Х.Баттулга Н.Энхбаярыг цагаатгаж, эхлээд Ц.Элбэгдорж, дараа нь У.Хүрэлсүхийн эсрэг ашиглах уу

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр улс төрийн гол тайзнаа дахин гарч ирэв. Гэхдээ тэрбээр энэ удаад төвийн тоглогчийн дүрээр биш, Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон бусад өрсөлдөгчийнхөө эсрэг ашиглах “сум” нь болов. Мөн төдийгөөс өдий хүртэл М.Энхболд тэргүүтэй МАНАН бүлэглэл хийгээд МАН дахь “60 тэрбум”-ынхантай хамт тэмцэж, улс төрд эр хоёр загал мэт ижилсэж яваа Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Ерөнхийлөгч Х.Баттулга нарын хооронд гүйх “хар муур” нь ч болж мэдэхээр байна, Н.Энхбаяр. Учир нь Х.Баттулгын хувьд энэ улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, үндэсний эв нэгдлийн бэлгэ тэмдэг, Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагч. Харин У.Хүрэлсүхийн тухайд УИХ-д 64 суудалтай, үнэмлэхүй олонхи, эрх баригч намын дарга бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд. Хамгийн сонирхолтой нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх саяхан Суданд энхийг сахиулж буй монгол цэргүүдээ эргээд ирсэн нь улс төрд нэгэн хардлагыг бий болгов. Тодруулбал, зарим ажиглагч “У.Хүрэлсүх зэвсэгт хүчний ерөнхий командлагч, Ерөнхийлөгч Х.Баттулгаас урьтаж Суданыг зорилоо. МАН-ын дарга маань 2021 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бэлтгэлээ хангаад эхлэв үү” гэх таамаглалыг дэвшүүлээд эхэлжээ. Магад ч үгүй юм. МАН-ын дарга, Ерөнхий сайдын халаасанд юу байгааг хэн мэдэх билээ. Харин М.Энхболдыг УИХ-ын даргаас буулгаж, дайснаа хамт дарсан Х.Баттулга, У.Хүрэлсүх нарын хувьд Монголын улс төрийн тэнгэрт мандсан хоёр нар байсаар байх уу. Тэдний нөхөрлөл мөнхийн байх уу, 2020 оны босгон дээр өндөрлөх үү гэдэг асуулт хариултаа хүлээсэн хэвээр байгаа юм. Тэр ч атугай сошиал ертөнцөд “Энэ хоёр хэзээ эе эвдрэлцэх бол” гэсэн хүлээлт хэдийнэ бий болжээ. Яг ийм эгзэгтэй мөчид У.Хүрэлсүхийн улс төр дэх гол дайсан болох МАХН-ын дарга Н.Энхбаяр Ерөнхийлөгч Х.Баттулгын дэмжлэгээр гол тайзнаа гарч ирсэн нь сонирхол татна. Энэ мөчөөс л хүссэн ч, эс хүссэн ч экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёрын дунд гүйх “Хар муур” болон хувирах нь бараг л тодорхой. Учир нь Н.Энхбаяр хаан байхдаа өөрийнх нь эсрэг сөрсөн У.Хүрэлсүхэд “Фургон” машины хэргээр ял тохуулж хэцүү нэрт рүү явуулах шахаж байсан удаатай. Гэвч У.Хүрэлсүх Н.Энхбаярын эл занганаас мултарч, 2009 онд болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Н.Энхбаярт ялагдлын амтыг мэдрүүлсэн хүмүүсийн нэг. Тэр ч атугай тухайн үеийн МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга байхдаа намынхаа уугуул нэр болох МАН гэдэг нэрийг сэргээсэн ч Н.Энхбаяр эсэргүүцлээ илэрхийлж, Ц.Элбэгдоржийн “тусламж”-тайгаар МАХН гэдэг нэрийг өмчилж авч байсан ч түүхтэй. МАН, МАХН-ын дайсагналцал ч ид ширүүсч байсан цаг. Тэгэхээр нэгэн цагт хуурай ах дүү мэт явсан Н.Энхбаяр, У.Хүрэлсүх хоёрыг Х.Баттулга эвлэрүүлэх үү, аль эсвэл Н.Энхбаярыг МАН-ын эсрэг ашиглах уу гэдэг нь ч анхаарал татаж байна. Өөр нэгэн сэдэв нь Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байхад өршөөгдсөн Н.Энхбаярыг Х.Баттулга бүрмөсөн цагаатгаж, Хэнтийн нөхөн сонгуульд өрсөлдөхөд нь дэмжиж УИХ-ын гишүүн болоход нь туслах уу гэдэг асуулт гарч ирнэ. Чухам энэ л үеэс Х.Баттулга, У.Хүрэлсүх нарын ашиг сонирхол зөрчилдөх үү, Н.Энхбаярыг дундаа өргөөд дахин залах уу гэдэг нь улс төрийн хүрээнийхний сонирхлыг хэдийнэ татаж эхэлжээ. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хувьд, Монголын улс төрийн томоохон “архив”, улстөрчдийн но-той, ноцтой фактуудыг хамгийн сайн мэдэх эрхэм. Тэгэхээр Х.Баттулга энэ “архив”-ыг өрсөлдөгчдийнхөө эсрэг ашиглаад эхэллээ. Эхлээд Ц.Элбэгдорж хийгээд “Эрдэнэт”-ийн 49 хувийнхан, дургүй хүмүүсийнхээ эсрэг ашиглачихаад дараа нь У.Хүрэлсүх тэргүүтэй МАН-ын эсрэг нүүдэл хийж эхлэх болов уу, яах бол. Х.Баттулга, Н.Энхбаяр нар хүчээ нэгтгэсэн энэ мөчид Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн зөвлөхийн ажлаа өгч, АН-ыг С.Эрдэнээс салгаж авахаар хөдөллөө. Н.Алтанхуяг ингэж хөдөлнө өө гэдэг Х.Баттулгын хүсэл сонирхол. Х.Баттулга, Н.Алтанхуяг хоёрын гарт АН орвол тэд хүссэн ч, хүсээгүй ч МАН-ын эсрэг хөдөлж таарна. Эрх мэдэлтэй байх нь Х.Баттулгын мөнхийн ашиг сонирхол болохоос биш, У.Хүрэлсүхтэй үүрд нөхөрлөх нь хоромхон зуурын эрх ашиг шүү дээ.   

  • Шинэ
  • Их уншсан