АТГ-ынхан ЭМЯ-ны хоёр ажилтныг саатуулсны нэг нь Д.Сарангэрэл сайдын экс туслах ажээ

Нийслэлийн 15 дугаар дунд сургуулийн сурагчид сүрьеэ өвчний халдвар авсан тухай дуулиан ид өрнөж, нийгмийн сүлжээнд эрүүл мэнд, боловсролын салбар хариуцсан сайд нарыг огцрохыг шаардсаар байна. Яг ийм эгзэгтэй үед буюу өчигдөр (2019.05.15) АТГ-ынхан ЭМЯ-ны Эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б-г хамт ажилладаг ажилтных нь хамт саатуулсан байна. Эх сурвалжуудын мэдээлснээр, Б нь Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг тус яаманд дагаж ирсэн хүмүүсийн нэг бөгөөд УИХ-ын гишүүнээр сонгогдоход нь туслахаар нь ажиллаж байжээ. Тэрбээр нэг бус нэлээд удаагийн үйлдлээр хууль хяналтынхны хараанд өртсөн байсан гэх бөгөөд АТГ-ынхан энэ удаад үйлдэл дээр нь саатуулсан аж. АТГ-ынхан өнгөрсөн онд Д.Сарангэрэл сайдтай холбоотой хоёр ч хүнийг нэр заан мэдээлэл хийж байсны нэг нь Б юм. Гэвч хууль хяналтынхан сайд Д.Сарангэрэлийг ЭМЯ дээр ашиг сонирхлын зөрчил бүхий томилгоо хийснийг анхааруулсаар байтал Б-г албан тушаалаас нь одоог болтол өөрчлөөгүй байсан бололтой. ЭМЯ-ны тухайд, салбарынх нь үйл ажиллагаа олон нийтийн шүүмжлэлд байнга өртдөг, шуудхан хэлэхэд дампуурлын байдалтай атал эрх бүхий албан тушаалтнууд нь байсхийгээд л авлигын хэргээр үйлдэл дээрээ баригддаг боллоо. Учир нь Эрүүл мэндийн сайд асан Г.Шийлэгдамбыг АТГ-ынхан үйлдэл дээр нь барьж саатуулж байсан. Харин ЭМЯ-ны 32 ажилтны оронд УИХ-ын гишүүд, сайд, дарга нарын ойрын хүмүүсийг ямар ямар албан тушаалд томилсныг ANALIZ.MN сайт өнгөрсөн онд мэдээлснээ эргэн сануулъя http://analiz.mn/postview/8624.

Г.Болд

  • Шинэ
  • Их уншсан