Х.БАТСАЙХАН: Олон шинэ санаачилгыг Эрдэнэт үйлдвэрээс олж харлаа

      “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 168 ажилтан энэ онд Эрдэнэт үйлдвэр”-ийн туршлагатай танилцахаар хөтөлбөр гаргажээ. Тус компанийн Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Х.Батсайханы сэтгэгдлийг хуваалцлаа.

   -Санамж бичгийн хүрээнд хэрэгжиж байгаа туршлага судлах, танилцах уулзалтыг та хэрхэн үнэлж, дүгнэж байна вэ?

   -Санамж бичиг байгуулснаас хойш хоёр үйлдвэрийн хамтын ажиллагаа сайжирч байна. 14 хоногийн өмнө Эрдэнэт үйлдвэрийн 16 хүний бүрэлдэхүүнтэй баг манай компанийн Өмнөговь аймаг дахь Цанхи хотхон, Тавантолгойн бүлэг орд уурхайтай танилцах аялал хийсэн. Бидний хувьд Улаанбаатар хот дахь төв оффисын 7 хэлтсийн 31 хүний бүрэлдэхүүнтэй баг Эрдэнэт үйлдвэрт хүрэлцэн ирээд байна. Энэ удаа нийгмийн харилцааны хэлтсийн гол цехүүдтэй танилцаж, ажилтан, албан хаагчдаа хөгжүүлэх, урлаг соёл, спортын олон төрлийн хийж хэрэгжүүлж байгаа ажлуудаас туршлага судаллаа. Манай компани 2020 онд дэргэдээ сувилал байгуулж, ажилчдынхаа нийгмийн халамжийг сайжруулах чиглэлээр олон ажил хийхээр төлөвлөсөн. Энэ бүхэнд Эрдэнэт үйлдвэрийн тэргүүн туршлага хэрэгтэй гэж үзсэний дагуу хоёр үйлдвэр хамтран ажиллаж байна. Аяллын туршид олон шинэ санаачилгыг Эрдэнэт үйлдвэрээс олж харлаа. Энэ арга хэмжээг зохион байгуулж байгаа Эрдэнэт үйлдвэрийн Нийгмийн харилцааны хэлтэст талархал илэрхийлье.  

 Б.ЭНХЗУЛ: Бодит туршлагуудыг өөрсдийн үйл ажиллагаанд нэвтрүүлнэ

    -Аяллын туршид Эрдэнэт үйлдвэрийн хэд хэдэн бүтцийн нэгжтэй танилцлаа. Таны хувьд ямар ололттой санааг тусгаж авав?

   -Миний бие байгууллагынхаа Хүний нөөц, сургалт судалгааны хэлтсийг төлөөлөн ирсэн. Бид Эрдэнэт үйлдвэрийн Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын орлогч даргатай уулзаж, үйл ажиллагаатай нь танилцсан. Эрдэнэт үйлдвэрийн ажиллагсдын тоо манай компанитай харьцуулахад 6 дахин их. Энэ утгаараа ажилчдын нийгмийн асуудалд ихээхэн анхаарч, сургалт хөгжүүлэлтийг өндөр түвшинд хийж ирснийг олж харлаа. Бид Технологийн сургуулийн мэргэжлийн багш, удирдлагуудтай уулзсан. Мэргэжлийнх нь дагуу ажилчдаа хэрхэн сургаж хөгжүүлэх, хамтран ажиллах ямар боломж байгаа, ажилчдаа эчнээ сургалтанд хэрхэн хамруулах вэ гэдэгт тууштай, бодит ажлууд хэрэгжүүлэхээр ярьсан.

    Мөн Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын өргөтгөсөн мэдээллийн санг зохион байгуулж, автоматжуулсан нь маш их таалагдлаа. Үүнийг зөвхөн IT инженерүүд гэлтгүй өөрсдөө хийж бүтээж болдгийг мэдэж авсан. Үйлдвэрийн үйл ажиллагааны гол баялаг болох хүний нөөцийг хэрхэн зөв хуваарилж, мэдээллийг нэгтгэх вэ гэдэг дээр Эрдэнэт үйлдвэртэй хөгжүүлэлт, автоматжуулалтын талаар хамтран ажиллах анхан шатны яриаг хийсэн нь танилцах уулзалтын үр өгөөжийг харуулах байх. Эрдэнэт үйлдвэрийн спорт, урлаг соёлын цогцолбор, оёдлын цехийн үйл ажиллагаатай танилцахдаа хүний нөөц талаас нь харж явлаа. Ажлын зохион байгуулалт, хуваарилалт хэдийнэ жигдэрч, тогтвортой ажлын байрыг бий болгож чаджээ. Туршлага судлах ажлын хүрээнд харилцан ажилчдаа сургах, сувилалд амраах, сургуульд нь сургах, оёдлын цехийн хувьд энэ төрлийн туслан гүйцэтгэгчийг дэргэдээ ажиллуулах боломжууд байдгийг харж байна. Эрдэнэт үйлдвэр ISO9001 чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлжээ. Бодит туршлагуудыг өөрсдийн үйл ажиллагаанд нэвтрүүлж, амжилттай хэрэгжүүлнэ гэсэн итгэлтэйгээр буцаж байна.

И.Чинтогтох

 

 

 

  • Шинэ
  • Их уншсан