Украины тосгоны иргэд Ухань хотоос ирсэн нутаг нэгтнүүдээ хүлээж авахаас татгалзжээ

Өнөөдөр Украин улсын засгийн газар коронавирусийн тархалтын төв Хятадын Ухань хотоос иргэдээ нүүлгэн шилжүүлжээ.

Уханиас ирсэн иргэдийг Украины төв бүсийн Новые Санжары тосгонд байрлах эмнэлэгт 14 хоног тусгаарлахаар болсон юм.

Гэтэл тосгоны иргэд өнөөдөр халдварт өвчний голомтоос ирсэн нутаг нэгтнүүдээ хүлээж авахаас татгалзаж, зам хаан эсэргүүцжээ.

Тэмцлийг таслан зогсоохын тулд хэдэн зуун цагдаа журам сахиулж, зарим иргэдийг баривчилсан байна. Украины ерөнхийлөгч Володимир Зеленский нүүлгэж авчирсан иргэдээс халдвар тархах боломж хязгаарлагдмал, урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайтар авсан талаар мэдэгдэл хийж, иргэдээ тайвшруулжээ.

“Гэвч өөр нэг аюул бидний дунд байгааг би сануулмаар байна. Энэ бол бид бүгд адилхан хүн, адилхан Украинчууд гэдгээ мартах аюул юм” гэж тэр мэдэгдэлдээ анхааруулсан байна.

Өнөөдөр Украинд газардсан онгоцоор тус улсын 45 иргэнээс гадна Аргентин улсын 27 иргэн, Доминикан, Эквадор, Сальвадор, Казахстан, Коста Рика зэрэг бусад улсын иргэд ирсэн юм. 

Тэдгээрийг тусгай үүргийн нисэх онгоцонд суулгахаасаа өмнө хоёр ч удаа шалгасан тухай Украины эрх баригчид тайлбарласан боловч иргэдийн эсэргүүцлийг зогсоож чадаагүй байна.

Хятадад тархсан шинэ коронавирусийн халдвар Украин улсад одоогоор илрээгүй байгаа юм. Гэвч иргэдийн дунд айдас түгшүүр өндөр байгаа нь өнөөдрийн үйл явдлаас харагдаж байна.

 

Эх сурвалж: Reuters, ikon.mn

  • Шинэ
  • Их уншсан