Дональд Трампын шинжилгээний хариу сөрөг гарав

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп короновирусын шинжилгээ өгсөн бөгөөд хариу нь сөрөг буюу халдвар аваагүй гэж гарсан талаар Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Стефани Гришем мэдээлсэн байна.  Ерөнхийлөгч Дональд Трамп баасан гаригийн орой шинжилгээнд хамрагдаж байгаа талаараа мэдээлж байсан билээ. “Бразилийн төлөөлөгчидтэй  Мар-а-Лагод зоог барьснаас долоо хоногийн дараа Ерөнхийлөгчид ямар нэгэн сэжигтэй шинж тэмдэг илэрч байгаагүй” гэж Цагаан ордны хэвлэлийн мэдэгдэлд дурджээ.

Ерөнхийлөгчийг шинжилгээ өгүүлэхэд хүргэсэн шалтгаан нь Бразилийн төлөөлөгчидтэй уулзсантай холбоотой байсан. Учир нь Бразилийн Ерөнхийлөгч Жаира Болсонаруг АНУ-ын Ерөнхийлөгчтэй уулзахад хамт  байсан төлөөлөгчдийн нэг нь арга хэмжээ болж өнгөрсний дараа шинэ төрлийн коронавирусын халдвар авсан нь тодорхой болсон юм.

CNN агентлагийн мэдээлснээр бямба гаригаас Цагаан ордон Ерөнхийлөгч болон дэд Ерөнхийлөгч нартай уулзсан хүмүүсийн халууныг хэмжиж эхэлсэн байна. Түүнчлэн нэг сэтгүүлч 37,7 градусын халуунаасаа болж, короновирусын талаар хийсэн хэвлэлийн хуралд оролцож чадаагүй байна.  Зарим хэвлэлүүд Бразилийн Ерөнхийлөгчийг COVID-19-ийн халдвар авсан байж болзошгүй гэж мэдээлж байсан ч тэрээр эрүүл гэдгээ мэдэгдсэн байна.

Эх сурвалж: www.polit.mn

  • Шинэ
  • Их уншсан