Ерөнхийлөгч өө, төрд нууц гэж байна уу

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Х.Баттулга танаас “Монгол ялж байна уу, аль эсвэл хохирч байна уу” гэж асуух цаг болжээ. Эрхэм Ерөнхийлөгч таныг шаргал ордонд МАН-ын дарга У.Хүрэлсүхтэй найрсан эвлэлдэж, хуучны “дайсан” Ц.Нямдоржтойгоо сүжрэн дотносч, орчин цагийн Ежов болсон энэ хүний хувь, хувьсгалаас үүдэлтэй өс хонзонг ашиглан өрсөлдөгчдийнхөө эсрэг турхирч байх хооронд тань Монгол төрийн алтан аргамж элэгдэж, “Хэлэх үг зөвхөн элчийн аманд л бий” хэмээх нууцыг чандлан хадгалах зарчим хэдийнэ алдагдаж эхэллээ. Төр хэмээгч нь түр хор найруулах уушийн газар мэт болж, төрийн түшээд нь ЖДҮ, концесс, 60 тэрбум, тендерийн мөнгөтэй нэр холбогдсон гэмт хэргийн бүлэглэл болон хувирсныг Ерөнхийлөгч та анчин шиг ажиглаж, овоо хараандаа авсан нь ч тодорхой. Энэ бүхэн таны хувьд эрх баригч хүчний зүгээс хэзээ нэгэн цагт ирэх сумны эсрэг татах нум болно гэдэгт ч эргэлзэх хэрэггүй биз. Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж энэ сарын 8-нд буюу өчигдөр Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр гишүүд рүү “Ерөнхий шүүгчээ яагаад томилохгүй байгаа юм, та нар. Монголд шүүх байхгүй” гэж нүүрээ улалзуулан дайрахыг та харав уу. ТЕГ-ын дарга байхдаа “Ц.Нямдорж Хятадын тусгай албадтай холбоотой юу” гэх хэргийг нууцын зэрэглэлээс гаргахад бэлэн болсон” гэж мэдэгдсэн Б.Хурцад хонзогнож, ийн мэдэгдсэнийх нь дараахан ажлаас нь чөлөөлүүлж, өөртэй нь холбоотой энэ хэргийг шалгах ажлын хэсгийг ахалж байсан Б.Доньжчимбууг ТЕГ-ын дэд даргаас буулгаж, “Хятадын тагнуулын” гэх хэргийг улсын нууцаас гаргуулалгүйгээр хав дарж үлдээсэн талаар эрхбиш та сонссон л байх. Үүгээр ч зогсохгүй Ц.Нямдорж сайд “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцохдоо шүүхийн шийтгэх тогтоол, гүйцэтгэх ажилтны нэрийг ил зарлаж улсын нууц задруулсан хэргээр ТЕГ-т шалгагдаж байсан удаатай. Гэвч “С.Зоригийг хөнөөсөн хэргийг яриад эхэлсэн чинь надад эрүүгийн таван хэрэг үүсгэсэн” гэж саяхан ярьж байсан тэрбээр МАН-ын лидерүүдийн нэг, мөн У.Хүрэлсүхийн танхимын хамгийн шударга сайд гэдгээрээ түрээ барьж 2018 оны гуравдугаар сарын 27-нд “Ж.Баатар генералд холбогдох эрүүгийн 346143 дугаартай хэргийг шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн 2004 оны нэгдүгээр сарын 8-ны өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоол, нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2004 оны хоёрдугаар сарын 26-ны өдрийн 89 дугаартай магадлалыг төрийн нууцаас гаргуулж, ил болгосугай” гэх тогтоолыг Засгийн газраас гаргуулж дөнгөсөн байх юм. Энэ юу болж байна вэ. Засгийн газрын бүрэн эрхийг эрүүгийн таван хэрэгт холбогдсон гэх Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өөрт ашигтайгаар эргүүлж, гэмт хэргээс мултарч болно гэж үү. Энэ ашиг сонирхлын зөрчил агуулсан гэмт үйлдэл биш гэж үү. Төрийн ордонд шоронгийн бичлэг үзүүлж, олон нийтийг айдас хүйдэст автуулах акцийг зориуд зохион байгуулж, УИХ-ын гишүүдийг толгой доторхи хар дэвтрээрээ айлгаж, “Эрдэнэт”, С.Зоригийг хөнөөсөн хэргээр өөрт ашигтай улс төрийг хийж, шүүх эрх мэдэлд эрээ цээргүй халдаж, өөрөө улсын яллагчийн дүрд хувирчихаад байгаа Ц.Нямдоржийн үг, үйлдлүүд нэг л сэжигтэй байгааг та анзаарахгүй байна гэж үү. Ц.Нямдорж л тодорч, Ц.Нямдорж л шударга ёсны этальон болж, Ц.Нямдорж л хожиж, Ц.Нямдоржийнхон л албан тушаалтай болж, Ц.Нямдоржийнхон л “Эрдэнэт”-д шахаагаа үргэлжлүүлэн хийж, Ц.Нямдоржийн хүү л Элчин сайд болж байвал улсын нууц мууц хамаагүй болсон нь аюултай биш үү.

