Д.ЦАГААН-ЭРДЭНЭ: Ажиллагсдын хоолны цэс, орц найрлага, чанарт байнгын хяналт тавьж ажиллана

 “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ ажиллагсдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх цогц бодлогын хүрээнд үйлдвэрийн бүсэд ажиллаж буй ажилчдадаа халуун хоолны үйлчилгээ үзүүлэх хөтөлбөр хэрэгжүүлсээр ирсэн. Халуун хоолоор үйлчлэх компаниудыг хоёр жил тутамд Тендерийн тухай хуулийн дагуу шалгаруулан хамтран ажиллаж, ажиллагсдынхаа эрүүл мэндийг хамгаалахад томоохон хөрөнгө оруулж байна. Саяхан зохион байгуулсан ээлжит тендерт “Хаан хүнс”, “Таятан фүүд” компаниуд шалгарч, Эрдэнэт үйлдвэрийн 5800 гаруй ажиллагсдад халуун хоолны үйлчилгээ үзүүлэх болжээ. Энэ талаар ХАБЭА-н хэлтсийн дарга Д.Цагаан-Эрдэнээс тодрууллаа.

-Халуун хоолны үйлчилгээ үзүүлэх тендерийн шалгаруулалт саяхан болсон. Шалгарсан компаниудад ямар шаардлага, шалгуур тавьж ажилладаг вэ?
     -Эрдэнэт үйлдвэр “Халуун хоол” хөтөлбөрийг 10 гаруй жил хэрэгжүүлж байна. Үндэсний аж ахуйн нэгж болсноос хойш Монгол Улсын Тендерийн тухай хуулийн дагуу үйлдвэрийн ажиллагсдыг халуун хоолоор хангах компанийн  шалгаруулалтыг хоёр жил тутамд зохион байгуулж ирлээ. Саяхан ээлжит тендерийн шалгаруулалтыг хийж, Сангийн яамнаас албан ёсны зөвшөөрлийг авсан. Энэ удаагийн тендерт Эрдэнэт үйлдвэрийн 5800 гаруй ажиллагсдад халуун хоолны гурван багц үйлчилгээг үзүүлэх шалгаруулалт зарласан.  Үүний нэг болон гуравдугаар багцын  тендерт  “Хаан хүнс” компани шалгарсан бол хоёрдугаар багцын тендерт Улаанбаатар хотын “Таятан фүүд” компани шалгарсан байгаа. Тендер зохион байгуулсны дараа хоёрдугаар багцын тендерт оролцсон “Од Дөл”, “Хаан хүнс” болон бусад компаниуд шалгаруулалтын дүнд санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж, зарга үүсгэсэн. Тиймээс манай үйлдвэрийн тендерийн Үнэлгээний хорооноос  шалгаруулалттай холбоотой бүхий л бичиг баримт, материалыг Сангийн яаманд хүргүүлсэн юм. Үүнийг Сангийн яам дахин хянаж үзээд, хоёрдугаар багцын шалгаруулалт хуулийн дагуу үнэн зөв явагдсан гэдгийг баталгаажуулж, уг багцад шалгарсан “Таятан фүүд” компанитай гэрээ байгуулах албан ёсны зөвшөөрлийг ирүүлсэн. Энэ дагуу манай Үнэлгээний хороо хуралдаж, гэрээ байгуулах үйл явц эхлээд байна. Өчигдөр тус компанийн төлөөлөл манай үйлдвэр дээр ирж, ХАБЭА-н хэлтсийн Эрүүл ахуйн лабораторийн дарга болон хүнсний багийнхантай хамтран халуун хоолны үйлчилгээ  үзүүлэх ажлын байр болон ажлын горим, дэг дараалалтай  танилцсан. Тус компани Засвар механикийн завод болон Авто тээврийн цехийн төрөл бүрийн машины гараашны ажилчдад  халуун хоолны үйлчилгээ үзүүлнэ. Өмнө нь эдгээр цехэд  “Хаан хүнс” компани ажиллаж байсан. Тэдний зарим тоног төхөөрөмжийг худалдаж авах талаар ярилцсан. Ажиллагсдад халуун хоолны үйлчилгээ үзүүлнэ гэдэг маш хариуцлагатай, нарийн үйл ажиллагаа байдаг. Тиймээс ажлын байрны тохижилт, тоног төхөөрөмжийн хангамж, хүрэлцээ чухал. Үүнийг ч Тендерийн тухай хуульд шалгуур болгон тусгасан байгаа. “Таятан фүүдс” компани хуулийн хугацаанд бэлтгэл хангаж, үйл ажиллагаагаа эхлэх хүртэл нь “Хаан хүнс” компани ажиллана. Ингэж ажлын байранд хоол үйлдвэрлэлтэй танилцах ач холбогдол нь өдөр, шөнийн ээлжийн ажилчдын хоолны үнэ хэмжээ, нэр төрлийг ижил хүргэж ажиллах шаардлагатайг газар дээр нь үзүүлэхэд чиглэсэн гэж хэлж болно.  
 

