өгвөл УИХ, НИТХ-ын 2020 оны сонгуулийн өмнөхөн 2012 онд аймгуудын Засаг дарга нараас эхлээд МАН-ын томоохон хандивлагч болох “Сод Монгол”-ын Ц.Анандбазарыг сонгуульд нэр дэвшигчийнхээ үнэмлэхийг дөнгөж гардаад байхад хууль хяналтынхан саатуулдаг шиг үйл явдал шил дараалан өрнөхийг үгүйсгэшгүй. МАН 2012 онд ялагдсан шалтгаануудын нэгд ч энэ нь зүй ёсоор орно.

АТГ-ыг Х.Баттулгын хүмүүс удирдаж эхэлбэл юу болох вэ. Ямартай ч “60 тэрбумынхан”, ЖДҮ-чид хамгийн эхний бай болно гэдэгт эргэлзэх хэрэггүй юм. Улсын ерөнхий прокуророос УИХ-ын хаврын чуулганы үеэр дахин таван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа оруулах талаар О.Баасанхүү гишүүн ам алдсан удаатай. Дээр нь Ерөнхий сайд асан С.Баяр нарт холбогдох хэрэг АТГ-ын хар дансанд хэдийнэ орсон бол МАН-ын зарим удирдлагад шинээр хэрэг үүсгэн шалгаж байгаа гэх мэдээлэл бий. Энэмэтчилэн МАН-ынхан дээр “спорт загасчлал”-ын аргыг хэрэглэх “зугаатай” өдрүүдийг Ерөнхийлөгч Х.Баттулга, АН дахь түүний дэмжигчид сэм хүлээж суугаа биз. Тэгээд ч Ерөнхийлөгчийн зөвлөх, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн залуус АН-ын дарга С.Эрдэнийг огцрохыг шаардаад эхэлчихлээ шүү дээ. Улс төр дэх энэхүү тектоник хөдөлгөөнийг харвал, Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг нар АТГ-ын удирдлагыг гартаа оруулсныхаа дараа МАН-ынханд номхотгох цамц өмсгөж, С.Эрдэнээс АН-ыг салгаж эрх мэдлээ улам бэхжүүлэх тактикийг хэрэгжүүлэх бололтой. Х.Баттулга гэдэг хувь улстөрчид АН-ыг 2020 оны сонгуульд үнэмлэхүй ялуулдаггүй юм гэхэд УИХ дахь суудлынх нь тоог одоогийнхоос нэмэгдүүлж, 2021 онд Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөх бодол байгаа нь тодорхой. Тэр болтол АН-ыг С.Эрдэнэ гэдэг “дайсан”-аараа удирдуулмааргүй байгаа нь бүр ч ойлгомжтой. Харин “МАН-ын түүх Сүх гэдэг хүнээр эхэлж Сүх гэдэг хүний үед төгсгөл болно” гэх хэн зохиосон нь мэдэгдэхгүй үгийг бодит байдал дээр хэрэгжүүлэх хүн нь Сүх биш, Х.Баттулга гэдэг хүн болчих гээд байгаа мэт. Учир нь Ерөнхийлөгч Х.Баттулга санасандаа хүрч АТГ-ын удирдлагыг өөрийн хүмүүсээр томилуулбал маргаашнаас нь МАН-ынхны хувь заяа хар бараанаар шийдэгдэж эхлэх биз ээ. Сүх гэдэг хүн тэр үед юу бодож суух бол. Сүүлдээ тэгээд төдийгөөс өдий хүртэл шударга бусын хонгилыг нураах гэж хамтдаа тэмцсэн Ерөнхийлөгч Х.Баттулгатайгаа дайсагналцдаг баатар болох уу. Эрх баригчид АТГ хэмээх том “хөзөр”-өө алдвал юун 20 оны ялалт, 100 жилийн ойн баяртай манатай болох биз ээ. Тэр цагт Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх хуучны анд М.Энхболдтойгоо дахин нэгдэж, Х.Баттулга тэргүүтний эсрэг хөдлөх ч юм билүү. Улс төрд мөнхийн эрх ашиг гэж нэг юм бий шүү дээ.         

  • Шинэ
  • Их уншсан