О.Баасанхүү: Эсэргүүний хамсаатан болгож хамт булшлах бодлого барьж байна

            Парламентын танхим дахь “Ганц дайчин” О.Баасанхүүг Ц.Нямдорж, Ж.Батзандан, Лу.Болд нар боломж л гарвал үг хэлээр дайрч доромжлох болсон. УИХ-д 64 суудалтай эрх баригч хүчнийхэн ч түүнийг үе үе боорлож, харин гишүүн хариуд нь сошиалаар лайв хийн тэдний үнэн төрхийг илчилж орхидог. УИХ-ын дэргэд Түр хороо байгуулах тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг эрхэм гишүүд хэлэлцэх үеэр Ж.Батзандан гишүүн түүнийг нэр усаар нь доромжилж, Ц.Нямдорж сайд “Энэ О.Баасанхүүг Түр хороонд оруулж болохгүй” гэсэн бол О.Баасанхүү “Харин та орж болохгүй, ашиг сонирхлын зөрчилтэй” хэмээн адарч байв. О.Баасанхүү гишүүн өчигдөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “1998 онд энэ хэрэг гарсан. Ц.Нямдорж 2000 онд Хууль зүй, дотоод хэргийн сайд болсон. Уг хэргээс хойш маш олон хүнийг сэрдэж барьдаг байсан. Дамирангийн Энхбат, “Ард” Я.Батсүх, Дарханы гэр бүлийн хоёрыг шалгаж байсан. Ц.Нямдорж сайд намайг “Түр хороонд оруулж болохгүй” гэснийг гайхаж байна. 1937 он биш дээ. Би эрүүдсэн биш. Яллагдсан хүмүүс миний тойргийнх. Би хамгийн их анхаарах ёстой. Ц.Нямдорж “О.Баасанхүү бол түүний найз, үүний дагуул” гэж хэлсэн. 1937 онд “Хувьсгалын эсэргүүний найз” гэх үндэслэлээр хүнийг буудаж алдаг байсан. Түүн шиг нотолгоо баталгаагүй мэдээллээр олон нийтийн өмнө гутааж байна. Би Ц.Нямдорж сайдыг “Түр хороонд орж болохгүй” гэсэн байр суурьтай байна. Харин Ц.Нямдорж “Түр хороог ахална” гэсэн байр суурьтай байна лээ. Тэр хүн Хууль зүй, дотоод хэргийн сайд. Дор нь цагдаагийн байгууллага үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ утгаараа нөлөөлөл орж магадгүй гэж санаа зовж байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд бол Засгийн газрын гишүүн, Засгийн газрын шууд хяналтад тагнуулын байгууллага бий. Ц.Нямдорж сайд ашиг сонирхлын зөрчилтэй” гэжээ. Тэрбээр фэйсбүүк хуудастаа “Би хуурамч гуравдагч хүчинд (49 хулгайч нарт) их гай болж байгаа юм байна. Тиймээс 37 оны шилдэг арга эсэргүүний хамсаатан болгож булшлах бодлого барьж байгаа юм байна” хэмээн бичсэн байна.   

  • Шинэ
  • Их уншсан