Д.ТАМИР: Ажлын гүйцэтгэл 70 хувьтай явна

 Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлаас энэ оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдсан тоног төхөөрөмж суурилуулах, засвар үйлчилгээний ажлуудыг тавдугаар сарын нэгэн гэхэд эхэлсэн байх үүрэг өгсөн. Энэ дагуу Төслийн менежментийн хэлтэс хөрөнгө оруулалтын ажлуудын зураг төслийг богино хугацаанд шуурхай гүйцэтгэх үүрэгтэй ажиллаж байгаа. Ажлын явцын талаар тус хэлтсийн Ерөнхий инженер Д.Тамираас тодрууллаа.

-Хөрөнгө оруулалтын ажлын зураг төсөл  ямар явцтай байна вэ?

-Бид Их барилгын хэлтсээс нэгдүгээр улиралд багтааж хөрөнгө оруулалтын 80 ажлын зураг төсвийг бэлэн болгох  даалгавар хүлээн авсан. Хөрөнгө оруулалтаар хийгдэх бүтэн жилийн ажлыг тавдугаар сарын нэгнээс эхлэх тул бид шахуу хуваарьтай ажиллаж байна. Дээрх 80 ажлаас 55-ыг дуусган Их барилгын хэлтэст хүлээлгэн өгсөн. Ажлын гүйцэтгэл 70 хувьтай явж байна. Бусад ажлыг дөрөвдүгээр сарын нэгэн гэхэд  дуусгаж, хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй.

-Эдгээрээс томоохон цар хүрээтэй ямар ажил байна?
-Ер нь хөрөнгө оруулалтын ажил том, бага гэлтгүй бүгд ач холбогдолтой байдаг. Үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, тоног төхөөрөмжийн зураг төсөл, мөн цех нэгжүүдийн засвар үйлчилгээтэй холбоотой ажлууд ч байна.

-Яаралтай хийх шаардлагатай ямар ажил байна. Явцын талаар...?
-Технологийн шийдэл, техникийн нөхцөлийн шийдвэр гараагүй ажил бидэнд бас ирж байна. Тухайлбал Дулааны цахилгаан станцаас Баяжуулах үйлдвэр хүртэлх техникийн усны нэмэлт шугам татах шийдэл өчигдөр /03-р сарын 18/ гараад л манайд ирж байна. Тэр ажил өнөөдрөөс эхэлнэ гэхээр цаг хугацаа н
элээд хойшлох нөхцөл байдал үүсч байгаа юм.

-Баяжуулах үйлдвэрт гэхэд хэд хэдэн томоохон тоног төхөөрөмжийг шинэчлэх ажил хийгдэхээр тоног төхөөрөмж нь ирсэн.  Энэ ажлын зураг төсөл ямар шатанд яваа вэ?
-Баяжуулах үйлдвэрт тээрмийн болон баяжуулалтын машины шинэчлэлтэй холбоотой ажлууд өнгөрсөн оноос ирж, шилжсэн. 2-3 ажил хийгдээд дуусах шатанд явна. Баяжуулах үйлдвэрт энэ жил хийгдэх хөрөнгө оруулалтын 10 ажлаас зургааг нь гүйцэтгэсэн. Одоо дөрвийнх нь зураг төсөл дээр  ажиллаж байна.

-Үйлдвэрлэлд шинэ тоног төхөөрөмж суурилуулах ажлын эхний шат  буюу зураг төслийн ажлыг танай хэлтэс гүйцэтгэдэг болохоор нэн хариуцлагатай байхыг шаардана. Юунд голлон анхаарч ажилладаг вэ?
-Тийм
ээ. Бүхий л шинэчлэл манай зохион бүтээгч инженерүүдийн зургаар хийгдэж, дараагийн шатны ажилд ордог. Тиймээс хариуцлага өндөр. Бүх зураг төслийг манайхан норм, стандарт дүрмийн дагуу хийхэд анхаардаг.

-Танай хэлтэс хэдэн ажилтантай вэ?

-Манайх 56 ажилтантай, үүний 47 нь инженер зохион бүтээгч. Долоон товчоотой, технологийн процессын, цахилгааны, барилгын, дулааны, уул тээврийн ажлын, төсвийн чиглэлээр ажилладаг. Товчоо бүрийн онцлогоос шалтгаалан манайхан 4-5 төрлийн зураг, төсвийн программ дээр ажилладаг.

 -Та ажилтнуудынхаа мэргэжлийн ур чадварыг хэрхэн дүгнэдэг вэ?
 -Манайхан ур чадварын хувьд сайн. Тэгэхдээ техник, технологи эрчимтэй шинэчлэгдэж байгаатай холбоотойгоор цаашид сурч хөгжих зайлшгүй шаардлага бий.

-Үйлдвэрт техникийн шинэчлэл хийгдэх бүрт та бүхний ажил нэмэгддэг. Ер нь ачаалал хэр байдаг вэ?
-Сүүлийн гурван жилд хөрөнгө оруулалтын ажил нэмэгдэж байгаагаас шалтгаалан ачаалал ихсэж байгаа. Гэлээ ч бид ажлаа оновчтой зохион байгуулан, дотоод нөөц бололцоогоо дайчилснаар үүрэг даалгаврыг хугацаанд нь гүйцэтгэж байна.

-Танай хамт олон бүтээмж инновацийн чиглэлээр хэрхэн ажиллаж байна?
-Бид хөрөнгө оруулалтын ажлын хажуугаар ХМТАЦ-тэй хамтран дотоод программын хөгжүүлэлтэд анхааран ажиллаж байна. Энэ программын тусламжтайгаар дотоод үйл ажиллагааг хянах, зохион байгуулалтыг сайжруулах боломж бүрдэнэ. Зураг төсөв боловсруулах үйл явц хамтын хөдөлмөрийн үр дүнд иж бүрдэл болж бүтдэг. Тиймээс манай багийн ажиллагаа, чиглэл хариуцсан инженер болгоноос хамаардаг. Энэ программыг нэвтрүүлснээр ажил ямар шатанд явж байна, хаанаа саатав, ямар инженер дээр удааширч байна гэх зэргээр хяналтын системийг сайжруулах юм. Энэ ажлыг эхний хагас жилд багтаан гүйцэтгэхээр шамдаж байна. 

-Энэ программыг нэвтрүүлснээр дотоод хяналт сайжрахаас гадна ямар ач холбогдолтой вэ?
-Ажил үйлчилгээнд буй механик ажиллагаа багасна, цаг хугацаа хэмнэнэ. Ажлын хариуцлага дээшилж, бүтээмж сайжирна.

-Цаг гарган ярилцсан танд баярлалаа. 

Эх сурвалж: erdenettoday.mn, Я.Энхтуяа

 

  • Шинэ
  • Их уншсан