Японд болох зуны олимп гурав дахиа бүтэлгүйтэх үү?

Ази тивээс олимпын наадмыг зохион байгуулах эрхийг Токио хот 1940 онд анх авчээ. Зуны олимпын наадмыг Наран улсын нийслэлд 1940 оны есдүгээр сарын 21-ээс аравдугаар сарын 6-нд зохион байгуулахаар товлоод байв. Гэвч Японы арми Хятад улс руу халдан довтолсны улмаас энэхүү эрхийг Хельсинк рүү шилжүүлжээ. Үүнээс 20 жилийн дараа Токио хот Вена, Детройт, Брюссельтэй өрсөлдөж, дахин эрх авчээ. Ийнхүү Ази тивийн түүхэнд хүн төрөлхтний эв санааны их наадмыг анх удаа зохион байгуулсан юм. 1964 оны Токиогийн олимпыг хар салхины улмаас аравдугаар сар хүртэл хойшлуулсан удаатай. Апартеидийг өөгшүүлж байсан Өмнөд Африк улсыг уг олимпод оролцохыг нь хориглосон байдаг. Монгол Улсын шигшээ баг энэ олимпод спортын таван төрөлд эрэгтэй 17, эмэгтэй дөрвөн тамирчны бүрэлдэхүүнтэй оролцжээ. Япон улс зуны олимпын наадмыг зохион байгуулах эрхийг гурав дахь удаагаа авч Токиод энэ оны долоодугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-нд зохион байгуулахаар товлосон. Гэвч дэлхий нийтэд тархсан шинэ коронавирусийн улмаас зуны олимпын наадмыг хойшлуулах, цуцлах, эсвэл өөр улсад зохион байгуулах эрсдэлт байдал үүслээ. Японы Засгийн газар коронавирусийн тархалт намжихгүй бол наадмыг хойшлуулах боломжтой гэж үзсэн.

Тус улсын Спортын сайд Сейко Хашимото парламентын гишүүдэд хандан “Олон улсын олимпын хороо зуны олимпыг 2020 онд багтаан зохион байгуулаагүй тохиолдолд уг наадмыг цуцлах эрхтэй. Энэ тухай Олон улсын олимпын хороо, Японы Олимпын хороо, Токио хотын захиргаатай 2013 онд байгуулсан гэрээнд дурдсан” гэжээ.

ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах коронавирусийн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх тайланг сонсож, дэлгэрэнгүй хэлэлцүүлэг хийсэн ч наадмыг хойшлуулах талаар албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна. Одоогийн байдлаар Японд коронавирусийн халдвар авсан 468 тохиолдлыг албан ёсоор бүртгэжээ. Тиймээс Японы эрх баригчид Хятад, Өмнөд Солонгосын иргэдийн визгүй зорчих эрхийг түдгэлзүүлж байна. Тус улсын Хоккайдо мужид хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн. Энд олимпын марафон гүйлт, алхалтын тэмцээнүүдийг зохион байгуулах ёстой. Тиймээс вирусийн голомтот нутгуудад товлосон зарим тэмцээнийг Саппоро хот руу шилжүүлэхээр ярилцаж байна. Олон улсын олимпын хороо, “Токио 2020” тэмцээний зохион байгуулах хороо, Токио хотын захиргаа, Японы Засгийн газар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хамтарсан ажлын хэсэг байгуулжээ. Олон улсын олимпын хороо Дэлхийн эрүүл мэндийн зааврыг дагахаа мэдэгдсэн.Түүнчлэн наадмыг намар зохион байгуулах нь хэт халууны улирлаас зайлсхийхэд тустай, эрсдэлгүй гэж зарим мэргэжилтэн үзэж байна. Гэхдээ Олон улсын олимпын хороо наадмыг зөвхөн зуны саруудад зохион байгуулахыг шаардаж байгаа юм. Эх сурвалжууд терроризм, дайн, байгалийн гамшиг, бойкот зэрэг эрсдэлийг тооцоолж ОУОХ нөөц төлөвлөгөөтэй байдаг тухай дурдаж байна. Гэхдээ тэд “Б төлөвлөгөө”-гөө танилцуулах гэж яаралгүй Токиогийн олимпыг хугацаанд зохион байгуулахаар хичээж байна. Энэ нь зуны олимпын замналыг алдагдуулахгүй гэсэн бодлоготой холбоотой. Өмнө нь 1968 оны Мехико, 1972 оны Мюнхен, 1988 оны Сөүл, 2000 оны Сиднейн зуны олимпыг байгаль, цаг уурын шалтгаанаар хойшлуулж, намрын саруудад зохион байгуулжээ.

Мөн 1906 онд Афин хотод “завсрын” гэгддэг олимпын наадам зохион байгуулсныг ОУОХ албан бус гэж үздэг. Харин 1916 оны Берлиний зуны олимпыг дэлхийн нэгдүгээр дайны улмаас, 1944 оны Лондоны олимпыг хоёрдугаар дайны улмаас албан ёсоор цуцалж байжээ.

“Киодо” агентлагийн мэдээлснээр, Японы Засгийн газар 13 тэрбум ам.долларыг олимпын наадамд зориулан төсөвлөжээ. Хэрвээ олимпын наадмыг хойшлуулах эсвэл цуцалбал коронавирусийн улмаас ДНБ-ий өсөлт нь 0.9 хувиар буурсан Японы эдийн засаг чамгүй хохирол амсана. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас “Сovid-19” вирусийн тархалт ирэх долоодугаар сар хүртэл үргэлжилбэл Токиогийн олимпыг цуцалж магадгүй гэж эх сурвалжууд мэдээлсэн. Мөн Олон улсын олимпын хорооны гол ивээн тэтгэгчид спортын сувгуудын зар сурталчилгаанаас олох ашиг багасна. Нэмж дурдахад, намар зохион байгуулбал олимпын наадам Хойд Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгийн лиг, хөлбөмбөгийн Европын аварга зэрэг хамгийн олон үзэгчтэй спортын тэмцээнтэй давхцах аж.

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

 

  • Шинэ
  • Их уншсан