Д.Отгонбаяр: Бүсгүйчүүд гэлтгүй хүүхдүүдийн төлөө дуугаа өргөсөн

Энэ удаагийн “Утасны анд” буланд “Хурд” хамтлагийн гитарчин, гавьяат жүжигчин Д.Отгонбаярыг урилаа.

-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнгөрсөн амралтын өдөр буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр “Хурд” хамтлаг “Буцааж нэхэхгүй хайр” сайн санааны хандивын тоглолтоо хийлээ. Энэ талаар?

-Баярлалаа. Манай хамтлагийн зүгээс иргэний үүргээ биелүүлж эх орноо гэх халуун сэтгэлийн үүднээс “Буцааж нэхэхгүй хайр” тоглолтоо хийлээ. Монголын урлаг, уран сайхны хүмүүсээ төлөөлж, монгол түмнээ магтан дуулж энэхүү аймшигт халдварт өвчний эсрэг тэмцсэн. Монгол түмний эв нэгдэл, монгол хүмүүс Монголдоо хайртай, хүн хүнээ хайрлах энэ бүх зүйлийг шингээхийг хичээж ажилласан. Тоглолт маань үнэхээр гайхалтай, амжилттай болсон.

-“Хурд” хамтлаг жил бүр бүсгүйчүүддээ зориулж тоглолт хийдэг. Энэ удаагийн тоглолтын онцлог?

-Бид жил бүр бүсгүйчүүддээ зориулж тоглолт хийдэг. Энэ удаа тоглолтоо онлайнаар хийлээ. Дан ганц бүсгүйчүүд гэлтгүй хүчирхийлэлд өртөж буй олон бяцхан хүүхдийг хамгаалах, тэдний төлөө дуу хоолойгоо өргөсөн юм. Мөн хүмүүсийг ч гэсэн энэ харгис хүчирхийллийн эсрэг эх орноо хайрлаж, хамгаалахын төлөө бидэнтэй нэгдсэнд их баяртай байна. Бид тоглолтын эхэнд хэлсэн энэ тоглолтын ашгийг улсдаа өгнө гэж. Одоо нийт 250-аад сая төгрөг цуглаад байна.

-Удахгүй цэргийн баяр болно. “Хурд” хамтлагийн зүгээс эрчүүддээ ямар бэлэг барих вэ?

-Одоогийн байдлаар бидэнд төлөвлөсөн зүйл алга. Саяны тоглолтыг ер нь бүх хүнд зориулж хийсэн гэхэд хилсдэхгүй. Мэдээж эр цэргийн баярыг “Цэргийн бодол” дуугүйгээр төсөөлөшгүй.

  Эх сурвалж: Зууны мэдээ сонин 

 

  • Шинэ
  • Их уншсан