     -Энэ удаагийн тендерт “Таятан фүүд” гэж компани шинээр шалгарсантай холбоотойгоор үйлдвэрийн ажиллагсдад бургер болон хүний биед нийцтэй бус хоол өгөх гэж байна гэсэн яриа гарсан. Үүнд та тайлбар өгнө үү?

     -Олон нийтийн зарим сүлжээгээр “Эрдэнэт үйлдвэрт зориулсан бургер гарчээ” гэсэн утга бүхий түргэн хоолны зураг, мэдээлэл гарсан. Ийм бургер гэх мэт түргэн хоолоор “Таятан фүүд” компани үйлчлэхгүй гэдгийг онцолъё. Эрдэнэт үйлдвэрийн зүгээс гэрээнд  тогтоогдсон үнэ төлбөрийн хэмжээнд ХАБЭА-н хэлтсийн хүнсний эрүүл ахуйн багийнхны баталсан хоолны цэс, нэр төрлийн дагуу ажиллагсдад халуун хоолны үйлчилгээ үзүүлэх ёстой гэсэн шаардлага тавьж байгаа. Мэдээж, хоолны цэс батлахдаа үйлчилгээ үзүүлэх компанийн санал бодлыг харилцан ярилцсаны үндсэн дээр тусгана. Энэ бүхнийг хоёр талын гэрээндээ оруулж, чанарын үзүүлэлтийг дээшлүүлэх шаардлагыг тавьж ажиллана. “Таятан фүүд” компанийн үйл ажиллагаа эхэлсний дараа бид ажлын байранд нь хяналт шалгалт хийнэ. Мөн хэвлэл мэдээллийнхэн албан ёсоор сурвалжилж, ажиллагсдын санал бодлыг сонсох нь зүйтэй гэж бодож байна. Тендерт шалгарсан компаниуд хоорондоо өрсөлдөж, үр дүнд нь халуун хоолны чанар сайжрах ёстой. Тэдний үйл ажиллагаанд манай хэлтсийн зүгээс байнгын хяналт тавьж ажиллана гэдгийг дахин хэлмээр байна. Бид бас дээрх компаниудад орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах шаардлага тавьсан. Нөгөө талаар тухайн компанийн мах махан бүтээгдэхүүн, хүнсний ногоо худалдан авсан эх үүсвэрт нь  хяналт тавьж, лабораторийн шинжилгээнд өгөх зэрэг ажлыг тогтмол хийнэ. Ер нь тендерт аль компани ялах нь чухал биш, хамгийн гол нь бид ажиллагсдадаа чанартай, эрүүл халуун хоолоор үйлчилж, эрүүл чийрэг, өндөр бүтээмжтэй ажиллах нөхцөлийг бүрдүүлж өгөх нь эрхэм зорилго юм. 

 

М.БАЛЖИННЯМ

Фото: Б.БАТТӨГС

 

  • Шинэ
  • Их уншсан