Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэлэлцлээ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр болж, Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепцын тухай хэлэлцлээ. Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепцын талаар Улаанбаатар хотын Ерөнхий архитектор болоод нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрынхан танилцуулга хийв. Дээрх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийн хугацаа дуусаж байгаатай холбогдуулан холбогдох хууль тогтоомжид заасны дагуу дараагийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө буюу зургаа дахь төлөвлөгөөг өдгөө боловсруулж байна. Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг “Үнэлгээ дүгнэлт, суурь судалгаа”, “Концепц”, “Ерөнхий төлөвлөгөө” гэсэн гэсэн үндсэн гурван үе шаттай хийхээр төлөвлөж ажлын хэсэг гарчээ. Өнөөдрийн зөвлөлийн хурлаар уг төлөвлөгөөг нарийвчлан хэлэлцээд, зарим үйл ажиллагааны төлөвлөгөөг хасах, уялдаа холбоогоор нь нэгтгэх, үргүй зардлыг танах, орхигдсон зарим бүтээлч ажлыг нэмээд, дахин хурлаар оруулж эцэслэхээр тогтов. “Ерөнхий төлөвлөгөө гэдэг бол Улаанбаатар хотын амин сүнс учраас маш нухацтай хандаж, нарийн судалгаа тооцоотой эргээд гарах үр дүнтэй ажлууд хийгдэх ёстой. Өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн, баталсан ерөнхий төлөвлөгөөнүүдээс хийгдээгүй орхигдсон ажлуудад нь хариуцлага тооцдог байх хэрэгтэй. Хот өөрөө цогцоороо хөгжих эдийн засгийн чадамжтай, байгаль орчны нөөцөө зөв зохистой ашигладаг, эдийн засгийн тогтвортой эрх зүйн орчинд тулгуурлан хөгжих ёстойг ажлын хэсэг сайн анхаарч, төлөвлөгөөндөө тусгаарай” хэмээн хотын Захирагч С.Амарсайхан санууллаа. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

  • Шинэ
  • Их уншсан