Т.Хэнкс, Р.Уилсон нар эмнэлгээс гарчээ

Америкийн жүжигчин Том Хэнкс, түүний гэргий Рита Уилсон нар коронавирусний эмчилгээ хийлгэснийхээ дараа Австралийн эмнэлгээс гарчээ. Тэдний коронавирусний шинжилгээний хариу өнгөрсөн долоо хоногт "эерэг" буюу халдвартай гарсан юм.

 
Цаашид хос Квинсленд муж дахь түрээсийн байрандаа өөрсдийгөө тусгаарлахаар болжээ. Өдгөө 63 настай Т.Хэнкс домогт дуучин Элвис Преслигийн тухай кинонд тоглохоор эхнэрийн хамт Австралийн Голд-Кост хотод очсон байжээ. Одоогийн байдлаар уг киноны зураг авалтыг түр хугацаагаар зогсоожээ. 
Австралид коронавирусний халдварын 375 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд Т.Хэнксийн байрлаж байгаа Квинсленд мужид 68 тохиолдол илэрсэн гэж тус улсын Эрүүл мэндийн газраас мэдээлсэн байна.
 
"Австралид ирсэн бүх хүнийг 14 хоногийн турш өөрийгөө тусгаарлахыг үүрэг болгосон" гэж тус улсын Ерөнхий сайд Скотт Моррисон даваа гарагт мэдэгджээ. Мөн аяллын хөлөг онгоцнуудыг Австралид зогсохыг 30 хоногийн турш хориглосон бол сургуулиудын сургалт хэвийн үргэлжилж байгаа аж. 
  
Эх сурвалж: Монцамэ агентлаг

  • Шинэ
  • Их уншсан