УИХ-ын гишүүн Д. Лүндээжанцан бичиж байна:УЛААНБААТАРЫН УЯНГЫН ДУУ*

Алгаар хааж болдоггүй

Алтан шаргал нарны дор

Азаар заяасан хорвоогийн

Арван найман насандаа

Хаяад явчихаж болдоггүй

Хархан нүдний талимаанд

Харих цагаас хождоод

Хан ууланд оройтоход минь

Буурал ээжтэй минь хамт

Буцаад ирэхийг минь хүлээж

Уудам Азийн Монгол

Улаанбаатар нийслэл минь

Дөрвөн уулын дундаа

Тэнгэрийн заадас шиг ярайна

хэмээсэн Дорнын их найрагч Бэгзийн Явуухулангийн Улаанбаатарын уянгын дуу сэтгэлд эгшиглэнэ. Хэзээ, хаанав гээч. Гуравдугаар сарын сүүлчээр, цэнхэр Дунайн эрэг дээр.

Зүүн Европын сувд эрдэнэ болсон цэнхэр Дунайн эргээр 1100 жилийн түүхт эртний Буда хотыг нүд хужирлан бидний хэсэг нөхөд аялж явав. Зах зээлийн шилжилтийн замд хуучин социалист гэгдэж байсан Зүүн Европын улсуудаас хамгийн гарз хохирол багатай орсон улс болохынх нь хувьд Унгарын туршлагатай танилцсан юм. Ингэхдээ эдний эрчим хүчний салбарын бүтцийн өөрчлөлтийг гол нь сонирхсон.

Урд маань одоо цагийн нэртэй, зартай хоёр улс төрч-эдийн засагч П.Жасрай, Да.Ганболд нар ам чөлөөгүй мэтгэлцэж явна. За харав уу. Реформ /шинэтгэл/-ийг чинь ингэж хийдэг байхгүй юу. Тэгэхэд та нар юу ч ойлгохгүй, хий л хаширлаад байх юм гэж Да Ганболд үглэнэ.


Хариуд нь Жасрай гуай: -Харав уу. Реформыг чинь ингэж ухаалаг, болгоомжтой, тооцоотой хийдэг байхгүй юу. Хэлээд байхад үг аваагүй шүү дээ хэмээн хариулах нь чих дэлсэнэ. Та хоёр аль аль нь л толгойдоо үс гэхээр юмгүй учраас алдаагаа хүлээхгүй нь аргагүй дээ хэмээн нэг нь хэлж бусдыгаа инээлгэж явна. Үдшийн Будапешт улам өнгөлөг гэрэлтэй болж, бид үзэсгэлэнт Гелерт уул өөд өгсөж явав. Жасрай гуай өмнө минь сэвэлзтэл алхана.

Дунайн гоёмсог гүүрүүд, мөрний хоёр эргийг дагуулан барьсан эртний уран тансаг барилгуудын гэрлэн чимэглэл нь асахаар улам ч өнгө ялгаран харагдана. Энд урин хавар хэдийнээ ирж, энэ үдэш бараг зуны тогтуун орой шиг байв.

Суурин соёл иргэншил гэгч харагдаж үзэгдэхээр их л зүйл үлдээдэг юм байна даа гэдгийг Будапештийн түүх, соёлын дурсгалуудыг үзэж явахдаа бодсонсон.

Дунай мөрний хөвөөнд Унгарчууд нүүдэллэн ирж суурьшсаны 1000 жилийн ой нь өнгөрсөн зууны эцсээр болоход хэдийгээр Унгар нь Австрийн холбоонд байсан ч тэр үеийн хаан Франц, хатан хаан Сисси нараас эхлээд Унгарчууд өөрсдөө цөм эрвийх дэрвийхээрээ мэрийж энэ хотын өнгө төрхийг илтгэсэн тэр аяараа музей гэж хэлж болох олон зуун барилга барьсан нь өнөөдөр зүг зүгийн түм, буман хүний нүдийг баясгаж, сэтгэлийг татдаг газар орон болгожээ.Тодруулж хэлбэл, байшин, гүүр болгон нь өөр өөрийн өнгө төрхтэй, урлагийн бүтээл болсон байна. Дэлхийн олон улс орны парламентын ордонг үзэж нүд тайлсан хүмүүсийн ярихыг сонсвол Унгарын парламентын ордонг гүйцэх нь хэд бол гэж ярьж байв. Энэ ордонг мөн л өнгөрсөн зуунд барьж байгуулжээ.

Франц гэдэг хаан Унгар улсын 1000 жилийн ойгоор нь алдарт Венийн театрт дөхөж очихуйц дуурийн гоёмсог театрыг бариулж бэлэглэсэн байх юм. Энэ театрын нэг удаагийн үзвэрийн тасалбарынх нь үнэ манай төрийн албан хаагчдын сарын цалингаас давж байх юм. Бас сул суудал нэгээхэн ч үгүй байгаа нь сонгодог урлагийн үнэ цэнэ хүмүүсийнх нь оюуны соёлын түвшинг яахын аргагүй илтгэж буйн жишээ.

Эдгээрийг үзэж, сонсож явахдаа нийслэл хотынхоо 360 жилийн ойг угтаад бид чинь юу хийж байгаа билээ гэж бас өөрийн эрхгүй эргэцүүлэхэд хүрсэн. Манайх нүүдлийн соёл иргэншилтэй улс учраас нийслэл хот маань Өвөрхангайн Бүрдний Ширээ цагаан нуураас эхлэн нүүсээр яваад Богд Хан уулын ар, хатан Туулын хөвөөнд тогтож нутагласан түүхтэй. Өлзийгөө ч өгсөн. Хүн амын маань дөрөвний нэг нь нийслэл хотдоо амьдарч байна. Харин нэг адил тал нь Унгарын хүн амын мөн л дөрөвний нэг нь Будапештэд оршин суудаг юм байна.

