“Их зогсолт”-ын бэлтгэл хангагдаж байна

Тасралтгүй үйл ажиллагаатай Эрдэнэт үйлдвэр жилд нэг удаа “Их зогсолт” хийж,  техник, тоног төхөөрөмжөө засварлан бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангадаг.  Энэ жилийн “Их зогсолт”-ыг 6 дугаар сарын 29-ний өдрийн 20 цагаас 7 дугаар сарын нэгний 20 цаг хүртэл 48 цагийн хугацаанд зохион байгуулна. “Их зогсолт”-ын бэлтгэл ажил Ерөнхий захирлын тушаалын дагуу оны эхнээс эхэлсэн. Бэлтгэл ажлын явцыг сайжруулж, эрчимжүүлэх зорилгоор Ерөнхий захирлын нэгдүгээр орлогчийн удирдлага дор ажлын хэсэг долоо хоног тутам ажлаа дүгнэж, нарийвчилсан төлөвлөгөө гаргасан. Өнөөдрийн байдлаар, их зогсолтод шаардлагатай бүх ажлын жагсаалт гарч, хүн хүчний хуваарилалт хийгджээ. Мөн энэ үеэр шаардагдах сэлбэг хэрэгсэл, бараа материалыг Худалдан авалт, хангамжийн хэлтсээс энэ сарын 15-20-ны дотор багтаан бүрэн нийлүүлэхээр ажиллаж байна.
   “Их зогсолт” нь богино хугацаанд их ажил гүйцэтгэдэгээрээ  онцлогтой. Бүтэн жилд  зогсолтгүй, нөөцгүй ажилладаг тоног төхөөрөмж, барилга байгууламжид бүрэн засвар, үйлчилгээ хийнэ. Тиймээс ажлын хүрээ өргөн, ачаалалтай байдаг тул гадны байгууллагуудаас ажиллах хүч нэмж авах шаардлагатай болдог. Энэ чиглэлээр байгууллагуудтай гэрээ хийж, “Их зогсолт”-ын ажиллах хүчин бэлэн болжээ.

М.Балжинням

 

  • Шинэ
  • Их уншсан