Ажилчдын автобусаар соёлтой үйлчлүүлэхийг уриаллаа

Эрдэнэт үйлдвэрийн Авто тээврийн цехийн Зорчигч тээврийн хэсэг үйлдвэрийн ажилчдыг тээвэрлэхэд өдрийн нэг ээлжинд 24 автобусаар үйлчилдэг. Ажилчдын ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэх, үйлдвэрийн дүүрэг болон автобусны буудал хооронд  аюулгүй тээвэрлэх үндсэн үүрэг хүлээж, 2019 оны төлөвлөгөөндөө олон ажил шинээр санаачилан тусгажээ. Өдрийн ээлжийн нэг автобус дунджаар 60-80 хүн тээвэрлэдэг. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн журмыг өндөр түвшинд мөрдөж, техникийн найдвартай бүрэн бүтэн байдлыг хангахад онцгой анхаарч, жолооч нарын хариуцлагыг дээшлүүлэхэд онцгой анхааран ажиллаж буйг холбогдох албаны хүн онцоллоо. Мөн ахмад болон залуу жолооч нарын хоорондын уялдааг нягтруулж, халамжлан хүмүүжүүлэх ,багш шавийн холбоог бэхжүүлэх зэрэг хөдөлгөөнийг зохион байгуулж байна.
     Саяхан тус хэсэг парк шинэчлэлийн хүрээнд шинэ автобусаар “бүл” нэмж, Солонгос улсад үйлдвэрлэсэн Хьюндай маркийн 45 хүний суудал бүхий зочны автобусыг үйлчилгээнд гаргажээ. Автобусны техникийн болоод дотоод цэвэрлэгээ, өнгө үзэмжтэй байлгахад Зорчигч тээврийн хэсгийн ажилтнуудаас гадна зорчиж буй ажилчдын санаачилга гол нөлөөтэй. Иймд ажилчдын автобусаар үйлчлүүлж буй хүн бүхэн бие биенээ хүндэтгэлтэй хандаж, соёлтой зорчиж байхыг тус хэсгийн хамт олон уриалж байна. 

М.Балжинням

 

  • Шинэ
  • Их уншсан