“Эрдэнэт үйлдвэр”-ийн мэргэжилтнүүд Монгол Улсын Төв Банкны сургалт, хөтөлбөрт оролцлоо

 “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Эдийн засгийн бодлогын хэлтэс, Маркетингийн хэлтэс, Нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн 30 гаруй мэргэжилтэн мэргэжлийнхээ дагуу хоёр өдрийн турш Монгол банкны сургалтад хамрагдаж байна. Сургалтын хүрээнд Монгол банкны үйл ажиллагаатай танилцаж, Монгол Улсын мөнгөний бодлого, инфляц, 2020 оны төсвийн төсөөлөл, валютын ханшийн хэлбэлзэл, түүнд нөлөөлөх хүчин зүйлс, уул уурхайн салбарын татварын урамшуулал сэдвээр сургалт авч, цаг үеийн мэдээллээр мэдлэгээ  тэлэхийн зэрэгцээ сонирхсон асуултдаа хариулт авсан юм. Мөн хөтөлбөрийн дагуу Монгол банкны Эрдэнэсийн сангаар зочилж, Улсын сан хөмрөгт хадгалагдаж буй үнэт зүйлстэй танилцлаа.

Төв банк сүүлийн жилүүдэд Олон нийтийн боловсрол, мэдээллийн төвийг дэргэдээ ажиллуулж байгаа бөгөөд хувь хүн, албан байгууллага, хамт олонд сонирхсон сэдвийнх нь хүрээнд зорилтот сургалтуудыг зохион байгуулж, санхүүгийн боловсрол олгоход анхаарч эхэлжээ. Сургалтын үеэр Монгол банкны Олон нийтийн боловсрол, мэдээллийн төвийн мэргэжилтэн С.Амгаланбаяртай цөөн хором ярилцлаа.
 
С.Амгаланбаяр: Санхүүгийн боловсрол олгох дэлхийн жишгийг бид дагаж байна

 -Монгол банк Олон нийтийн боловсрол, мэдээллийн төвийг дэргэдээ ажиллуулах болсон нь ямар ач холбогдолтой вэ?

-Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх төслийг эхлүүлснээс хойш байгууллагууд, хамт олон, багш сурагчдын мэдлэг боловсролд, тэдний амьдралд хэрэг болох ойлголтуудыг өгөхийн тулд үргэлж нээлттэй ажиллаж, тогтмол сургалт явуулсаар ирсэн. Зорилтот болон тухайн цаг үед албан бусаар ирсэн хүсэлтүүдийг үндэслэн үнэ төлбөргүй сургалт зохион байгуулж байна. Ингэхдээ амьдрал дээр байдаг жирийн сэдвүүдээс эхлээд нарийн нийлмэл сэдвийг хамрах нь ч бий. Үүнд, улс орны эдийн засгийн нөхцөл байдал, эдийн засгийн тоон үзүүлэлт, статистик, өрхийн төсөв, орлого зарлага, төсвөө хэрхэн хэмнэх, яаж хуримтлал бий болгох, бизнес санхүүгийн үйлчилгээний талаарх ойлголт, эрсдэлтэй тулгарахад ямар бэлтгэлтэй байх, санхүүгийн залилан луйвраас хэрхэн сэргийлэх, аль мэдээлэлд тулгуурлаж явах ёстой, даатгал, үнэт цаас, хувьцаа, бондыг нэрлэж болох юм. Төв банк яагаад сургалтын байгууллага шиг болов гэж гайхаж магадгүй. Дэлхий нийтийн жишиг ийм болжээ. Улс орон л юм бол жирийн иргэдээс хойч ирээдүй нь хүртэл санхүүгийн бүхий л ойлголтыг мэддэг, түүнийг амьдралдаа дадал болгох ёстой гэсэн зүй ёсны шаардлага гараад байна. Өөрөөр хэлбэл бүхий л мэргэжлийн хүмүүс мэдсэнээ бусдад түгээснээр хувь хүн, айл өрх, байгууллага, улс орны  хэмжээнд хөгжил цэцэглэлтийг авч ирэх сайн сайхан зүйл рүү явж байгаа юм. Үүнд хүн бүрийн дэмжлэг оролцоо байх ёстой.

-Жилийн турш зохион байгуулдаг төлөвлөгөөт сургалтууд бий юу? Эдийн засгийн боловсрол дээшлүүлэх сургалтыг сонирхогч хэр олон байна вэ?

-Сургалтыг тухайн хамт олны ирүүлсэн хүсэлтэд тулгуурлахаас гадна бүтэн жилийн турш улирал тутам тогтмол сэдвүүдээр төлөвлөн хийдэг. Зарим байгууллага сард нэг удаа байхад нэг хэсэг нь улирал тутам сургалт авах жишээтэй. Жил бүрийн гуравдугаар сард Дэлхийн мөнгөний 7 хоног, зургаадугаар сарын 01-д Хүүхдийн баяр, 2-нд Банкны ажилтны өдөр, аравдугаар сарын 31-нд Дэлхийн хуримтлалын өдөр гэсэн тодорхой тогтсон үйл ажиллагаанаас гадна идэвхжүүлэлт хийх үүднээс санхүүгийн эрх ашгийг хамгаалах, энэ чиглэлийн бүтээгдэхүүн үйлчилгээг иргэдэд илүү хүргэхийн тулд хариуцлагатай харилцагч, хариуцлагатай банк аяныг өрнүүлэх жишээтэй. Хугацаат аянуудаар дамжуулан иргэдэд аль болох давхар мэдээлэл өгөхийг зорьж байна.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн Үйлдвэрлэлийн зардал, татварын товчооны нягтлан бодогч Т.ОЧИРХҮҮ:
Өөрт хэрэгцээтэй мэдээллийг авч чадсан

    -Онолын гэхээс илүүтэй практикт ойр мэдээллийг бидэнд өгч байна. Валютын ханшийн талаарх сургалт нь хүмүүсийн өдөр тутмын амьдралд хамааралтай сэдэв байлаа. Мөн Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн байдал ямар байгааг, энэ нь цаашид өсөх үү, буурах уу, үүнийг дагасан мөнгөний ханш, цалин хөлс ямар байх вэ гэдэг нь хүн бүрийн амьдралд ойр туссан байх. Ач холбогдлын хувьд өөрт хэрэгцээтэй мэдээллийг авч чадсан.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Эдийн засгийн бодлогын хэлтсийн Хөрөнгө оруулалтын төлөвлөлт, мониторингийн товчооны дарга Б.ГӨЛГӨӨ:
Мэргэжилтнүүдийг ойртуулсан сургалт, уулзалт боллоо

-Бид Монгол банкны харьяа Эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнд сургалтад хамрагдлаа. Эрдэнэт үйлдвэр улсын төсөв, гадаад валютын нөөц бүрдүүлэлтэд жинтэй хувь нэмэр оруулдаг Улсын үйлдвэр. Энэ утгаараа өнөөдрийн сургалтууд нь салбарын мэргэжилтнүүд бидний хувьд төрөөс барьж байгаа мөнгөний бодлого, валютын ханшийн эрсдэл, хэлбэлзэл, гадаад дотоод хүчин зүйл зэрэг хэрэгцээтэй мэдээллийг өгсөн. Цаашид, Монгол банктай хамтран ажиллах болон байгууллагуудын мэргэжилтнүүдийг ойртуулсан сургалт уулзалт боллоо гэж дүгнэн хэлмээр байна.

И.Чинтогтох

 

 

  • Шинэ
  • Их уншсан