Ц.Нямдорж бултаж, Ж.Батзандан, Лу.Болд нар МАН-ынхныг хагаралдуулав

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Лу.Болд нар өнгөрсөн долоо хоногт “Эрүүгийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг өөрчилж, С.Зоригийг хөнөөсөн хэргийг замхруулсан эздийн нэг нь Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд асан Б.Энхбаяр” гэж мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор дэд сайд асан Б.Энхбаяр “Намайг онц ноцтой гэмт хэрэгт гүтгэлээ. Ц.Нямдорж сайд намайг шахаж байхдаа энэ асуудлыг ярьж л байсан. Чи С.Зоригийг хөнөөсөн хэргийн хөөн хэлэлцэх хугацааг Эрүүгийн хуульд өөрчлүүлэх ажлыг УИХ-д нууцаар зохион байгуулсан байна” гэсэн. Засгийн газрын өргөн барьсан төслөөр 2016 онд Эрүүгийн хуульд оруулсан дагаж мөрдөх өөрчлөлт дээр хөөн хэлэлцэх хугацааг хөндөөгүй. Харин байнгын хороон дээр өөрчлөхдөө 2017 оны дөрөвдүгээр сард Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлт гэж бүр шинэчлээд баталчихсан. Хууль зүйн байнгын хорооны дарга санал гаргаад бүх гишүүн дэмжсэн. Тэдний дунд Ц.Нямдорж, Ж.Батзандан, Лу.Болд нар бий. Надад дуу дүрсний бичлэг, цаасан тэмдэглэл байгаа. Түр хороон дээр намайг дуудаж асуугаач ээ. Ц.Нямдорж гэж хүний хутгуур хийсэн үгээр Лу.Болд манаргаж яваа байхгүй юу. Өөрийн толгойгүй. Ц.Нямдорж нь өөрийгөө буруутахыг мэдээд чимээгүй болчихож байхад Лу.Болд тэнд тууж л явна” гэж хэвлэлд ярилцлага өглөө. Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржоос сэтгүүлчид энэ талаар тодруулахад “Худлаа ярьж байгаа юм” гэхээс өөр юу ч хэлсэнгүй. Лу.Болд гишүүн бантахдаа твиттерт дэд сайд асан Б.Энхбаярт тухайн үед ажиллаж байсан ажлын хэсгийнхний нэрсийн жагсаалтаас өөр зүйл үзүүлж чадсангүй. Ж.Батзандан, Лу.Болд нар хэрүүлийн сэдвийг анх сэвж, дэд сайд асан Б.Энхбаяраас Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, улмаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд нараар хүрээгээ тэлсэн энэ маргаан мөд дуусах шинжгүй. Дуусахгүйгээр барахгүй сонгууль эхлэхэд ганцхан жил үлдчихээд байхад МАН-ын рейтингийг унагах том шалтгаан ч болж мэдэхээр байна. Учир нь Ц.Нямдорж сайдын хуурай дүү, “Эрдэнэт” үйлдвэрт 42 сая ам.долларын шахаа хийсэн” гэгддэг С.Анхбаярт хорих ял оноосон нь саяхан торгох шийтгэл болон хувирсан бол хөөн хэлэлцэх хугацааг хөндсөнөөр “Жаст”-ын Ш.Батхүү, УИХ-ын гишүүн асан С.Баярцогт, Улсын Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав нарт холбогдох хэргүүд хаагдаж болзошгүй аж. Ямартай ч Ж.Батзандан, Лу.Болд хоёр Ц.Нямдорж сайдыг эвгүй байдалд оруулж, эрх баригчдыг өөр хоорондоо толхилцоход хүргэлээ. Үүний сайн тал нь тэд авлига, албан тушаал, мөн улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэргүүдийг “Хөөн хэлэлцэх хугацаа дууссан” хэмээн хаах гэж байсан далд хуйвалдааныг илчлэв бололтой. Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд дэмжиж, О.Баасанхүү эсэргүүцэж байсан нь байнгын хорооны хуралдааны протоколоор ил болсон энэ асуудлаар МХЕГ-ын албан тушаалтнуудын хэргийг хаасан асуудал ч давхар сөхөгдөв. Өөрөөр хэлбэл, МХЕГ-ын Хорио цээр, стандартын хяналтын хэлтсийн дарга асан Н.Баярсайхан Ш.Раднаасэд гишүүнтэй нэг анги аж. “Хөөн хэлэлцэх хугацааг яагаад хөндсөнийг Ц.Нямдоржоос асуу” гэж хэлсэн Х.Нямбаатар ч, “Авлигын хэрэгт холбогдсон МХЕГ-ын газар, хэлтсийн даргаар ажиллаж байсан Э.Аззаяа, Н.Баярсайхан нартай би ямар ч хамааралгүй” гэж мэлзсэн Ш.Раднаасэд ч Ц.Нямдоржийн орыг залгаж, дараагийн Хууль зүй, дотоод хэргийн сайдад горилогсод гэдгийг МАН-ынхан ярьцгаадаг.    

Г.Эрдэнэ

 

  • Шинэ
  • Их уншсан