Үзэсгэлэнт Гелерт уулан дээрээс Дунайг ширтэн, шөнийн Будапештийг харж сууна. Дунайн мандал, эртний уран барилгууд өнгө өнгөөр гялалзан үнэхээр гайхалтай сайхан харагдаж байна. Иймээс ч ЮНЕСКО шөнийн Будапештийн энэ хэсгийг тусгай хамгаалалтад авсан байж таарна. Манайд хосууд гол төлөв бүсгүй нь эрэгтэйгээ сугадаж явдаг бол энд залуу, нас тогтсон гэлтгүй ямагт гараасаа хөтлөлцөж яваа нь ажиглагдана. Гар гараасаа барилцаж, илч илчээ мэдэлцдэг биз гэж бодсон.

Энэ үдэш ч аз жаргалтай хосууд гар гараасаа хөтлөлцөөд тайван алхацгаана. Зарим нь туулайн бөөр модны дэргэд толгойгоо нийлүүлэн сууж, дурлалд мансуураад хавь ойроо анзаарах сөгөөгүй байцгаана. Арга ч үгүй дээ, аль ч газрын залуу хүмүүс адилхан юм даа.

Энэ мөчид:

Хөх Дунайн эрэгт дахиад чамтай учрахгүй

Хөлгүй талимаарах харцанд чинь дахиад би унахгүй

Гурван модны дэргэд дахиад хамт суухгүй

Гувай хатан цэцгээ, чи дахиад надад дуулахгүй

Хэрсүү хоёр зүрх бие биеэ эрэхгүй

Хэрэг болгож эрлээ гээд тийм ч амар олохгүй

Туулайн бөөр мод бидний тухай ярихгүй

Туулан өнгөрөх насандаа хэн хэнээ мартахгүй

гэсэн их Явуугийн шүлгийн мөр сэтгэлд ургаж ирснээ улмаар “Туулын урсгал шөнөдөө сайхан”-ы намуухан аялгуу Түмэндэмбэрэл гуайн хоолойтой сүлэлдэн уянгалах шиг болж байв. Уншаад санаа алдмаар дээрх шүлгийг Явуухулан гуай цэнхэр Дунайг ширтэж байхдаа зүрхэндээ бичсэн буй заа. Юу ч үзээгүй Зөвхөн Монголдоо гэж шоолуулахад ичих юм даанч алга даа. Төрөлх Улаанбаатартаа байхад уугуул нутаг ус Эрээн, Батхаан, Олон нуурынхаа голд очихсон гэж мөрөөддөг бол хотоос гараад л явангуут Хан-Уул, Хатан туул, хотын хөл хөдөлгөөн, шар хэвлэлээс нь эхлээд бүх л зүйлийг нь саначихсан явах юм. Монгол хүн хаана ч явсан бас дуутайгаа хамт явах юм.

Улаанбаатарын маань шөнийг Явуу найрагч тэнгэрийн заадас шиг гэж хэлсэн нь үнэхээр оножээ. Будапештийн шөнө тэнгэр нь бүрхэг одод нь харагдахгүй ч гоёлон чимгээ зүүгээд өөрөө тэнгэрийн заадас шиг яралзах юм.

Тэгвэл миний Улаанбаатарын шөнө цэв цэнхэр тэнгэрт буй үй түмэн ододтой хамт сүлэлдэн, өнгө нь улам тодорч дээшээ зах хязгаар нь харагдахгүй нэлдээ гэрэлтэж байгаа даа гэж бодогдоно.

Явуухулан гуай Улаанбаатарын уянгын дуугаа алс газраас эх нутгаа бодож зохиосон байж таарна.

Үзэж өнгөрүүлсэн амьдралын

Үд дундын насандаа

Хуудуу хийчихэж болдоггүй

Хэцүү ажлын эрхээр

Хоног хугацаа хождоод

Холын замд оройтоход минь

Энхрий янагтай минь хамт

Ирэх өдрийг минь хүлээж

Уудам Азийн Монгол

Улаанбаатар нийслэл минь

Дөрвөн уулын дундаа

Тэнгэрийн заадас шиг ярайна.

Хамгийн наад зах нь цаг агаарын байдлаас шалтгаалж онгоцны нислэг хойшлоод Буянт-Ухаад шөнө дөлөөр буухад дээрх бадаг сэтгэлд мөн эгшиглэж л байдаг.

Ингээд бодохоор унасан газар, угаасан ус, уугуул нутгийн тухай дуу хүмүүний сэтгэлд мөнхөд эгшиглээстэй байдаг бус уу. Тиймээ.

Эцгийн голомтыг залгах

Эрийн цээний насандаа

Орхиод явчихаж болдоггүй

Очтой нүдний талимаанд

Ээжий, аавын балчирхан

Энхрий хүүг минь оройтоход

Хөгшин бид хоёртой хамт

Хүүгий минь ирэхийг хүлээж

Уудам Азийн Монгол

Улаанбаатар нийслэл

Дөрвөн уулын дундаа

Тэнгэрийн заадас шиг ярайна

https://www.youtube.com/watch?time_continue=8&v=VfOXDMIOORg&feature=emb_logo

хэмээх уянгын дуу хаана ч явсан хэзээ ч гэсэн ямагт сэтгэлд минь уянгалаастай байдаг юм. Дууны ид шид ийм буюу.

Будапешт 1999 оны 4- р сар

* Зууны мэдээ №88 (088) 1999.5.10

 

  • Шинэ
  • Их уншсан