МАН-ынхан Үндсэн хуульд өөрчлөлт хийж, Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлэхээр санал нэгджээ

УИХ-ын 2019 оны хаврын чуулганы хэлэлцэх асуудалд Үндсэн Хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах багтсан билээ.

Ер нь ч УИХ-ын дарга Г.Занданшатар өмнө нь хэдэнтээ Үндсэн хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг заавал хэлэлцэнэ хэмээж байсан юм.

Тухайлбал УИХ-ын ээлжит бус чуулган нээлтээ хийх үеэр тэрээр : "Парламентыг хариуцлагатай, сахилгатай болгох, ард түмний засаглах эрхийг хангах Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийж, хэрэгжүүлэх цаг нэгэнт болсон байна. 

 

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар төрийн эрх мэдлийн тэнцвэрийг хангаж, парламентын засаглалыг төгөлдөржүүлэн, шүүх эрх мэдлийн бие даасан, хараат бус, шударга ажиллах нөхцөлийг хангах, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн шинэчлэлийг хийх түүхэн боломж энэ Улсын Их Хуралд байгаа гэж би хувьдаа үздэг. Энэ ч үүднээс Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулах ажлын хэсэг, дэд ажлын хэсгийн гишүүд, эрдэмтэн судлаачидтай уулзаж, ажлын явцтай танилцан, санал бодлыг нь сонссон. Мөн ажлын хэсгүүд, эрдэмтэн судлаачдын баг, улс төрийн намуудад хандаж, саналаа эцэслэн, албан бичгээр Улсын Их Хуралд дөрөвдүгээр сарын 1-ний дотор ирүүлэхийг хүссэн.

Энэхүү уулзалтаас хойш эрдэмтэн судлаачдын баг 11 удаа хуралдаж, саналын хувилбар, түүний үндэслэл тайлбар бүхий 93 хуудас материалыг Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн, ТББХ-ны дарга Д.Лүндээжанцанд хүлээлгэн өгсөн байна. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн томъёолол бэлтгэх, төслийн үр нөлөөний үнэлгээ боловсруулах ажлын дэд хэсэг 4 удаа хуралдаж, эрдэмтэн судлаачдын багаас ирүүлсэн саналыг шүүн тунгааж, төслөө эцэслэн боловсруулж байна. 

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг Улсын Их Хурал хаврын чуулганаараа хэлэлцэн баталж, Монголын ардчиллын ирээдүй, улс орны хэтийн хөгжлийг хангах талаар түүхэн, бодит үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэж байна. " хэмээж байв. Уг төсөлд Монгол Улсын Ерөнхий Сайдын эрх мэдлийг нэмэгдүүлэх чиглэлийн заалтууд ихэвчлэн орсон байгаа нь анхаарал татна. Тухайлбал төслийн 2-р бүлэг буюу : " Гүйцэтгэх эрх мэдлийн тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт" гэдэгт: 

"Ерөнхий  сайд  нь  Улсын  Их  Хурал,  Ерөнхийлөгчид  танилцуулснаар

Засгийн газрын гишүүнийг томилж, чөлөөлж, огцруулна.

Улсын  Их  Хурлын  гишүүдийн  дөрөвний  нэгээс  доошгүй  нь  Ерөнхий сайдыг огцруулж, шинэ Ерөнхий сайдыг томилох тухай саналыг хамтад нь албан ёсоор тавибал Улсын Их Хурал 3 хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн  дотор  шийдвэрлэнэ.  Улсын  Их  Хурлын  нийт  гишүүний  олонхи  уг саналыг  дэмжсэн  бол  шинэ  Ерөнхий  сайдыг  томилох,  өмнөх  Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол батлагдсанд тооцно.

 

Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно.

 

Ерөнхий  сайд  улсын  төсөв,  бодлогын  тодорхой  асуудлаар  өөрт  нь итгэл  хүлээлгэх  тогтоолын  төслийг  оруулбал  Улсын  Их  Хурал  3  хоногийн дараа   хэлэлцэж   эхлэн   10   хоногийн   дотор   нийт   гишүүний   олонхийн саналаар шийдвэрлэнэ.

 

Улсын Их Хурал тогтоолыг баталсан бол Ерөнхий сайдад итгэл үзүүлж, тухайн   асуудлыг   дэмжсэнд   тооцно.   Тогтоолыг   батлаагүй   бол   Ерөнхий сайдыг   огцорсонд   тооцож   шинэ   Ерөнхий   сайдыг   30   хоногийн   дотор томилно.

 

Засгийн   газар   Ерөнхий   сайд,   Засгийн   газрын   гишүүдээс   бүрдэнэ. Ерөнхий  сайд  болон  Засгийн  газрын  дөрвөөс  илүүгүй  гишүүн  Улсын  Их Хурлын  гишүүний  албан  тушаалыг  хавсарч  болно.  /2000  оны  өөрчлөлттэй холбоотой/

 

.Аймаг,  нийслэлийн  Засаг  даргыг  Ерөнхий  сайд;  баг,  хорооны  Засаг даргыг   харьяалах   сум,   дүүргийн   Засаг   дарга   тус   тус   дөрвөн   жилийн хугацаагаар томилж, хуульд заасан үндэслэлээр чөлөөлж, огцруулна." гэсэн байна.

 

 

 

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Ерөнхий Сайдад Засгийн Газрын гишүүн, сайд нар, аймаг, Нийслэлийн засаг даргыг шууд өөрөө томилох, чөлөөлөх, огцруулах эрхийг олгохоор байна.

Мөн Ерөнхий сайдыг огцруулахын тулд заавал дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах заалт тусгагдсан байна.

Товчоор хэлбэл Монгол Улсын Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлсэн уг өөрчлөлтийг дэмжихээр МАН-ын удирдлагууд үндсэндээ санал нэгдсэн аж.

Уг өөрчлөлт 2020 онд бүрдэх УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх  үед хэрэгжиж эхлэнэ.

 

П.Мандах

 

  • Шинэ
  • Их уншсан