Соvid-19 ба их спорт дахь түр зогсолт

Дэлхий даяар тархсаар буй коронавирус мэргэжлийн спортын салбарт урьд өмнө гарч байгаагүй их хохирлыг учрууллаа. Улс орнуудын аварга шалгаруулах тэмцээний тоглолтууд хойшлогдож, багууд хөл хорионд орж, үзэгчидгүй тоглолтууд болсоор байна. Түүнчлэн энэ оны спортын гол үйл явдлууд болох зуны Олимпын наадам, Аваргуудын лигийн шувтаргын тоглолтууд, Европын аварга шалгаруулах тэмцээний хувь заяа хэрхэх бол гэдгийг хэн ч урьдчилан хэлж чадахгүй байгаа бөгөөд эдгээр тэмцээнийг хойшлуулах магадлал өндөр болжээ.
 
Үндэсний сагсан бөмбөгийн холбоо /NBA/
 
Хэдэн өдрийн өмнө “Юта”-д тоглодог Францын сагсан бөмбөгч Руди Гобер коронавирусийн халдварын тархалтын талаар тоглоом шоглоомын үг хэлж, хэвлэлийн хурлын дараа ширээн дээр байсан бүх микрофоныг тоншиж үзэж байсан билээ. 12-ны өдөр түүний болон түүнтэй хамт нэг клубт хамт тоглодог Эммануэль Мудиай гэдэг хөлбөмбөгчний шинжилгээний хариу эерэг гарчээ. 
Энэ өдөр NBA-гийн удирдлага лигийн улирлын тоглолтуудыг тодорхойгүй хугацаагаар зогсоох шийдвэр гаргасан байна. Багуудын зарим тоглогчид хөл хорионд орсон бол зарим нь өөрийгөө гэр орондоо тусгаарлаад байгаа ажээ. Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Лигийн аварга  шалгаруулах тэмцээнийг хэрхэн дуусгах вэ гэдгийг хэн ч хэлж мэдэхгүй байгаа бөгөөд урьд нь ийм тохиолдол гарч байгаагүй юм. Одоохондоо хоёр долоо хоногийн хугацаагаар тоглолтуудыг түр зогсоохоор шийдвэрлэжээ. 
NBA-гийн шийдвэр гарснаас хойш хоног ч өнгөрөөгүй байхад сагсан бөмбөгийн Евролигийн удирдлага тэмцээнээ зогсоох тухай мэдэгдлээ. Хойд Америкийн бейсболийн лиг /MBL/ ч мөн адил 2020 оны улирлын тоглолтын нээлтийг наанадаж 2 долоо хоногоор хойшлуулсан байна.    
 
Үндэсний хоккейн лиг /NHL/
 
Коронавирусийн аюулаас болгоомжилсон Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн удирдлага лигийн аварга шалгаруулах тэмцээнийг зогсоосон байна. “Зохимжтой цаг ирэнгүүт тоглолтуудыг сэргээх нь бидний зорилго. Бид тоглолтын улирлыг дуусгаад Стэнлийн цомоо гардуулж өгөх болно” гэж NHL-ийн тэргүүн Гэри Бэтмен ярилаа. Гэсэн хэдий ч хоккейн тэмцээн ямар хугацаагаар хойшлогдож байгаа нь тодорхойгүй хэвээр.
 
Формула-1
 
Энэ сарын 14-15-ны өдрүүдэд болох ёстой Австралийн Гран-приг хойшлуулах нь үндсэндээ тодорхой болжээ, учир нь уг уралдааныг явуулахыг тамирчид эсэргүүцэж байгаа аж. “Яах гэж бид энд ирсэн юм бэ, яагаад ийм олон хөгжөөн дэмжигчид байгаа юм бэ гэдгийг огт ойлгохгүй байна” гэж Льюис Хэмилтон ярьжээ.
Формула-1-д оролцохоор ирсэн хоёр багийн 5 гишүүнийг 12-ны өглөө Мельбурн хотод хөл хорионд оруулжээ. Дараа нь үд дундын үед “Макларен” багийн нэг гишүүн коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон байна. Энэ явдал болохоос өмнөхөн Австралийн эрх баригчид мэдэгдэхдээ “халдварын ганцхан тохиолдол илрэхэд л уралдааныг цуцална” гэж байсан юм. Вьетнам ба Бахрейнд болох ёстой “Формула-1” уралдааны дараагийн хоёр үе шат явагдах эсэх нь эргэлзээтэй болжээ. 
 
