Эрдэнэт үйлдвэр гавьяатууддаа хүндэтгэл үзүүллээ

   Эрдэнэсийн их уурхай Эрдэнэт үйлдвэрийнхээ нэрийг улсын баяр наадмын босгон дээр өндөрт өргөсөн хоёр гавьяатдаа “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагууд хүндэтгэл үзүүлж, баяр хүргэлээ.
   Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол тэмдэг хүртсэн хүндтэй эрхэм бол Төсөл хэрэгжүүлэх нэгжийн дарга Я.Пүрвээ юм. Ажил, амьдралынхаа 20 жилийг Эрдэнэт үйлдвэртэй холбосон тэрээр 35 жилийн хөдөлмөрөө уул уурхайн салбарт зориулж, эдүгээ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т катодын зэс үйлдвэрлэх “Эрдмин” компанийн төсөл болон Эрдэнэт үйлдвэрийн хөгжлийн концепци, үндсэн чиглэл боловсруулах зэрэг томоохон төслүүд дээр ажиллаж байна.
   Мөн Эрдэнэт үйлдвэрийн түүхийн 36 жилийг хамтдаа бүтээлцэж, уул уурхайн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан Эрдэнэт үйлдвэрийн анхдагч, ахмад уурхайчин Юнгэрээгийн Цэдэнбал Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Гавьяат уурхайчин цол тэмдэгээр энгэрээ мялаасан билээ. Ил уурхайд тоног төхөөрөмжийн засварчнаар ажлын гараагаа эхэлсэн тэрээр Инженерийн зураг төслийн төвийн хэлтсийн орлогч дарга, даргын ажил эрхэлсэн. Ажиллах хугацаандаа Эрдэнэт үйлдвэрийн цех хэсгүүдэд шинэ техник технологи нэвтрүүлэх, үйлдвэрлэлийн процессыг боловсронгуй болгох, өөрчлөлт шинэчлэлтийн болон шинээр баригдах, өргөтгөх, үйлдвэрлэл, нийгэм соёлын олон талт чухал барилга байгууламжийн иж бүрэн төслүүдийг чанартай хийж гүйцэтгэсэн юм.
   “Эрдэнэт үйлдвэрийн түүхийг бүтээлцэж, уул уурхайн салбарын инженерүүдийн нэр төрийг өндөрт өргөж яваа хоёр гавъяатаараа уурхайчин хамт олон нь бахархаж байна. Булган сүүлтэй байх болтугай” хэмээн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн энэ үеэр хэллээ.

И.Чинтогтох

 

  • Шинэ
  • Их уншсан