Эрдэнэт үйлдвэр “Токио-2020” олимпын Ерөнхий ивээн тэтгэгч боллоо

 “Токио-2020” зуны XXXII олимпын наадам, паралимпын XVI наадмын хүрээнд Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайд Ё.Баатарбилэг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн нар өнөөдөр “Олимп, паралимпод оролцох баг тамирчдаа дэмжих” харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, гарын үсэг зурлаа. Санамж бичигт гарын үсэг зурснаар баг, тамирчдын бэлтгэл сургуулилтын орчин нөхцөл сайжрах, олимпын эрх олгох, оноо цуглуулах тэмцээнүүдэд өргөн хүрээнд оролцох, гадны улсад хамтарсан бэлтгэл хийх зэрэг олон боломж бүрдэж байна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын уурхайчид Их спортыг ямагт дэмжсээр ирсэн. Токиогийн зуны олимпын Ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллах болсонд, баг тамирчид, тэдэндээ итгэл хүлээлгэж буй ард түмнийхээ өмнөөс уурхайчид, удирдлагуудад талархаж буйгаа БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг энэ үеэр онцоллоо.
   Монгол Улсын баг, тамирчид “Токио-2020” зуны XXXII олимпын наадамд “Бээжин-2008” олимпын наадмын амжилтаа бататгах болон ахиулах зорилго тавьсан. Өнөөдрийн байдлаар буудлагын хоёр тамирчин, паратаеквондогийн мөн хоёр тамирчин олимпын эрх аваад байна. “Рио-2016” олимпод Монгол улс 37 эрхийг авч, баг тамирчдаа илгээсэн бол энэ удаа 40 эрх авахын төлөө бэлтгэл сургуулилтаа хийж байгаа юм.

У.Цэрэнбат

 

  • Шинэ
  • Их уншсан