Аваргуудын лиг
 
“Ливерпуль” ба “Атлетико” багуудын “Энфилд” цэнгэлдэх хүрээлэнд болох тоглолт нь дүүрэн үзэгчтэй сүүлчийн тоглолт байж магадгүй.
Өмнө нь “Валенсия”, “Аталанта” багууд Испанид үзэгчидгүйгээр тоглосон бол дараа нь “Пари Сен Жермен”, Дортмундын “Боруссия” багууд мөн ийм тоглолт хийсэн байна. Парисын багийг дэмждэг 3 мянга гаруй хөгжөөн дэмжигчид цэнгэлдэх хүрээлэнгийн гадаа цуглаж, “Бидний цорын ганц вирус бол ПСЖ” гэсэн баннераа цэнгэлдэх дотор өлгөсөн байжээ.
Ойрын үед Аваргуудын лигийн тоглолтуудыг нэг эсвэл хэд хэдэн долоо хоногийн хугацаагаар зогсоох тухай мэдэгдэж магадгүй байна. Хамгийн ойрын үед болох ёстой “Реал”-“Манчестер Сити”-гийн тоглолтыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ.
Европын Лиг
 
Энэ лигт Аваргуудын лигт болсонтой адил үйл явдал өрнөж байна. Тухайлбал, “Рома”, “Севилья” хоёр хоорондоо тоглох боломжгүй болжээ. Учир нь, Испани улс Италитай агаарын харилцаагаа зогсоосон бол Италийн хөрш  бусад улсууд бүгд ийм шийдвэр гаргаад байна. Иймээс “Рома” багийнхан тоглолт болох газарт очиж чадсангүй. Яг ийм шалтгаанаар Милан хотод хийхээр товлосон “Интер” ба Испанийн “Хетафе” багуудын тоглолт цуцлагдсан байна. 
УЕФА-гийн зүгээс ирэх оны тэмцээнд оролцуулна гэсэн болзлыг хүлээн авч сайн дураараа тэмцээнээс гарахыг Испани, Италийн багуудад уриалсан боловч тус хоёр клуб татгалзжээ.  Харин 12-ны орой Шотланд, Бельгид болох ёстой тоглолтууд товлосны дагуу явагдсан байна. 
 
Сери А, Итали
 
Вирусийн халдварт хамгийн ихээр өртсөн Италид хөлбөмбөгийн улсын аварга шалгаруулах тэмцээн түр зогсоод байгаа бөгөөд тоглолтуудыг дуусгах эсэх нь эргэлзээтэй болжээ. Хөлбөмбөгийн албаны хүмүүс хэд хэдэн хувилбарыг судалж байгаа ба тэдгээрээс хамгийн өргөн хэлэлцсэн хувилбараар бол эхний 4 баг Аваргуудын лигт орж, сүүлчийн 3 нь хасагдах нь. Гэтэл тэмцээн дуусах хүртэл 12 тойргийн тоглолтууд үлдээд буй энэ үед дээрх хувилбар нь спортын шударга зарчимд харшилж байна.
 
12-ны өдөр Турины “Ювентус” багийн хамгаалагч Даниэль Ругани халдвар авсан нь тогтоогдсон учраас багийн бүх тоглогчийг хөл хорионд оруулж тусгаарлаад байна. “Ювентус”-тай хамгийн сүүлд үзэгчгүй тоглолт хийсэн “Интер” баг бэлтгэл сургуулилтаа зогсоож, тамирчдыг гэр гэрт нь явуулжээ. Мөн өдрийн орой Сери А-д тоглож буй Маноло Габбьядини гэдэг хөлбөмбөгчин коронавирусийн халдвар авсан нь тодорхой болсон байна.
 
Примера, Испани
 
Сагсан бөмбөгийн “Реал Мадрид” багийн нэг тамирчинд коронавирус илэрсний дараа хөлбөмбөгийн “Реал” багийн бүх тамирчдыг хөл хорионд оруулсан байна. Испанийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг одоогоор 2 долоо хоногийн хугацаагаар зогсоожээ. 
 
Бундеслиг,  Герман
 
Ойрын үед болох ёстой хоёр тойргийн тоглолтуудыг үзэгчидгүйгээр явуулах ба телевизээр үнэгүй үзүүлэх ажээ. “Ханновер” багийн хоёр тоглогч коронавирусийн халдвар авсны дараа тус клубын удирдлага ойрын үед болох тоглолтуудыг хойшлуулах хүсэлт гаргах бололтой.
 
