АТГ-ын даргыг томилох асуудлыг МАН буцаах уу

УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулах болсон нэг шалтгаан нь АТГ-ын удирдлагуудыг шинээр томилох тухай Ерөнхийлөгчийн санал юм. Нэг ёсондоо, хууль хүчний байгууллагуудыг өөрийн хүнээр удирдуулах Х.Баттулга гэдэг хувь улстөрчийн хүсэлтийг МАН хэлэлцэнэ гэсэн үг. Тэгэхээр эрх баригчид Ерөнхийлөгч Х.Баттулгын хүслийг гүйцэлдүүлж, АТГ-ыг түүнд “бэлэглэх” үү, аль эсвэл Х.Энхжаргалыг тус газрын дарга хэвээр үлдээж 2020 онтой золгох уу гэдэг нь улс төрийн хүрээнийхний гол сэдэв болоод байна. Учир нь АТГ-ын дарга хэн байх эсэх нь МАН-ын “аюулгүй байдал”-ын асуудал болсон. Тиймээс тэд Ерөнхийлөгч Х.Баттулгын хүслийг биелүүлж, өөрсдийгөө аюултай байдалд оруулчихгүйн тулд тун болгоомжтой хандаж байгаа юм. Төрийн тэргүүний зүгээс өмнө нь АТГ-ын даргыг солих талаар эрх баригчдад санал болгож байсан ч “Хуульд заасан хугацаа нь дуусаагүй” гэх шалтгаанаар буцаасан. Тэгвэл энэ удаад ч мөн адил “Хэлэлцэхгүй” хэмээн буцаах бололтой. МАН-ынхан өөрсдөө ч ийм өнгө аястай хариултыг өгч байгаа юм. Тэгээд ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх МАН-ын даргын хувьд Ерөнхийлөгч Х.Баттулгатай АТГ-ын даргаар хэнийг томилохоо эцэслэн тохиролцоогүй байна. УИХ-д 64 суудалтай эрх баригч намын даргатай тохиролцож чадахгүй бол Ерөнхийлөгчийн хүсэл биелэхгүй. МАН-ынхан ч “мангас”-ын аманд өөрсдийгөө оруулахгүйхэн шиг 2020 оны сонгуультай золгох биз ээ.     

  • Шинэ
  • Их уншсан