Ю.Гагарины гэргий таалал төгсчээ

Хүн төрөлхтний түүхэнд анх удаа сансарт зам мөрөө гаргасан нисгэгч Юрий Гагарины гэргий Валентина Ивановна Гагарина энэ мягмар гаригт 85 настайдаа таалал төгсчээ. Энэ талаар Сансрын нисгэгчдийг бэлтгэх төвийн эх сурвалжаас ишлэн ТАСС агентлаг мэдээлсэн байна. ОХУ-ын сансрын судалгааны байгууллага болох Роскосмос ч эмгэнэл илэрхийлсэн байна.

Валентина Ивановна Гагарина 1935 оны арванхоёрдугаар сард Оренбургт ажилчны гэр бүлд төрсөн, 1958 онд Оренбургийн эмнэлгийн дунд сургуулийг дүүргэжээ. 1960 оноос эхлэн 1990 онд гавьяаныхаа амралтад гарах хүртлээ Москвагийн ойролцоох нислэгийн удирдлагын газрын эрүүл мэндийн төвд ажиллажээ.

Нөхөртэйгөө оюутан ахуй цагтаа танилцаж, 1957 онд тэд гэрлэж, хоёр охинтой болсон байна. 1968 онд нөхрөө нас барснаас хойш зөвхөн дэлхийн анхны сансрын нисгэгчтэй холбоотой олон нийтийн арга хэмжээнд оролцохоос бусдаар хэвлэлд ярилцлага өгөхөөс татгалзаж, нам гүм амьдрах болсон аж. Харин 1986 онд Валентина Ивановна Гагарина дурсамжийн номоо "108 минут и вся жизнь" гаргажээ. Тэрээр амьдралынхаа сүүлийн жилүүдэд Москвагийн ойролцоо Оддын хотхонд амьдарч байжээ.

Тэдний том охин Елена 1959 онд төрсөн бөгөөд одоо “Москвагийн Кремль” музейн захирлаар ажилладаг бол 1961 онд төрсөн бага охин Галина нь Г.В.Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн их сургуульд тэнхимийн эрхлэгчээр ажилладаг байна.

Эх сурвалж: www.polit.mn

  • Шинэ
  • Их уншсан