Премьер-лиг, Англи
 
Тус улсад нөхцөл байдал нэлээд ээдрээтэй байна. Гэхдээ үзэгчидгүй тоглолтууд болоогүй ба зөвхөн “Арсенал”- “Манчестер Сити” багуудын тоглолтыг хойшлуулжээ. Учир нь, вирусийн халдвар авсан Грекийн “Олимпиакос” клубын эзэн Эвангелос Маринакис “Арсенал”-ын удирдлага ба тоглогчидтой уулзалт хийсэн байна. Гэхдээ одоохондоо байдал түр зууртаа нам гүм. Хамгийн сүүлийн мэдээллээр, Английн хөлбөмбөгийн холбоо улсын аварга шалгаруулах тэмцээний бүх тоглолтыг үзэгчидгүйгээр явуулах байр суурьтай байгаа ажээ. Олон хүн цугларахаас сэргийлэх үүднээс эрх баригчид пабуудад хөлбөмбөг үзүүлэхийг хориглох шийдвэр гаргахаар төлөвлөж байна.
12-ны өдөр “Лестер” багийн 3 тоглогчид коронавирусийн халдварын шинж тэмдгүүд учраас хөлбөмбөгийн албаны хүмүүс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах асуудлыг дахин хэлэлцэхээс аргагүйд хүрчээ.    
 
ОХУ-ын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн
 
5 мянгаас дээш тооны хүн оролцсон олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хязгаарласан шийдвэр одоогоор зөвхөн Москва хотод хэрэгжиж байна. Тус хотын хөлбөмбөгийн клубууд ийм тооны үзэгчидтэй тоглолтуудыг талбай дээрээ явуулахаар төлөвлөжээ. Үүнтэй холбогдуулан  Sports.ru цахим хуудасны хэрэглэгчид бичихдээ “ийм цөөхөн тооны хүмүүсийг коронавирус огт тоохгүй” гэж хошигнож байна. Ерөнхийдөө улирлын тоглолтын тасалбарыг худалдан авсан үзэгчдийг цэнгэлдэх хүрээлэнд нэвтрүүлэх аж. Москвагийн ЦСКА баг мэдэгдэхдээ “тоглолтыг хэн үзэх, хэн үзэхгүй вэ гэдгийг сугалаагаар тодруулна” гэжээ.
 
Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн /ЕАШТ/
 
2012 онд УЕФА-гийн Ерөнхийлөгч асан Мишель Платини-гийн дэвшүүлсэн саналаар бол Европ тивийн улсууд нэгдсэнийг тэмдэглэхийн тулд тивийн аварга шалгаруулах тэмцээнийг нэг эсвэл хоёр улсад бус харин 12 улсад зэрэг зохион байгуулахаар байжээ. Харин 2020 оны хувьд энэ нь тийм ч аятайхан санал биш ээ. 
УЕФА-гийн удирдлага тивийн аваргын тэмцээнийг товлосон хугацаанд нь явуулна гэж байгаа аж. Харин үндэсний хөлбөмбөгийн холбоодын хувьд, улсынхаа аваргыг тодруулах нь илүү чухал байгаа учраас УЕФА-гийн байр суурийг эсэргүүцэх бололтой. Тэгээд ч коронавирусийн улмаас дотоодын тэмцээнүүд наад зах нь 2-3 долоо хоногоор хойшлогдоод байгаа билээ.
Клубуудын болон шигшээ багуудын дасгалжуулагчдын хувьд “хүмүүсийн эрүүл мэнд бол хэн аваргалах, хэдий хэмжээний мөнгө олох гэдгээс илүү чухал” гэсэн санаагаа илэрхийлж байна. Европын хөлбөмбөгийн албаны хүмүүс 17-ны өдөр хуралдаж, улсын аварга шалгаруулах тэмцээнүүд ба ЕАШТ-ний талаарх эцсийн шийдвэрийг гаргах ажээ.
 
Токио-2020
 
Зуны Олимпын тоглолтыг зохион байгуулах талаар тодорхой шийдвэр гараагүй байгаа боловч тамирчид төлөвлөгөөний дагуу уралдаан тэмцээндээ бэлтгэсээр байна. Олон улсын Олимпын хорооны албаны хүмүүсийн хувьд, Олимпыг үзэгчидгүйгээр явуулахыг зөвшөөрөхгүй нь ойлгомжтой. Учир нь, үзэгчидгүй Олимпоос хүлээх санхүүгийн алдагдал 1 тэрбум долларт хүрэх ажээ. Харин Олимпыг нэг жилээр хойшлуулах магадлал бол бий.
Токио-2020-д бэлтгэх Гүйцэтгэх хорооны дарга Харки Такахаши-гийн ярьснаар бол, Япон улс Олимпын тоглолтыг нэг эсвэл хоёр жилээр хойшлуулахыг байж болох асуудал гэж үзэж байгаа аж.
 
Эх сурвалж: Монцамэ агентлаг

  • Шинэ
  • Их уншсан