Хууль зүй, дотоод хэргийн сайдаар яагаад ч юм таван удаа томилогдсон Ц.Нямдорж хэмээх үндэсний аюултай “дайсан” таны ивээлд багтаж, хүссэнээ хийж, хууль зөрчиж, улсын нууц задруулж, “Монголд шүүх байхгүй” гэх ноцтой мэдэгдлийг хийж, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Лу.Болд нарыг шүүх эрх мэдэл рүү турхирч, Ерөнхийлөгч таны эрх мэдэл дээр “гишгэсэн” эрх мэдэлтэн болон хувирчээ. Магадгүй, хэзээ нэгэн цагт таныг “дуудах” хонгилын түлхүүрийг тэр эргүүлж байна. Ямартай ч “Хятадын тусгай албадынхантай уулзаж, бэлэг сэлт авсан, “Янгийнхаа ачийг яаж хариулна даа” хэмээн санааширч байсан” гэх энэ хүний барьсан хонгилын анхны “зочид” нь ТЕГ-ын дарга асан Б.Хурц болон түүний удирдлагад ажиллаж байсан залуус боллоо. Монгол Улсын нүд, чих болсон тагнуулын байгууллагынхантай байсхийгээд л тэрсэлддэгийнх нь учрыг та Ц.Нямдорж сайдаас заавал асуугаарай. Хонгилын шинэ эзний мэдэлд цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага байдаг учраас түүний увайгүй үйлдлийг зориглон илчлэх сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллага ч гэж үгүй болжээ.  

            Ерөнхийлөгч өө, төрд нууц гэж байна уу. Энэ асуултыг тавих цаг мөн л болжээ. Оюутолгой хэмээх үйлтэй толгойг тойрсон хэрүүл шаргал ордонд дахиад л өрнөж эхэллээ. УИХ-аас Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах үүрэг бүхийн ажлын хэсгийнхний дүгнэлттэй УИХ-ын гишүүд танилцаж ч амжаагүй байхад “Рио Тинто”-ийнхон аль хэдийнэ танилцаад хариугаа ирүүлсэн байх юм. Гэхдээ энэ бол анхны тохиолдол биш. Өмнөх парламентын үед ч иймэрхүү зүйл болж байсан. УИХ-ын гишүүд Оюутолгойн гэрээг өөрчлөхийг шаардаж эхэлмэгц “Оюутолгой”-н удирдлагууд тэднийг “будаатай хуурга”-нд урьж, албан бичгээр сануулга өгч байсан удаа бий. Харин ажлын хэсгийн дүгнэлтийн барааг гишүүд ч харж амжаагүй байхад чухам хэн “Рио Тинто”-ийнхонд нууц задруулав гэдэг хардлага сэрдлэг Төрийн ордныг нөмөрлөө. Тодруулбал, нууц задруулагч нь УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва уу, Д.Дамба-Очир уу, аль эсвэл огт өөр хүн үү гэдэг нь хараахан тодорхой болоогүй байна. Харин “Энэ бол үндэсний эрх ашгаас урвасан үйлдэл мөн” гэж О.Баасанхүү гишүүний хэлсэнтэй Ерөнхийлөгч та санал нийлнэ биз дээ.

            “УИХ-ын гишүүнээр хамгийн олон удаа сонгогдсон, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар таван удаа томилогдсон” гэх Ц.Нямдорж тэргүүтний муу үлгэр дуурайл МАН-ын залууст ч халдварласан бололтой. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Монголын тусгай албад Сингапурт ажиллагаа явуулдаг” гэх мэдэгдлийг гэнэ сэрэггүй хийж, Т.Аюурсайхан гишүүн “Швейцарийн холбооны улсаас Монголын талд С.Баярцогтын оффшор хөрөнгө нийт таван дансаар орж, гарсан гүйлгээний баримтыг хүлээлгэж өгсөн. Энэ мэдээллийг тус улсад айлчилсан УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй хүмүүс авчирсан” гэж бас л нууц задруулав. Өөрөөр хэлбэл, хуулийнхан хэдийнэ мөрөөр нь мөшгөөд эхэлчихсэн хэрэгт “гай” болохуйц мэдэгдлийг тэр хийв. УИХ-ын гишүүд ийнхүү өргөсөн тангаргаа умартаж, төрийн нууцыг шаргал ордны хэрүүлийн сэдэв, өсөрхөн гомдогсдоосоо хариугаа авах хэрэгсэл, гадаадынханд хов болгон хүргүүлэх материал болгож хувиргалаа. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн таны зүгээс УИХ-ын чуулганыг хаалттай хуралдуулан хийсэн мэдээлэл тань ч хөндлөнгийн хэн нэгний чихэнд хэдийнэ хүрчихсэн байхвий. Ерөнхийлөгч та ард түмний эв нэгдлийн бэлгэдэл, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн болохоос биш Майдар хот байгуулах, төмөр зам барих нь үндсэн ажил тань биш шүү дээ. МАН-ынхантай хууль хяналтын байгууллагын удирдлагуудын талаар наймаалцаж, төмөр зам барих романтик хүсэлдээ хөтлөгдөж явахаар үндэсний аюултай байдлыг үүсгээд буй наад Ц.Нямдорж тэргүүтэндээ “Хориг” тавиач. Улс төр дэх популистуудын гайгаар тусгай албаны хэчнээн ажилтны амь нас, хувь заяа дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байгааг хэн мэдэх билээ. Тагнуулынхныг хоморголон баривчилж байхад ТЕГ-ын дарга Д.Гэрэл албан тушаалын хүлээсэнд орчихоод таг чиг. Ийм эгзэгтэй цаг үед та Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөө яаралтай хуралдуулж, энэ асуудалд анхаарал хандуулах цаг болсон байх аа.

Б.Болор          

  • Шинэ
  • Их уншсан